Ц.Хуяг: “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг арилжаалах нь хууль бус үйлдэл

 

        Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг “Урт цагаан”-ы урд 880 мянган төгрөгөөр худалдан авч байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ мэдээллийн мөрөөр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуягтай ярилцлаа.

 

-Иргэдийн дунд 1072 ширхэг хувьцааг бэлэн мөнгөөр авч байна гэсэн мэдээлэл ойрын өдрүүдэд гарах боллоо. Энэ үнэн үү?

 

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг бэлэн мөнгөөр авч байна гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд тархах боллоо. Бас хувьцааны данс нээх хугацаа дөрөвдүгээр сарын 1, 15-нд дуусна гэх зэргийн цуу яриа дэгдэж байна. Дээрх мэдээллүүд худлаа болохыг албан ёсоор хэлье. Данс нээх тухайд ямар ч хугацаа заагаагүй. Гадуур тархаад буй хувьцаа арилжиж, худалдаалж байна гэх яриа бол байж болохгүй зүйл. Учир нь, эрх бүхий байгууллагаас санал болгож, арилжаалж эхлээгүй байгаа шүү дээ. Санхүүгийн зохицуулах хо роонд мэдэгдээгүй, Хөрөн-гийн биржид бүртгээгүй хувьцааг олон нийтэд санал бол-гож арилжаалахыг хуулиар хориглодог. Тиймээс Үнэт цаасны зах зээлийн хууль зөрчсөн асуудал тул иргэд үүнд болгоомжтой хандахыг сануулья.

 

-Иргэдийн дунд зарим газарт хүүхэд 2000, том хүнд 5000 төгрөгөөр данс нээнэ. Олон хүн бөөнөөрөө ирвэл 4000 төгрөгөөр нээж өгнө гэх яриа байна?

 

-Дансыг яг төдөөр нээнэ гэсэн албан ёсны зохицуулалт байхгүй. Олон хүнд данс нээхэд хураамжийг багасгах мэт урамшуулал олгох нь тухайн бизнесийн байгууллагын л асуудал.

 

-Хөдөө орон нутгийн иргэд дансаа хэрхэн нээлгэх вэ?

 

-Ер нь үнэт цаасны данс нээх эрх бүхий 60 компани үйл ажиллагаа явуулж байна. Аймаг бүрт үнэт цаасны нэг компани байдаг. Иргэд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв хэмээх байгууллагын цахим вэб хаягаар ороод регистрийнхээ дугаарыг хийж 1072 ширхэг хувьцаатай байна уу үгүй юу, үнэт цаасны данс нь нээгдсэн эсэх мэдээллийг авах боломжтой. Хэрвээ дансаа нээлгэсэн бол үнэт цаасны компанитай холбогдож харилцах эрхтэй. Харин нээлгээгүй бол сайтаас үнэт цаасны компаниудын жагсаалтыг хараад дансаа нээлгээрэй.

 

-Зарим иргэний хувьцааны тоо өөр өөр байна. Энэ талаар тодруулна уу?

 

-Иргэдийн зүгээс 1072 ширхэг хувьцаа байх ёстой атал яагаад 536 болчихсон юм бэ гэх мэтийн асуулт их ирдэг. Иргэд Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор дөрвөн төрлөөр Хүний хөгжил сангаас хишиг хувь хүртсэн. Үүнд, 2011, 2012 онд оюутны сургалтын төлбөр, 2011 онд эрүүл мэндийн даатгал хэлбэрээр, ахмад болон хөгж-лийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгосон. Тэгэхээр дээрх иргэдийн хувьцааг хасч тооцож байгаа. Тухайлбал, 2014 онд эрүүл мэндийн даатгал хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэдийн 1072 хувьцааг нэг сая төгрөгт дүйцүүлээд 8040 төгрөгийг нь есөн ширхэг гэж үзээд 1063 үлдэж байгаа юм. Хэрэв сургалтын төлбөрт ороогүй хэрнээ хасагдсан бол тухайн үед сурч байсан сургуулиасаа сургалтын төлбөрөө өөрөө төлсөн гэсэн тодорхойлолт аваад Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулаад лавлах боломжтой.

 

-Иргэд хувьцаагаа хэзээнээс арилжих боломжтой вэ?

 

-Иргэдийн хүлээж буй зүйл бол яахын аргагүй хувь цаагаа арилжих. 2010, 2011 оноос хойш таван жил өнгөрлөө. Өнгөрсөн хуга цаанд хувьцааг тойрсон хэл, ам их гарч, үнэ цэнээ алдчихлаа. Мэргэжлийн Үнэт цаас арилжаалагчдын хол бооны зүгээс оролцогч байгууллагуудтай энэ талаар ярилцаад явж байна. Эрдэнэс Тавантолгойгоос“Зах зээлд нүүрсний салбар уначихсан байна. Тиймээс бид тухайн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэхэд эдийн засгийн хувьд таатай нөхцөл биш байна” гэсэн үндэслэлээр судалгааны төвшинд, бэлтгэл ажлын хүрээнд яриа хэлцэл хийж байгаа.

 

-Үнэт цаасны данс нээснээр зөвхөн энэ удаа ашиглаад л идэвхгүй болох уу?

 

-Үнэт цаасны данс нээх гэдгийг иргэд зөвхөн 1072 хувьцааны данс гэж ойлгоод байх шиг байгаа юм. Гэтэл тийм биш. Үнэт цаасны данс нээлгэснээр Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувь цаат компаниудын бүхий л хувьцаанаас худалдаж авах, арилжаалах боломж нь нээлттэй болдгийг ойлгоорой. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн биржид арилжаалж буй “АПУ”, “Говь” гэх мэт компанийн хувьцааг худалдаж авах боломжтой. Өнөөдөр бид мөнгө авна гэж шуурахаасаа илүүтэй хувьцааны дансаа нээлгэчихээд тухайн үнэт цаасны компаниараа дам-жуу лаад хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болох хэрэгтэй.

 

-Одоо хэчнээн иргэн хувьцаа эзэмшиж байгаа вэ?

 

-Өнөөдрийн байдлаар Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д хоёр сая 475 мянга 201 иргэний хоёр тэрбум таван зуун тавин сая ширхэг хувьцаа хадгалагдаж байна. Мөн 553 аж ахуйн нэгжид 8.4 сая ширхэг хувьцаа байна гэсэн мэдээлэл бий.

 

-Сүүлийн жилүүдэд төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшиж байгаа юу?

 

-Зарим иргэн манай хүүхэд 1072 хувьцаа эзэмшиж байгаа юу, үгүй юу гэж асуудаг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол 2012 онд гарсан байдаг. Хуулийн төсөлд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болон энэ өдрөөс өмнө төрсөн хүүхдүүд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувь цааг эзэмшинэ гэсэн байдаг.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)