Б.Батболд: Зөрчлөө арилгаагүй аж ахуйн нэгжийн гэрээг цуцална
- 2016-05-24
- Энтертайнмент
- 0

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдоос дараах зүйлийг тодруулав.
-Ачиж, журамласан тээврийн хэрэгслийг 24 цагийн дотор эзэн нь авбал журмын хашааны мөнгийг нь авахгүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар автомашиныг ачиж, журамлах үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга болон ИТХ-аар тогтоохоор заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол гаргасан. Тогтоолоор ачиж, журамлах үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон юм. Бага оврын автомашиныг 60 мянгаар ачиж, журамлах ёстой. Үүн дотроо тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулах нэг өдрийн зардлыг шингээсэн байдаг. Тиймээс 24 цагийн дотор тухайн автомашиныг эзэн нь авсан тохиолдолд журмын хашааны төлбөр буюу 5000 төгрөгийг төлөхгүй. Харин ачиж, журамлуулсан төлбөр, хураамжийг төлнө.
-Тухайн тээврийн хэрэгслийг ачихдаа Замын цагдаагийн 1800-1200 тусгай дугаарт даруй мэдэгдэх ёстой. Гэтэл мэдээллийг цаг тухайд нь өгөөгүйгээс иргэдэд чирэгдэл учруулдаг. Энэ талаар хэр анхаарч байна вэ?
-Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 14 аж ахуйн нэгжид шал-галт хийсэн. Ачилтын үйл явцын мэдээлэл оруулаагүйн улмаас иргэд автомашиныг нь хаашаа авч явсныг мэдэхгүйгээр чирэгдэл учирч байна. Энэ асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандсан. Мөн мэргэжлийн хяналтын зүгээс байр талбайн харуул хамгаалалт, ариун цэвэр, ачиж, журамлах үйл ажиллагаа явуулахад мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг асуудлыг үзэж шалгасан. Хоёр байгууллагын хамтарсан шалгалтаар нэг аж ахуйн нэгжээс 4-20 удаагийн зөрчил гаргасан тохиолдол ч байна. Гэхдээ эдгээр нь засч залруулж болохоор зөрчил юм. Ирэх сарын 5-наас өгсөн үүргийнхээ биелэлтийг эргэж шалгаад, биелүүлээгүй аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.
Ц.Заяа

Сэтгэгдэл (0)