“Сайн оюутан” хөтөлбөр 100 тэрбумын санхүүжилттэй ч хэрэгжих эсэх нь тодорхойгүй
- 2016-05-11
- Нийтлэл
- 0

“Сайн оюутан” хөтөлбөрийг өнгөрсөн сарын 25-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталж, улмаар энэ сарын 2-ноос хэрэгжүүлэхийг холбогдох яамдад үүрэг болгосон. Өнөөдөр уг хөтөлбөрийг хэзээнээс хэрхэн яаж хэрэгжүүлэх талаарх мэдээлэл нийгэмд алга. Уг хөтөлбөрийн тухайд оюутнууд ам сайтай байгаа ч хэрэгжих эсэхэд эргэлзэж байгаа аж. Энэ талаар сурвалжлахаар МУБИС, ШУТИС, МУИС руу очиход “Ямар материал бүрдүүлж, аль банкнаас зээл авах талаар ямар ч мэдээлэлгүй байна” гэсэн хариулт оюутнууд өгч байв. МУБИС-ийн оюутан хариуцсан мэргэжилтэн Т.Ариунжин “Сайн оюутан” хөтөлбөрийн талаар мэдээлэл хомс байна.
Одоохондоо манайд өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж байсан тэтгэлгүүдийг үргэлжилж байна. Манай оюутнуудын 50 гаруй хувь нь гурваас дээш голчтой. Сүүлийн үед янз бүрийн тэтгэлэг ихээр зарлах болсонтой холбоотойгоор түүнд хамрагдах гэсэн оюутан ихэсч суралцах идэвх сайжирсан. “Сайн оюутан” хөтөлбөрийн талаар оюутнууд их асууж, сонирхож байгаа. Гэхдээ дээрээс ямар нэгэн албан ёсны мэдээлэл ирүүлээгүй учраас “БСШУЯ-ны сайтад байгаа мэдээллийг хараарай” гэж хэлээд буцааж байна” гэв. Ингээд оюутнуудын сэтгэгдлийг сонссон юм.
ЗЭЭЛИЙН ТАЛААР ОЮУТНУУД МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА
Нийгэм хүмүүнлэгийн сур-гуулийн Монгол судлалын тэн химийн монгол хэл, уран зохиолын ангийн II курсын оюутан Э.Бумцэцэг “Зээлийн талаар сонссон. Маш зөв зүйл гэж бодож байгаа. Учир нь, голч нь өндөр, онц сурдаг хэрнээ төлбөрөө төлж чаддаггүй оюутан олон бий. Хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд ихэвчлэн төлбөрөө цаг тухайд нь төлж чадахгүйгээс чөлөө авдаг. Тиймээс голч оноог харгалзсан хүү бага хэрнээ хугацаа нь урт зээл оюутан бидэнд маш их хэрэгтэй байна. Гэхдээ өнгөрсөн сард Засгийн газраас баталсан гэх “Сайн оюутан” хөтөлбөрийн талаар бидэнд мэдээлэл өгөхгүй байгаа нь хэрэгжих эсэхэд эргэлзээ төрүүлж байна” гэв. ШУТИС-ийн I курсын оюутан Э.Хонгорзул “Одоогийн нийгэмд өөрийнхөө чадвараар сурч байгаа нь ховор болчихсон шүү дээ. Аль болох мөнгөтэй нь л сэтгэл хангалуун суралцаж байна. Онц сурдаг хэрнээ сургалтын төлбөргүй хүн олон байдаг. “Сайн оюутан” хөтөлбөр нь тийм хүмүүст илүү их боломж олгох болов уу. Гэхдээ яг хэзээнээс авч, ямар материал бүрдүүлэх талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа нь эргэлзэхэд хүргэж байна. Хэрэгжүүлэх юм уу, үгүй юм уу, бүү мэд” гэсэн юм. Харин энэ талаар БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн албаны ахлах мэргэжилтэн Ж.Ганбаатараас тод руулахад “Одоохондоо хөтөл-бөрийг албажуулаагүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Өнөөдөр Төрийн банктай хамтарч ажиллах гэрээг хийх гэж байна. Ерөнхийдөө ХААН, “Голомт” банкнаас хамтарч ажиллах санал ирсэн. Цаашид хамтарч ажиллах банк байвал саналаа ирүүлж болно” гэж байлаа. Нэг хүүхдэд хоёр сая төгрөгийн зээл олгоно гэж тооцоод одоогоор 100 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ч уг хөтөлбөрийг хэзээнээс хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд баталсан тогтоол өдийг хүртэл албажаагүйн улмаас энэ сарын 2-ноос хэрэгжүүлэх хөтөлбөрийн дараа дараагийн ажил хойшилж байгаа гэнэ.
“САЙН ОЮУТАН” ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ
Бидний олж авсан мэдээллээр нийт оюутны 93 хувь буюу 150 мянга нь хувийн зардлаар суралцдагаас 51 хувь нь төлбөрөө төлсөн байна. Сургалтын төлбөр төлөх үед цалин, тэтгэврийн зээлийн хэмжээ эрс өсдөг бөгөөд сургалтын төлбөрийн 83 хувийг эндээс төлдөг гэсэн судалгааг БСШУЯ-наас гаргажээ. Тиймээс “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог хангах зорилготой юм. Манай улсад бакалаврын өдрийн ангид суралцаж буй 125 мянган оюутан байдаг ба голч нь 2.5-аас дээш 60 мянган хүүхэд байдаг байна. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай. Урт хугацаатай зээлд 10 мянга, богино хугацаатайд нь 51 мянган оюутан хамрагдах боломжтой аж. Зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Жилийн хүү нь таван хувь бөгөөд барьцаагүй байх аж. Түүнчлэн дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлэх юм байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг таван хувь болгон бууруулна.
БОГИНО ХУГАЦААНЫ ЗЭЭЛ
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрт зориулан авсан зээлийг богино хугацаатай гэнэ. Зээлд хамрагдах оюутны голч дүн 2.5 болон түүнээс дээш байх ёстой. Уг зээлийг хичээлийн улирал, жил бүрт авах боломжтой бөгөөд дахин зээл авахдаа өмнөх зээлийн үлдэгдэлгүй байх шаардлагатай. Хүүгийн болон зээлийн үндсэн төлбөрийг зээл авснаас хойш сар бүр тогтмол төлөх юм байна.
УРТ ХУГАЦААНЫ ЗЭЭЛ
Суралцах үндсэн дөрвөн жилийн хугацаанд жил бүр сургалтын төлбөрийн зориулалтаар хуримтлуулан авсан зээлийг урт хугацааных гэж үзэх юм. Зээл авах оюутны голч дүн 3.5-аас дээш бөгөөд амь насны даатгалд хамрагдсан байх шаардлагатай. Хүүгийн төлбөрийг зээл авснаас хойш сар бүр төлж, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараа гурван жил хүртэлх хугацаанд тэнцүү хэмжээгээр төлөх аж. Хэрвээ сурахыг хүсч байвал мэдлэгтэй байхаас илүүтэй мөнгөтэй байхгүй бол сургуулиа амжилттай төгсөнө гэдэг юу л бол. Сургалтын төлбөрөө төлөөгүй бол шалгалтад оруулахгүй гэсэн “шахалт шаардлага” бараг л бүх их, дээд сургуулийн зүгээс оюутнуудад ирдэг нь нууц биш. Хавар болж, шалгалт шүүлэг дөхсөн эдгээр өдрүүдэд оюутнууд хичээл гэхээсээ урьтаад сургалтын төлбөрөө төлөх мөнгөний төлөө толгойгоо гашилгаж эхэлдэг. Энэ асуудал жилийн жилд л яригдаж, сургууль оюутан хоёрын хооронд үл ойлголцол үүсч, төлбөрөө бүрэн төлөөгүй бол улирлын шалгалтад оруулахгүй гэдэг хачирхалтай дарамт тогтоод байна. Гэтэл “Яаж төлбөрөө олох вэ” гэж биш шаналахын оронд оюутны зээлээ авчихаад яаж сайн сурах шалгагдах талаар бодож хичээл номдоо шамдахад “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгтэй л юмсан. Харин энэ нь сонгууль угтсан шоу л биш байгаасай.
Ц.Заяа

Сэтгэгдэл (0)