Тойргийн шинэ газрын зураг ба нэр дэвшүүлэх “марафон”
- 2016-05-16
- Нийтлэл
- 0

Улаан, цэнхэрээр ялгасан сонгуулийн тойргийн шинэ газрын зураг өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Намын жагсаалтын 28 мандатыг хот, хөдөөгийн тойргуудад нэмж хуваарилахаар болсонд АН болон МАН төдийлөн санал зөрөлдөөгүй. Харин тойргийн газрын зураг буюу аль тойрог дээр хэдэн мандат нэмэх, тухайн тойрогт ямар ямар засаг захиргааны нэгж, хүн амыг хамруулах вэ гэдэг дээр улс төрчид жинхэнэ “тараа” таниуллаа.
Тэгвэл дараагийн нэг асуудал бол намууд УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулах юм. Мэдээж намууд аль хэдийнээ тус тусдаа албан бусаар нэр дэвшигчдээ тодруулаад багагүй хугацаа өнгөрч байна. Албан ёсоор бол нэр дэвшүүлэлт энэ сарын 23-наас эхлэн тав хоногийн хугацаанд явагдаж дуусах ёстой.
Өөрөөр хэлбэл, хуулинд өөрчлөлт орсноор нэг тойрог нэг мандаттай болсон. Ийм тойрогт намууд гарцаагүй ялна гэсэн найдлагатай хүмүүсээ л дэвшүүлэхийг хичээх. Жагсаалтаар нэр дэвшихээр байсан намын “нүүр царай” болсон, нэр хүндтэй улстөрчид тойрогт дэвшихээр болж буй. Энэ нь намуудын шинэ залуу, залгамж халаа болсон улстөрчдийн өөрийгөө харуулах, хүчээ сорих боломжийг нь хязгаарлах болсон байна. Нөгөөтэйгүүр намын жагсаалтад орохын төлөө мөнгөө өгсөн нөхдүүдийн хувьд гарцаагүй ялж болохуйц тойргоор “шагнуулахыг” хичээх болсон нь нэр дэвшүүлэх өрсөлдөөнийг улам хурцатгажээ.
Тэгвэл нам, эвслүүдээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ерөнхийдөө тодроод байгаа. Эрх баригч намын дарга З.Энхболд Өвөрхангайд, МАН-ын дарга М.Энхболд Төв аймагт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймаг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд аймагт, экс Ерөнхий сайд Сү.Батболд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт бол экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увсад гэх мэтээр улс төрийн хүчнүүдээс хэн хаана нэр дэвшихээр талаар жагсаалт хэвлэлээр мэдээлэгдээд эхэлсэн. Эдгээр эрхмүүд сонгосон тойрогтоо нэр дэвших нь тодорхой ч бусад горилогчдын тухайд эргэлзээтэй.
Ер нь бол нэг тойрог нэг мандаттай байгаа үед аль аль намын хувьд урьд өмнө нь сонгуульд нэр дэвшиж, сонгогдож, “хал үзэж, хашир суусан” улстөрчдөө сойхоор төлөвлөж байгаа биз. Үүний нөгөө талд залуучуудаа дэмжиж гаргах, тэдэнд боломж олгох, бэлэн болсон нөхдүүдийг тойрогт өрсөлдүүлж, сонгуулийн “утаа үнэрлүүлэх” шаардлага ч бий. Энэ хоёрын адил тэнцүү, “уулзвар”-ыг олж, хүмүүсээ гомдоохгүй байх нь намуудын өмнө тулгамдсан асуудал болчихоод байгаа аж. Гэхдээ энэ бүхний дунд жагсаалтад боломжийн мөнгө төлж, дээгүүр жагсахаар бэлтгэж байсан, тойргоос сонгогдох найдлагагүй болсон нөхдүүд тойроггүй үлдэх магадлал их байгаа аж.
О.Баяр

Сэтгэгдэл (0)