Д.Энхжаргал: Нэг ангийн найман хүүхэд улаанбурханаар өвчилсөн

 

-ГЭХДЭЭ ӨНГӨРСӨН ХОЁРДУГААР САРД ШҮҮ ДЭЭ-

 

        11 дүгээр дунд сургуулийн сурагчид улаанбурханаар өвчилсөн эсэх талаар захирал Д.Энхжаргалаас тодрууллаа.

 

-Танай сургуулийн10 дугаар ангийн арав гаруй сурагч улаанбурханаар өвчилсөн мэдээлэл байна. Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ?

 

-Сайтуудад зөрүүтэй мэдээлэл гарч байна. Өнгөрсөн хоёрдугаар сард манай сургуулийн нэг ангийн найман хүүхэд улаанбурханаар өвчилсөн. Тухайн үед бид шинэ сургуульдаа орж амжаагүй 31 дүгээр сургуульд хоёр ээлжээр хичээллэж байсан. Сургуулийн халаалт муу, олон хүүхэдтэй, агааржуулалт муу байсан нь улаанбурхан гарахад нөлөөлсөн байх. Дээрх сурагчдыг эмчийн зааврын дагуу эмчилгээнд хамруулж, хэвтрийн дэглэм сахиулснаар одоо бүрэн эдгэрсэн. Улаанбурханаар анх өвчилсөн хүүхэд ээлжийн амралтаар гэртээ байхдаа дүүгээсээ халдвар авсан юм билээ. Түүнээс хойш зургаа, долдугаар анги тус бүрээс нэг, есдүгээр ангийн хоёр сурагч халдвар авч өвчилсөн. Өнгөрсөн долоо хоногт халдвар авсан есдүгээр ангийн хоёр хүүхэд гэртээ эмчилгээ хийлгэж байгаа.

 

-Улаанбурханаар өвчилсөн хүүхдүүдийг вакцинд хамруулахаар ХӨСҮТ-д очиход “Вакцин байхгүй гээд буцааснаар халдвар улам дэгдсэн” гэх мэдээлэл байна?

 

-Дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-өөс өнөө өглөө асуусан. ХӨСҮТ-ийн Сайн дурын вакцинжуулалтын төвд10 мянган төгрөгөөр вакцин хийж байгаа гэнэ. Харин өрхийн эмнэлэгт вакцин байхгүй учраас улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эмч нар зөвлөгөө өгч байгаа гэсэн.

 

-Өнөөдрийн байдлаар улаанбурханаар өвчилж, чөлөөтэй байгаа хоёр сурагч л бий гэж ойлгож болох уу?

 

-Тийм. Өвчлөөд гэртээ дөрөв хоночихоод өнөөдөр/өчигдөр/ амны хаалт зүүгээд хичээлдээ ирсэн. Бид ангийн багш, ар гэрийнхнийг нь дуудаж уулзаад дээрх хоёр хүүхдийг хичээлээс нь чөлөөлсөн. Улаанбурхан өвчний эмчилгээний хугацаа 17-21 хоног байдаг. Гэтэл хүүхдүүд гэрийн хорионд олон хоног байхаас залхаад хичээлдээ хүрээд ирдэг. Ингэснээр бусад хүүхдэд халдварлах эрсдэлтэй.

 

-Улаанбурхан өвчин нярай хүүхдүүдэд нэлээд хүнд тусч амь насаа алдахад хүрч байна. Ахлах ангийнханд ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

 

-Хүүхдүүдийн ар гэрийнхний мэдээлж байгаагаар, 2-3 хоног хүчтэй халуураад тууралт намжиж байгаа гэсэн. Хамгийн гол нь эцэг, эхчүүд улаанбурханаар өвчилсөн хүүхдүүдийг гэрийн хорионд байлгаж, эмчийн зааврыг сайн сахих хэрэгтэй. Халуун буурч, тууралт намжсан нь бүрэн эдгэрсэн гэсэн үг биш болохыг ойлгох хэрэгтэй байна.

 

Б.Дэлгэр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Zzzz (103.57.93.144)

    2016-04-20

    Zavaarsiimaa surguul tsetserlegee karintiilaachee tegeel haldvar taraad bhiin!!!?

  • (103.57.94.152)

    2016-04-20

    БОЛЬЁ ОО

  • zochin (202.126.89.197)

    2016-04-20

    hicheel surguuli haaj boldoggvi yum bolow uu aimaar b.na