АТГ-ын даргын томилгооны цаана ашиг хонжоо байна уу?
- 2016-05-19
- Нийтлэл
- 0

АТГ-ын дарга Н.Ганболд үүрэг ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд нэлээд хугацаа өнгөрлөө. Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга чөлөөлөх хүсэлтээ албан ёсоор гаргаж, УИХ-д оруулсан бол 21 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн заасан ч дараагийн даргыг хуулийн тэд хоногийн хугацаанд багтаан томилох ёстой гэсэн зүйл заалт уг хуульд байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, энэ асуудал хуулийн зохицуулалтгүй гэсэн үг. Магадгүй үүнээс болоод ч тэр үү өдийг хүртэд АТГ-ын даргын суудал хоосон байна.
Өнгөрсөн мягмар гарагт хуралдсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "АТГ-ын даргыг томилох эсэх асуудлаар бид бүлэг дээр ярьж зөвлөх хэрэгтэй. Тэгээд ч хэлэлцэх дараалалд байхгүй байсан учраас бид тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна" хэмээн хэлж уг асуудлыг хойшлуулж байсан билээ.
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 4-нд бүрэн эрхийн хүрээнд АТГ-ын даргаар Цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилуулахаар УИХ-д санал хүргүүлсэн ба УИХ-ын Дэгийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хэлэлцэх хугацаа нь хэтрээд байгаа юм. Тэгвэл яагаад өнөөдрийг хүртэл УИХ АТГ-ын даргыг томилгоог хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй хойшлуулсаар байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна.
АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дуусгавар болсон ч энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд мөн л АТГ-ын даргыг хэлэлцэх асуудлыг оруулаагүй байна. Тиймээс АТГ-ын даргын томилгооны асуудлыг яаралтай шийдэх шаардлагыг МАН-ын бүлгээс хүргүүлэхээр болсноо дуулгасан. Мөн чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АТГ-ын даргын томилгоог Хууль зүйн байнгын хороогоор хэзээ хэлэлцэх вэ. Байнгын хороо хууль зөрчөөд удаж байна. Танай бүлгийн завсарлагын хугацаа ч дууссан. Гэтэл яагаад одоо болтол хэлэлцэхгүй байна вэ” гэжээ.
Үүний хариуд байнгын хорооны дарга Д.Ганбат “Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө цагтаа орж ирээд асуудлаа ярих хэрэгтэй. Өөрөө хоцорч ирчихээд янз бүрийн юм ярих хэрэггүй. Өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй. Байнгын хороо хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар өгөв.
Ийнхүү эрх баригч нам АТГ-ын даргыг томилгоог хэлэлцэх хүсэлгүй байх шиг байна. Дургүйд хүчгүй гэдгийн үлгэрээр элдэв шалтаг шалтгаан хэлж хойшлуулж байгаа нь цаанаа нэг санаа агуулж буй нь лавтай.
О.Баяр

Сэтгэгдэл (0)