А.Хулан: Бүртгэл дууссан ч хувийн мэдээллийг засч өгнө

 

         Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн А.Хулантай ярилцлаа.

 

-Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэлийн явц яг одоо /өчигдөр 11.10 цаг/ хэдэн хувьтай явж байна вэ?

 

-Бүртгэлийн хугацаа өнөөдөр / өчигдөр/ 18.00 цагт орон даяар дуусна. Одоогийн байдлаар 90 гаруй хувь буюу 37 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. Энэ ажлыг орон нутагт мөн ялгаагүй хийж байгаа. Гэхдээ ихэвчлэн алдаатай бүртгэлийг засч өгч байна.

 

-Сурагчдын олонх нь ямар зүйл дээр алдаж бүртгүүлсэн байна вэ?

 

-Хүүхдүүд цахимаар бүртгүүлэхдээ овог нэрээ үсгийн зөрүүтэй буюу буруу бичдэг. Эсвэл регистрийн дугаар, хичээл сонголтоо засуулах зэрэг шалтгаанаар ирдэг. Гэхдээ олонх нь элсэлтийн ерөнхий шалгалтад орох хичээлээ нэмж бүртгүүлж байна.

 

-Бүртгэлийн хугацааг сунгах уу?

 

-Бүртгэлийн хугацааг сунгахгүй. Харин овог нэр, регистрийн дугаарын зөрүүтэй бичилт зэрэг хувийн мэдээллийг засч өгнө.

 

-Шалгалтын бэлтгэл ажил эхэлсэн үү?

 

-Бүртгэл дуусангуут шалгалтын бэлтгэлдээ орно. Учир нь, бүртгэлд хамрагдсан хүүхдийн тоогоор суудлын дугаар, бүртгэлийн хуудас зэрэг материалыг бэлддэг.

 

-ЭЕШ-ын тов гарсан. Мөн суудлын хуваарийг шалгуулагчид хэзээнээс тараах вэ?

 

-Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги тан хим, суудлын хуваарийг батал гаа жуулсан хуудсыг өөрийн бүрт гэлийн дугаар болон нууц үгээ ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой. Шалгалтын тов өнгөрсөн долоо хоногт гарчихсан. Зургадугаар сарын 15-нд орон даяар монгол хэл бичгийн шалгалтыг эхлүүлнэ. Харин 16-нд Монгол Улсын түүх, хими, англи хэл, 18-нд газар зүй, математик, биологи, монгол хэл, 19-нд физик, нийгмийн тухай мэдлэг, орос хэлний шалгалтыг авна.

 

-Энэ жилийн шалгалтын журамд өөрчлөлт оруулсан талаар сурагчид хэр мэдээлэлтэй байгаа бол. Мэдээллийг түгээх талд танайхаас хэрхэн анхаарч байна вэ?

 

-Энэ жилийн шалгалтын журамд оруулсан өөрчлөлтийн талаар манай төвийн мэргэжилтнүүд сургуулиудаар явж төгсөгчидтэй уулзаж, ярилцахдаа тайлбарласан. Тэр үеэр мэдээллийг маш сайн өгсөн гэж ойлгож болно. Мөн бид төгсөгчдөд зориулж сонин гаргадаг. Түүгээрээ дамжуулаад сурагчдыг мэдээллээр бүрэн хангаж байна. Сонины хоёр дахь дугаар ирэх сарын эхээр гарна.

 

-Өнгөрсөн онд төгссөн төгсөгчид шалгалт өгөх сонирхолтой бол бүртгүүлж, шалгалт өгөх газраа сонгож болох уу?

 

-Өнгөрсөн жилийн батламжаар шалгалт өгч болно. Гэхдээ энэ жил монгол хэл бичгийн шалгалтаа заавал өгсөн байх шаардлагатай. Зөвхөн монгол хэл бичгийн шалгалтаа сонгоод бүртгүүлж болно. Батламжийн хүчинтэй хугацаа 2.5 жил байдаг. Өмнөх онд төгссөн шалгуулагч бүртгүүлэхдээ сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Яагаад гэхээр нэгэнт ерөнхий боловсролын сургууль төгссөн хүн хаана ч ажиллаж амьдарч байж болно шүү дээ. Тиймээс тухайн хүн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн шалгалт өгөх байраа ажиллаж амьдарч байгаа хот, аймагтаа сонгож болно. Харин энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хэрхэн шийдсэн бэ?

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ /Боловсролын үнэлгээний төв/ -д ирүүлсэн байх ёстой. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалтаа өгнө.

 

-Монгол хэл, бичгийн шалгалтыг урьдын адил бүх төгсөгч өгөх үү?

 

-Тэгнэ. Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд зарим нэг өөрчлөлт оруулсан. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны төвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой. Монгол хэл, бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д хамрагдах эрхтэй болно. Тухайн шалгуулагчийн монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгнө. Энэ батламж хуудас нь мөн 2.5 жилийн хугацаанд хүчинтэй.

 

-Шалгалтад орохдоо шалгуулагч юу юуг бүрдүүлсэн байх ёстой байдаг вэ?

 

-Хамгийн түрүүнд бүртгэлийн хуудастай байна. Түүнийгээ энэ онд ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагч аймаг, дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх ёстой. Дараа нь суудлын хуваариа авсан байна. Гуравдугаарт, бүрэн дунд боловсролын болон түүнээс дээш боловсролын бичиг баримтаа цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах бичиг баримтаа авч ирнэ. Энд нэг зүйлийг тодруулахад, цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу энэ оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсггээр баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

 

-ЭЕШ-ын хариу хэзээ гарах вэ?

 

-ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа дээрх веб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх тул шалгуулагчид хэрхэн оролцсоноо мэдээллийн хэрэгслээс харах боломжтой. Харин ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг ирэх долдугаар сарын 1-нд www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарлах юм.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)