Бразилчууд “Төмөр хатагтай”-гаа дэмжин жагсчээ

        Бразилийн ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг парламентын гишүүд дэмжиж байгаа энэ үед Дилма Руссефф суудалдаа үлдэх сүүлчийн аргаа хэрэглэж, дээд шүүхээс санал хураалтыг хойшлуулахыг хүсчээ. Түүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар Бразилийн парламентын доод танхимд санал хураалт явуулахаар болсон юм. Улмаар Дилма Руссеффыг хариуцлага алдсаных нь төлөө шүүхэд татахыг тус улсын парламентын доод танхимын гишүүдийн 224 нь дэмжиж, 72 нь эсэргүүцэж, дөрвөн депутат түдгэлзүүлжээ. Бразилийн ерөнхийлөгчийн хариуцлагад татах эсэх асуудлаарх хууль тогтоогчдын эцсийн шийдвэр орон нутгийн цагаар 22.00 цагт гарах аж. Дилмаг ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулахын тулд парламентын доод танхимын гишүүдийн гуравны хоёр нь буюу өөрөөр хэлбэл, 342 депутат дээрх санаачлагыг дэмжсэн байх ёстой. Хэрвээ ерөнхийлөгчийг хариуцлагад татахыг дэмжигчдийн тоо цөөн байвал үйл явцыг зогсоох юм. Үйл явц цааш үргэлжилсэн тохиолдолд төрийн тэргүүнийг огцруулах эсэх талаарх эцсийн шийдвэрийг парламентын дээд танхим буюу Сенатын танхим гаргах ажээ. Харин Дилма Руссеффыг огцруулахгүй гэсэн иргэд Бразилиа хот дахь Парламентын ордны өмнө өчигдөр цуглаж доод танхимын гишүүдийн шийдвэрийг эсэргүүцжээ. Мөн Сан Паулу, Рио де Жанейро хотод олныг хамарсан жагсаал болж иргэд “Төрийн эргэлтэд үгүй гэж хэлье” зэрэг уриа барин жагсчээ. Жагсаалд Бразилийн удирдагч асан, одоогийн ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Лула да Силва, алдартай жүжигчид, уран бүтээлчид оролцсон байна. “Итар-Тасс” агентлагийн мэдээлснээр жагсаалд ойролцоогоор 50 мянган хүн оролцжээ. Дилма Руссеффыг огцруулах санал энэ оны өмнөхөн гарчээ. Тэрбээр 2011 оноос Бразилийн Ерөнхийлөгчөөр ажилласан ба өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр явуулснаар улсынхаа ядуурлыг бууруулсан билээ. Мөн иргэдийнхээ ажилгүйдлийн төвшинг бууруулан, цалингийн доод хэмжээг урьд өмнө нь байгаагүй хувиар нэмжээ. Харин сүүлийн хоёр жилд “Петро-брас” компанийн авлигын хэрэг, 2016 оны зуны олимпын наадмын зохион байгуулалт зэргээс үүдэн улс орны эдийн засгийн байдал хурцдаж, ерөнхийлөгчийн суудлаасаа огцроход хүрээд байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)