Риогийн олимпод 65 мянган цагдаа ажиллана

 

        Зуны олимпынXXXI наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангаж, үймээн дэгдэхээс сэргийлэн65 мянган цагдаа, 20 мянга гаруй цэргийн хүчнийхэн ажиллах гэнэ. Метро, автобусны буудал, томоохон дэлгүүр, үзвэр үйлчилгээний газарт хамгаалалт гарна. Мөн гэмт бүлэглэл ихтэй, дээрэм тонуултай захын дүүргүүдэд хүч нэмэгдүүлэн ажиллахаар болжээ. Хотын чинээлэг иргэд амьдардаг Копакабана дүүрэгт 300 хүнд нэг цагдаа ногдож байгаа бол нийгмийн эмзэг давхаргынхан суудаг захын хороололд 2000 хүнд нэг цагдаа ногдож байгаа юм. Түүнчлэн цагдаагийн албан хаагчид Рио де Жанейро хотын төвд эсэргүүцлийн жагсаал хийжээ. Олимпын наадмыг угтан илүү цагаар, өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч тэдний цалинг хасах болсон нь эсэргүүцлийн гол шалтгаан аж. Цагдаа нар сард 500 ам.долларын цалин авдаг. Жилийн эцсээр цалингийн нэмэгдэл 1200-3700 ам.долларыг олгодог гэнэ. Харин энэ жил эдийн засгийн хямралаас үүдэн тэдний нэмэгдлийг 400-800 ам.доллараар танахаар болсон нь дургуйцлийг хүргэсэн байна. Бразилийн аюулгүй байдлын хорооны нарийн бичгийн дарга Жоз Мариано Бэлтрамын“Associated press” агентлагт өгсөн ярилцлагын үеэр түүнд олон улсын Эмнести байгууллагын судалгааг танилцуулжээ. Уг судалгаанд өнгөрсөн онд307 хүн цагдаагийн албан хаагчийн гарт амиа алдсан, түрүү сард 11 хүн цагдаагийн суманд өртөж нас барсан гэж тэмдэглэжээ. Энэ нь хотод гарсан хүн амины хэргийн 20 хувийг эзэлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан олимпын наадмын үеэр ийм үйлдэл гарч, гэмт бүлэглэл үймээн самуун дэгдээвэл авах арга хэмжээний талаар асуужээ. Тэрбээр хэлэхдээ “Бразил улс 2014 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Ромын пап Францисийг угтаж авах үйл явдлыг ямар ч асуудалгүй зохион байгуулсан. Манай улс түүхэндээ байгаагүй их хамгаалалт гаргаж байна. 2012 оны Лондоны олимпын хэв журам сахиулагчдаас хоёр дахин олон цагдаа ажиллана. Жуулчин, баг тамирчид, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж байна” гэж хариулжээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)