”Түр” завсарлага “бүр” болох вий дээ

 

Улс төрийн үйл явц таашгүй, хуулийн хүрээндээ явагдадгүй гэдгийн тод жишээ өчигдөр харагдлаа. Учир юу гэхээр УИХ-ын энэ долоо хоногийн чуулганаар олон чухал цаг үеийн асуудлыг хэлэлцэх ёстой байсан боловч эрх баригч намаас чуулганы хуралдааны ирэх сарын 23-ыг хүртэл түр завсарлуулж орхив. Уг нь сонгуулийн жил чуулган хугацаанаасаа сарын өмнө завсарлага авдаг. Тэр хугацаа энэ сарын 31-нд товлогдсон байв. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд чуулганы завсарлах хугацааг долоо хоногийн өмнө нааш сунган “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан УИХ-ын чуулганыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулах" захирамж гаргалаа.

 

Гэвч товлосон хугацаанд УИХ-ын гишүүд эргэж цуглаад, ирцээ бүрдүүлж хуулиудаа батална гэдэг бас л эргэлзээтэй. Тэр үед сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байх болов уу. Товчхондоо бол чуулган нэгэнт завсарласнаас ялгаагүй болчихлоо. Нэг ёсондоо УИХ ажлаа бүрэн дуусгалгүйгээр тарав.

 

Хуулийн дагуу хаврын чуулганаар батлах ёстой хэд хэдэн асуудал байлаа. Үүнд, Монгол Улсын Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулиуд байна. Гэтэл төсвийн хүрээний мэдэгдлийг дөнгөж хэлэлцэхийг нь дэмжээд байсан бол төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэнгүй. Мөн Ерөнхий сайдын уламжилсан Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг мөн л хэлэлцсэн ч үгүй. Ерөнхийлөгчийн зүгээс Авлигатай тэмцэх газрын даргыг томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцэлгүй АН бүлэг завсарлага авах мэтээр хугацаа хойшлуулсаар мөн л энэ асуудлыг шийдэлгүй байсаар чуулганыг хааж орхив. Уг нь энэ АТГ-ын даргын томилгооны асуудал удаан хүлээгдэж боломгүй л санагдана. Хуулиараа бол долоо хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэх ёстой.

 

Эдгээрээс гадна чуулганаар татварын шинэчлэлтэй холбоотой багц хуулиуд, Тавантолгойн асуудал гэх зэргээр хэлэлцэх ёстой олон хууль байсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хоёр жил хав дарагдсаны эцэст энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Уг хуулийн төслөөр “Төрийн улс төрийн, захиргааны, болон тусгай албаны удирдах албан тушаалтан нь албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр /нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориглоно.

 

Албан тушаалтан нь албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр /нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр гадаад улсын банк, банк бус санхүүгийн байгууллагад хадгаламжийн болон харилцах данс эзэмших, банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаад улсад бүртгэлтэй аж ахуй нэгж, компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт мэдэгдэнэ” гэдгийг тусгасан байв.

 

Энэ мэт хэлэлцэж, шийдвэрлэх ёстой олон хуулийн төслийг хэлэлцэхээс эрх баригч нам зугтан, УИХ-ын дарга чуулганы ирцээч бүрдүүлж чадахгүй байсаар чуулганыг түр завсарлуулах шийдвэрээ гэнэт гаргалаа. Намын эрх ашгаа боддогоо больж, ард түмнийхээ эрх ашгийг бодож шийдвэрээ гаргадаг цаг үед хэзээ манай улс төрийн “томчуудад” ирэхийг хэлж мэдэхгүй нь бололтой. Одоо тэд тойргуудаа тордохоор нэгэнт замдаа гараа байлгүй. Харин “түр” завсарлага нь “бүр” болох вий дээ.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.179.24.141)

    2016-05-25

    ene ydaagiin songuuliarhuu tseverlegdenee