Нэр дэвшигчдийн тохироо удахгүй нийтэд дэлгэгдэнэ
- 2016-05-23
- Нийтлэл
- 0

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс албан ёсоор тодруулж эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвших үйл явц өнөөдрөөс энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Үүнтэй холбогдуулан намууд эрх барих дээд байгууллагуудаа хуралдуулахаар төлөвлөөд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ долоо хоногийн дундуур МАН-ынхан бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчдээ тодруулах бол АН-ынхан ч гэсэн ҮЗХ-ны хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулахаар зэхэж байгаа аж.
Хуульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 11-нээс сурталчилгаа эхлэх юм.
Энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр намууд нэр дэвшигчдээ өнөөдрөөс хойш тав хоногийн дотор зарлах ёстой. Үүнээс өмнө горилогчид намын удирдах албан тушаалтнуудтайгаа уулзан нэр дэвших эрх олж авахаар улайрч буй. Намын жагсаалтаар сонгогддог байдлыг арилгаж, тойргуудад мандат нэмсэн нь зарим хүнд ашигтайгаар шийдэгдсэн ч нөгөө хэсэгт нь тордож тойглоогүй тойрогт хуваарилагдчих вий гэх болгоомжлол байна.
Түүнчлэн энэ удаа ард түмэн шинэ хүн сонгоно гэх хандлага бий учир хоёр нам боловсролтой залуусаа дэмжиж ажиллах чиг барьж буй нь хуучцуулын сэтгэлийг түгшээж эхэлжээ. Хэдий мөнгөтэй ч нийгэмд төдийлэн сайн нэртэй бус, ямар нэг “хэрэгт” орооцолдож байсан эрхмүүд нэр дэвших гэж зүтгэж байгаа. Учир нь, энэ удаагийн сонгуулийг жижиг 76 тойрог буюу мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон нь тэдэнд боломж байна гэж тооцоолох.
Ямартай ч тойргоо булаацалдсан намын гишүүдийн улстөржилт их байгаа нь өнөөгийн улс төрийн байдал болоод сошиал орчноос харагдаж буй. Хэдий намын гишүүд өөр хоорондын тэмцэлдэж сонгуульд нэр дэвших эрхийн төлөө улайрч буй ч энэ удаагийн сонгуулиар сонгогчид ихээхэн өөрчлөлт хийнэ хэмээн улс төр судлаачид хэлээд байгаа. Тэдний энэ алсын хараа ч үнэн биз. Бид сонголтоо өөрчлөх цаг нэгэнт болжээ.
О.Заяа

Сэтгэгдэл (0)