Оросуудаас суралцъя

 

        ОХУ-ын Новосибирскийн их сургуулиас санаачлан2000 оны эхэн үеэс“Бүх нийтийн цээж бичиг” хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг болжээ. Үүнд нас хүйс, ажил мэргэжил, боловсролын төвшин харгалзалгүй хүссэн хүн бүхэн оролцох боломжтойгоороо онцлог юм. Энэ нь орос хүн бүр төрөлх хэлнийхээ мэдлэгийг шалгаж, зөв бичих зүйд суралцах сайхан сургууль болдог байна. Үүнээс санаа авч, манайд ч олон нийтийг хамруулсан ийм арга хэмжээг жилдээ ядаж нэг удаа зохион байгуулчихад болохгүй гэх газаргүй мэт санагддаг. Өнөөдөр монгол хэлний үгийн сан хомсдож, цөөнгүй үгийг хэрэглээнээс хасч, аливаа үгийг өөрийн үзэмж, таавраар бичдэг болчихсон байна. УИХ-ын гишүүн, өндөр дээд албан тушаал хашиж байгаа, байсан хүмүүсийн гар бичмэлийг(тэр нь голдуу хуулийн байгууллагад хандсан тайлбар хүсэлт, эсэргүүцлийн бичиг, ард олонд хандсан уриалга байх) сошиал ертөнцийн хуудаснаа ил цагаан тавьчихдаг болж. Түүнийг харж байхад үг үсгийн алдаа хэдэн арваараа байх юм. Дээд боловсролтой, хэд хэдэн гадаад хэл эзэмшсэн гэж гайхуулах зарим нэгний твиттер, фэйсбүүкээр бичсэн зүйлийг ухаж ойлгох нь байтугай уншихад ч аймаар. Дунд сургуулиар дамжаад их дээдийг нь дүүргэсэн гэх сэхээтнүүд эр, эм үгийн(-ий, -ы) нөхцөлөө ч ялгахгүй, аль таарсан үгэндээ залгаж бичих нь энүүхэнд. Уг нь иймэрхүү бүдүүлэг, зохисгүй байдлыг эмхэлж цэгцэлж байх боловсролын байгууллага, цаашлаад Төрийн хэлний зөвлөл гэхчилэн шат шатны албан газар цөөнгүй ч эх хэлний дархлаа, хөгжил, бүх нийтийн боловсролын талаар даанч хангалтгүй ажиллаж байна. Тиймээс“Бүх нийтийн цээж бичиг”-ийг нэг удаа ч болов зохион байгуулж, иргэдийнхээ хэлний мэдлэг, чадварыг өөрсдөд нь мэдүүлэхэд буруудах юу байх билээ. Тухайн жилийн цээж бичгийн эх сэдвийг Орост Боловсролын яам нь бэлтгэж баталдаг юм байна. Манай хувьд энэ зэргийн ажлыг зохион байгуулчих ТББ ч олон бий гэдэгт найдаж байна.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.26.192.43)

    2016-04-20

    Орос хэлний дүрэм дал наяад онд хэрэглэгдэж байснаараа одоо ч өөрчлөгдөөгүй байна.Гэтэл монгол хэлний дүрэм энэ хооронд хэд хэдэн удаа өөрчлөгдөөд авсан боловч одоо хүртэл зөв бичиж чаддаггүй хүмүүс их байна.Төрөлх хэлээ зөв сураагүй байж гадаад хэлээр зөв бичиж чадаж байгаа болов уу.