АНУ-ын арми “Мухаммад Мансурыг устгасан” гэв

 

        Афганистаны “Талибан” зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Мулла Ахтар Мухаммад Мансурыг АНУ-ын арми газар дээр нь устгасан болохыг Пентагонаас мэдэгджээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петр Кукийн мэдэгдсэнээр, Мулла Ахтар Мухаммад Мансурыг устгах ажиллагаа Афганистан Пакистаны хил дэх алслагдмал бүсэд болсон байна. АНУ-ын Батлан хамгаалах яамныхан энэ удаагийн ажиллагаа амжилттай болсонд сайшаалтай хандаж байгаа аж. Кукийн хэлснээр, Талибаны толгойлогч Афганистаны Засгийн газрын энх тайвны хэлэлцээнд оролцохыг Мулла Ахтар Мухаммад Мансур хориглосон учир, тус улсын засгийн газар болон “Талибан” бүлэглэл хоорондоо энх тайвнаар эвсэхэд саад болж байв. “CNN” агентлагийн мэдээлснээр АНУ-ын армиас нисгэгчгүй онгоцнуудыг энэ удаагийн устгах ажиллагаанд оролцуулсан бөгөөд энэ үеэр Мулла Ахтар Мухаммад Мансур бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан гэжээ. Түүний байршлыг АНУ-ын арми Афганистаны Тагнуулын газартай хамтран тогтоосон байна. Энэ нь Мансурыг устгасан гэсэн анхны мэдээ биш юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Афганистаны Дэд Ерөнхийлөгч генерал Абдул Рашид талибуудын толгойлогч амь үрэгдсэн тухай мэдээлж байсан билээ. Мансур Пакистаны Кветта хотоос холгүй болсон буудалцааны үеэр хүнд шархадсан гэж “Талибан” бүлэглэлийнхэн толгойлогчоо амь эрсдээгүйг баталсан юм. Мулла Ахтар Мухаммад Мансур нь Афганистаны Талибаны удирдагч агсан Мулла Мухаммад Омарын туслах байжээ. Мулла Омар 2015 оны долдугаар сард өвчнөөр нас барахад Мансур албан ёсоор уг байгууллагын шинэ толгойлогч болсон аж. Мансурыг “Талибан”-ы толгойлогч болсноор тус бүлэг хоёр хуваагдсан байна. Мансурыг томилсныг Омарын төрөл төрөгсөд, уг хөдөлгөөний хээрийн захирагч нарын зарим нь дэмжээгүй билээ. Улмаар“Талибан” хөдөлгөөний дотор эрх мэдлийн төлөө тэмцэл хурцадсан байна. Мансур нь 1960 онд Кандагарт төрсөн ба Афганистаны нисэх хүчинд алба хаажээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)