Барак Обама: Өнөөдөр гуйлгачин ч хичээвэл маргааш тэрбумтан болох боломжтой
- 2016-05-12
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нь улс төрөөс гадна шинжлэх ухаанд сонирхолтой тул судлаачид, сонирхогчдыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулдаг. Түүний “Popular science” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.
-Та шинжлэх ухааны салбарт ихээхэн анхаарал хандуулдаг. Яагаад шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжлийн хөшүүрэг гэж онцгойлсон бэ?
-Энэ орны хөгжлийн түүхэнд саран дээр бууж, шинэ төрлийн вакцин гарган авч, интернэтийг бүтээсэн гээд олон томоохон үйл явдлыг тэмдэглэдэг. Цаг хугацааны олон хүнд сорилтыг аугаа сэтгэгч, судлаачид, эрдэмтдийн ачаар давж гарсан. Шинжлэх ухаан, технологийн салбар АНУ-ыг дэлхийн тэргүүлэгч гүрэн болгосон учраас би чухал гэж онцгойлдог юм. Би ажлын гараагаа шинжлэх ухаан хөгжлийн төвөөс эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлтын эрчим хүчний судалгаа, мөн био анагаахын төсөл дээр ажиллаж байсан. Эрин зууны гүрэн байхын тулд шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжих ёстой.
-Байгалийн ухаан, технологи, инженер, математикийн боловсролыг сайжруулах бодлого хэрэгжүүлсэн. Ямар үр дүн гарсан бэ?
-Нэг тэрбум долларын хөрөнгө гаргасан уг ажилд бага ч гэсэн бодит үр дүн мэдэгдэж байгаад баярладаг. Манай улсад жилд зөвхөн инженерийн чиглэлээр 25 мянган оюутан сургууль төгсч, мэргэжлийн зэрэгтэй болж байна. 2021 он гэхэд 100 мянган математик, байгалийн ухааны багш бэлтгэх зорилт тавьсан. Энэ салбарыг олон хүн сонирхож элсдэг ч дундаас нь хаях, шантрах хандлага их байна. Технологи, шинжлэх ухаан бол хувь хүний эзэмшсэн мэргэжил гэдгээс илүү энэ улсыг тодорхойлох салбар учраас сайтар бодож шийдвэр гаргаж, шийдсэн бол хичээх хэрэгтэй.
-Хичээл их хийдэг, цамцныхаа дээд талын товчийг товчилдог, үсээ энгийн засуулдаг хүүхдүүдийг залуус хачин гэж тодорхойлдог. Таны хувьд сурагч байхдаа ямар хүүхэд байв?
-Би аливаа зүйлд их нарийн ханддаг. Үр дүн биш үйл явцад нь анхаардаг гэсэн үг. Бага зэрэг хачин байсан байж магадгүй. Ер нь миний багад тийм ойлголт байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Өнөөдөр залуучууд ухаалаг, сониуч хүнээс илүү олны анхаарлыг татаж байгааг нь шилдэг гэж хүлээж авдаг болжээ. Миний бодлоор бусад орны хүмүүст америкчууд тэр чигээрээ хачин харагддаг байх. Амьдралын хэвшил, үзэл баримтлал гээд онцгой санагддаг зүйл хүмүүст олон байдаг.
-Цахиурын хөндийд технологийн олон компани үйл ажиллагаа явуулдаг. Та мөн л шинэ бүтээл, бизнесийн салбарт их анхаардаг?
-Шинэ төхөөрөмж, дэвшилтэт загварын компьютер, 3 D хэвлэгч машин гээд бид техникийн хурдтай өдөр бүр уралдаж байна. Бидний амьдрал ч тэр хэрээр хөнгөвчлөгдөн, хэн нэгэнтэй холбогдохыг хүсвэл ганц товчлуур дарахад л хангалттай болжээ. Манай улс ямар ч орны зохион бүтээгчийн санааг зах зээлд хаалтгүй нэвтрүүлдэг. Энэ оронд хаана төрсөн, хэн байх, яаж харагдах нь чухал биш. Үнэхээр л хичээж чадвал авах ёстой шагналаа шударгаар авдаг. Өнөөдөр гуйлгачин байгаа ч хичээвэл маргааш тэрбумтан болох боломжтой. Би нэгэн залуу зохион бүтээгчтэй уулзаж байсан юм. Тэр миний сэтгэлд хүрсэн цөөн хүний нэг. Элана Саймон12 настай байхдаа элэгний хорт хавдрыг ялан дийлсэн. Хагалгаанд орох болсноо дуулаад өвчинтэй холбоотой мэдээлэл цуглуулж эхэлсэн. Ингэхдээ маш олон орны ном сонин, судалгааны материалыг орчуулж судалсан гэсэн. Судалсан зүйлээсээ элэгний хорт хавдраас гадна генийн өөрчлөлтэй гэдгээ өөрөө олж мэдсэн. Яг л түүн шиг хөдөлмөрч, эрмэлзэлтэй, хүчтэй хүүхдүүд энэ улсад олон байгаасай гэж хүсдэг учраас тэдний сонирхох салбарыг хөгжүүлж, дэмжихийг зорьдог.
-Сүүлийн үед тархины эс, хуруу шилний эмийн судалгаанд ач холбогдол өгч байгаа зорилго нь юу вэ?
-Хуруу шилний эм шинжлэх ухаанд орж ирээд удаагүй ч өндөр үр дүн үзүүлсэн. Энэ эм тун удахгүй эдгэшгүй өвчин гэдэг үгийг хасах байх гэж найдаж байна. Бид энэ амжилтаа хадгалахын тулд анагаахын салбарт хүлээцтэй хандах хэрэгтэй. Харин тархины эсийн бүтэц бол шинэ судалгаа. Шинэ түвшинд хүргэхийн тулд маш их судалгаа хэрэгтэй.
-Та сансар судлалд Засгийн газрын анхаарлыг татах томоохон арга хэмжээ авсан. Сансрын хайгуулын дараагийн ажил юу байх вэ?
-Салбарын хөгжлийн тухайд сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ сансрын нисгэгчдийг сансар огторгуйд түр зуур буудаг биш удаан хугацаагаар байрлаж судалгаа хийдэг болоосой гэж хүсч байна. Мэдээж хөрөнгө мөнгө их хэрэгтэй. Тиймээс хувийн хэвшлийхний анхаарлыг энэ салбар руу хандуулахаар ажиллаж байна. Олон улсын сансрын станц, НАСА хамтран шинэ түвшний үйл явдал хийх ёстой. Тэр хэмжээгээрээ шинэ ажлын байр бий болно. Сүүлийн үед одон орон судлаачид ангараг гаригт төвлөрөн судалгаа явуулж байгаа сансар огторгуй, нарны аймаг гаригийн олон нээлт хийх хэрэгтэй байна. Компаниуд хиймэл дагуул их хөөргөж байна. Энэ нь хиймэл дагуулаар судалгаа хийж, бодитой мэдээлэл авах чухал үр дүнтэй юм.
- Та ангараг гариг дээр хаягдаж хоцорлоо гэж бодьё. Тэгвэл“Ангаргын хүн” киноны Марк Ватнэе, “Харийнхан” киноны Эллэн Риплэй хоёрын хэнийг нь сонгох вэ?
- Хүнд асуулт байна. Хоёуланг нь сонгож болохгүй гэж үү. Би хэрвээ Мэйт Дэймон шиг ангараг дээр төмс тарьвал хүлэмжийг минь хамгаалах Сигоурни Виэвэрийг сонгоно.
-Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтын талаарх хурал болсноос хойш тодорхой хугацаа өнгөрч байна. Хурлын үр дүн 20 жилийн дараа хэрхэн гарах бол. Та юу гэж үзэж байна вэ?
-Парист хийсэн бага хурал дэлхийд бодитой өөрчлөлт авчирна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийсэн том алхам юм. Уг хурлын хүрээнд бодож байсан гол асуудал бол нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах, ойрын хугацаанд хурдан бууруулах зорилготой байсан. Жилээс жилд маш их халж байна, 2015 он их халуун жил байсан.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)