Босогчдын толгойлогч дэд Ерөнхийлөгч болов
- 2016-05-02
- Дэлхий
- 0

Өмнөд Суданы босогчдын толгойлогч Риек Мачар улсынхаа дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдон, үүрэгт албандаа оржээ. Мачар2013 онд дэгдсэн зэвсэгт хямралын дараа нийслэлээсээ дайжсан юм. Өмнөд Суданы хүн амын цөм болох динка омог, сөрөг хүчин болсон нуэр омгийнхон хоорондоо дайтан сөргөлдсөнөөс энэ улсад зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн юм. Иргэний дайн тулааны улмаас 10 мянган хүн амиа алдаж, хоёр сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Киир нь динка омгийг төлөөлдөг бол дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Риек Мачар нь нуэр омгийн төлөөлөл юм. Тэрбээр иргэний дайнаас өмнө дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч төрийн эргэлт хийхийг санаархсан гэсэн шалтгаанаар албан тушаалаасаа огцорчээ. Өмнөд Суданд үүссэн хямралыг зогсоохоор Мачарыг албан тушаалд нь эргүүлэн тавих шийдвэрийг Салва гаргажээ. Улс төрийн энэхүү шийдвэр нь үндэстэн хоорондын хагаралдаанаас болж талцан хуваагдсан Суданыг нэгтгэх чухал үйл явц гэж ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл (0)