Улстөржилгүй Уралдуулаасай...
- 2016-04-25
- Үнэн
- 0

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороод аймаг, нийслэлд байгууллагдав. Энэ удаад сонгуулийн хороодыг Төрийн үйлчилгээний болон Төрийн захиргааны албан хаагчид бүрдүүлсэн байна. Амьдрал баян болохоор тэднийг ямар нэгэн шалгуураар төрийн албанд шургуулсан улс төрийн нам гэж том байгууллага араас нь удирдаж байж болохыг иргэд ярьдаг ч, үүнийг баталж УИХ-ын гишүүн байсан хүн сонгуулийн хороог удирдаж эхэллээ. Тухайлбал: нийслэлийн сонгуулийн хороог УИХ-ын гишүүн асан Ё.Гэрэлчулуун удирдаж даргалах нь. Энэ ч сайны дохио юу, муугийн ёр уу бүү мэд... Цаг хугацаа л харуулах бизээ. Ямартай ч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга л нийслэлээ сонгуульд оролцуулах ажлыг зохион байгуулж таарлаа. Улстөржилгүй Уралдуулаасай...
Сонгуульд оролцох иргэн бүрийн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар “...шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” гэж тунхагласан билээ. Тэгэхээр иргэд бид чинь төрийг удирдах Үндсэн хуулийн эрхээ эдэлж 4 жилд 1 удаа болдог сонгуулийн өдөрт анхаарч эхлэх нь зүй ёсны хэрэг бололтой. Хэзээ ч хүлээж байгаагүйгээр нэг хэсэг иргэд ямар нэгэн сонголтоо хийхээр догдлон хүлээж байхад нөгөө хэсэг нь сонгуульчих санаатай бөөн ажил болоод л манаргаж байгаа нь дамжиггүй.
Энэ 2 хэсэг хүмүүс удахгүй болох 6 дугаар сарын 29-ний өдөр нэгдсэн байр суурин дээр хүрч нэг тийшээ болох бизээ. Энэ өдрийг хүртэл Сонгуулийн байгууллага энэхүү сонгогч болон сонгогдох нөхдийн үйл ажиллагааг хянаж, хууль дээдлэн, ил тод байдлыг хангах, харилцан эрх тэгш шударга байх, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэж, сонгогчийн эрх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг олон зарчмыг барин ажилдаа орлоо.
УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийг Сонгуулийн төв байгууллага, Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороо зохион байгуулж, явуулдаг байна.
Сонгуулийн эдгээр байгууллагууд Монгол Төрийн жолоо атгах, Орон нутгаа авч явах дарга нарыг сонгох хариуцлагатай ажлыг зохион байгуулан уралдуулахаар нэгэнт сонгогдож, томилогдлоо.
Иргэд бид Сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүстээ итгэж байгаа, Сонгуулийн байгууллагын ажилтан нь өөрөө л намын ажил биш, төрийн ажил гэдгээ ойлгож ажлаасай. Ингэж ойлгож ажлаасай гэдэг нь Сонгуулийн байгууллагын ажлын үр дүнд бид хэн нэгэнээ хардаж, хэл ам хийлгүй сайхан сонгуульдчихаад сайхан наадамдах сайхан л биз дээ.
1990-ээд оноос хойш бид хэд хэдэн удаагийн сонгуулийн ард гарлаа. Тэдгээрээс харахад алдаа оноо аль аль нь явж л байжээ. Тухайлбал: Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нь сонгуулийн дүнгээ гаргалгүй тамга, тэмдэгээ авч зугтдаг, гарын үсэг зурдаггүй, сонгуулийн дүнд нөлөөлөхөөр оролддог, хурлаа хийдэггүй гээд нэг ёсондоо хариуцлаггүй үйлдлүүд удаа дараа гарч ирсэнийг бид бүхэн мартаагүй билээ.
Сонгуулийн байгууллагад иргэд, сонгогч бид хяналт тавьж байх бүрэн боломжтой ч төдийлөн амжилгүй өнөөг хүрсэн бол нөгөө талаасаа Төрийн бус байгууллагууд энэ үүргийг сайтар гүйцэтгэсээр иржээ. Энэ талаар Нээлттэй нийгэм форумын судалгаанаас харахад 2012 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд 8 Төрийн бус байгууллага хяналт тавьж, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлж хамтран ажилласан байдаг. Тухайлбал: Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээ, Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, МИДАС ТББ, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ, “Иргэний эрхийн гүүр төв” ТББ, Дорнод аймгийн “Дорнод нутгийн иргэдийн хөгжлийн төв зэрэг байгууллагууд ажиллажээ. Энэ 2016 онд “Сонгогчдын эрх, Шударга ёс” ТББ хяналт тавьж ажиллахаар нэлээд ажил хийгээд эхэлжээ.
Бусдынхаа төлөө санаа тавин зүтгэх эдгээр төрийн бус байгууллагуудад талархахын зэрэгцээ иргэнийхээ хувьд хариуцлагатайгаар сонгуульд оролцож ирсэн олон сайхан хүмүүст талархая.
Ийнхүү иргэд, сонгогч бидний сонгуулийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж оролцох боломжийг энэ удаад сонгуулийн байгууллага хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэж байна...
Сонгуулийн байгууллагын ажилтанд дараах баталгаа байдаг. Үүнд:
1. Сонгуулийн хороодын ажилтаныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглодог;
2. Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид тухайн төрийн байгууллага цалинтай чөлөө олгодог;
3. Сонгуулийн байгууллагын ажилтан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд аливаа этгээд хөндлөнгөөс хууль бусаар оролцох, саад учруулахыг хориглосон.
Сонгуулийн байгууллагын ажилтанд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Үүнд:
1. Сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах;
2. Сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах;
3. Сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдох;
4. Санал хураах, тоолох ажилд саад хийх;
5. Бусдыг төлөөлж санал өгөх гэх зэрэг 10 гаруй үйлдэл, үйл ажиллагааг хориглосон байдаг.
Сонгуулийн байгууллагын ажилтаны эрх үүргийн талаар дараах зүйлийг хуульчилсан байдаг. Үүнд:
1. Сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;
2. Сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах;
3. Харьяалах сум, дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
4. Өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, албан бичигт эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгөх, шийдвэрлэх;
5. Сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох гэх зэрэг 20 орчим эрх, үүрэгтэй байна.
Сонгуулийн байгууллагын ажилтанд дараах хариуцлага ногдуулахаар хуульчилсан байдаг. Үүнд:
1. Сонгуулийн тухай хуульд тус хуулийг зөрчсөн Төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахаар зохицуулсан.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 131-д “Сонгуулийн болон бүх нийтийн санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах” гэсэн зүйл ангид Сонгуулийн байгууллагын ажилтан:
-сонгуулийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн;
-санал хураалтын дүнг зориуд буруу гаргасан;
-саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн;
-сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлсөн бол дараах хариуцлага ногдуулна.
1/ тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах;
2/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
3/ гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх хариуцлага бийг дахин сануулах нь зүйн хэрэг юм.
Сонгуулийн шударга уралдаан зохион байгуулах ажил улам бүр хариуцлагатай болж буйг бид сайн зүйл гэдэгт санал нэгдэж, ардчилсан нийгмийн шударга ёсны хэмжүүр гэдэгт итгэж байна.
Сонгуулийн байгууллага сонгуулийг зохион байгуулахдаа Хуулийн хүрээнд, иргэд, сонгогчийг хүндэтгэж, УЛСТӨРЖИЛГҮЙ УРАЛДУУЛААСАЙ ...
Эрх зүйч З.Энхболд

Сэтгэгдэл (1)
ÐÐЧÐÐ (59.153.113.138)
ÐÐРЫХÐÐ ÐÐÐРШÐРУÐС ТӨРÐÒ®Ò®ÐÐ , ÐÐÐРШÐÐ ÐУÐÐÐРХÐÐÐÐÐСÐÐ?!