Э.Амартүвшин: Ард түмэндээ тайлангаа тавихыг хүссэн

 

         УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй удахгүй хийх тоглолтынх нь талаар цөөн хором ярилцлаа.

 

-Та бие даасан тоглолт хийхээ дуулгасан нь гэнэтийн явдал байлаа. Чухам яагаад энэ сард хийхээр болов?

 

-Би УДБЭТ-ын гоцлол дуучнаар долоон жил ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд олон улсын чанартай хэд хэдэн том уралдаанаас шагнал хүртсэн. Энэ бүхнийхээ тайланг тавьж, ямар ур чадвартай дуучин болсноо ард түмэндээ харуулах цаг нь болсон гэж үзсэнээс тоглолтоо хийхээр болсон. Тоглолт энэ сарын 11-нд УДБЭТ-т болно.

 

-Тайлан тоглолтдоо хэний ямар бүтээлийг толилуулахаар бэлтгэж байна вэ?

 

-Нийт найман ари, таван романс дуулахаар төлөвлөсөн. Жишээ нь, Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн“Реголетто” дуурийн Реголеттогийн ари. Мөн Ж.Вердийн “Багт наадам” дуурийн Ренатогийн “Хэрмэл жүжигчид” дуурийн Прологийн, Монголын хөгжмийн зохиолчдоос Төрийн шагналт Х.Билэгжаргал агсны “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” дуурийн хэсгээс дуулна. Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлээс А.Бородиний “Игор ван” дуурийн Игорийн аригаас гадна хоёр итали дууг сонирхуулахаар бэлтгэж байна.

 

-Таны тоглолтод урилгаар оролцох уран бүтээлч бий юү?

 

-Италийн алдарт“Ла Скала” театрын маэстро Стефано Салватори удирдаачаар ажиллаж байна. Манай дуурийн театрын симфони оркестр, найрал дуучид, гавьяат жүжигчин концертмайстр Б.Солонго багш мөн хамтран ажиллаж байгаа.

 

-Томоохон уралдаан тэмцээний шилдгээр шалгарсны дараа ажлын олон санал ирдэг байх. Сүүлд ямар ажлын санал ирсэн бэ?

 

-Кардиффийн уралдааны да раа гадагшаа гарах үүд хаалгыг нээсэн. Хамтран ажиллах санал ч олон ирж байна шүү. Гэхдээ байнгын орон тоогоор биш тодорхой хугацаанд гэрээ байгуулан ажиллах санал ирж байна. Ирэх сард нэг сарын хугацаатай Германы Кёльн хотод тоглолт хийнэ. Ж.Вердийн “Реголетто” дуурийг Европын орноор аялан 15 удаа дуулах гэрээ гарын үсэг зурах шатандаа явна. Энэ аялан тоглолт аравдугаар сарын 9-нөөс 2017 оны зургадугаар сар хүртэл үргэлжлэх юм.

 

- Дэлхийн аль театрын тайзнаа дуулахыг хүсдэг вэ?

 

-“Метрополитан”, “Ла Скала” театрын тайзнаа дуулахыг хүсдэг.

 

Б.Мөнх-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • pop (202.131.225.251)

    2016-05-11

    uzegchddee l tailangaa tavilaa geej, 3000 hun l uzee biz. yun ard tumen, 3 say huniig ***** doromjil. sonsoj uzeh durtai ch baina, durgui ch baina, medehgui ch bna,