Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэх хугацаа тодорхойгүй байна

 

        Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор энэ жил нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн бүртгэлийг ирэх наймдугаар сар хүртэл хойшлуулсан гэх мэдээллийн дагуу нийслэлийн Боловсролын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Болдбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

 

-Нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн бүртгэлийг хойшлуулсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

 

-Сонгуультай холбоотой сургуулийн бүртгэл хойшилсон зүйл байхгүй. Нийслэлийн Боловсролын газраас жил бүр суралцагчаа хамруулан авах тойргийг шинэчлэн тогтоодог. Мөн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийг хэрхэн элсүүлэх талаар Боловсролын газрын даргын зөвлөмж гаргадаг. Тэр элсэлтийн зөвлөмжийг харгалзан тодорхой хугацаа зааж, бүртгэлийг эхлүүлнэ.

 

-Хэдэн сард бүртгэх вэ?

 

-Ер нь тавдугаар сарын эхээр бүртгэдэг. Энэ жилийн хувьд товлосон хугацаа хараахан гараагүй байна. Зөвлөмжийн дагуу төрийн өмчийн сургуулиуд нэг өдөр бүртгэлээ хийнэ. Үүнд багагүй зохицуулалт хийх шаардлагатай. Тухайлбал, эцэг эхчүүд нь бичиг баримтын зөрчилтэй, тойргийн бус хэрнээ хүүхдээ заавал энэ сургуульд оруулна гэж зүтгэдэг учир зөвлөмжөөр зохицуулж өгдөг.

 

-Хараахан зургаан нас хүрээгүй хүүхдийг бүртгэх үү?

 

-Яг зургаан настай хүүхдээ л авна. Түүнээс биш таван нас найман сартай ч гэдэг юм уу, сарын дараа зургаан нас хүрэх хүүхдийг авахгүй. Долоон нас хүрсэн хүүхдийг яагаад хоцорсон шалтгааныг нь тогтоож нэгдүгээр ангид элсүүлнэ.

 

-Энэ жил хэчнээн хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох вэ?

 

-Өнгөрсөн жил 27 мянган зургаан настай хүүхэд байгаа гэх судалгаа байсан ч 29 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон. Энэ жил 30 гаруй мянган хүүхэд нэгдүгээр ангид орох тооцоотой байна.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)