Эрүүгийн хэрэг 40.7 хувиар өсчээ
- 2016-07-07
- Нийтлэл
- 0

АТГ-аас эхний зургаан сард мөрдөн шалгасан хэргийн 61.2 хувийг шийдвэрлэсэн нь хэрэг шийдвэрлэлт 43.1 хувьтай байгаа талаар өчигдөр мэдээллээ. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн хэргээс 19 хүнд холбогдох 10 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Шүүх, прокуророос буцсан хэргүүдтэй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн болон Мөрдөн байцаах албаны дарга нар нэг бүрчлэн танилцаж, зохих үүрэг даалгаврыг өгч ажиллаж байгааг хурлын үеэр дуулгасан юм. Он гарсаар эрүүгийн хэрэгт 297 хүн холбогдон шалгуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.7 хувиар өсчээ. Харин гэмт хэргийн улмаас улсад 27 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 854.7 сая төгрөгийг нөхөн төлүүлж, нийт гурван тэрбум 344.6 сая төгрөгийн эд хөрөнгийг хохирол нөхөн төлүүлэхээр битүүмжилсэн байна. Мөн өндөр дээд албан тушаалтан, эрх мэдлээ ашиглан гэр бүл, хамаатан садан, найз нөхдөө төрийн албан тушаалд томилох явдал ихэссэн байна. Уг тоон судалгааг тус байгууллагад ирсэн гомдлын мөрөөр гаргасан бөгөөд орон нутгаас түлхүү гомдол ирснийг онцолж байв. Энэ оны эхний зургаан сарын байдлаар АТГ-т албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 199 гомдол иржээ. Үүний 166-н гомдлыг хянан шийдвэрлэсэн бол 21 зөрчлийг арилгуулахаар холбогдох газруудад нь албан бичиг хүргүүлсэн байна. Зөрчил гаргасан 15 албан тушаалтанд хуулийн хүрээнд хариуцлага тооцсон аж. Түүнчлэн нийт 489 гомдол мэдээлэл хүлээн авсны 196 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Хуульд заасан харьяаллын 325 үйлдэл 297 холбогдогчтой 197 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад шалгасан, мөрдсөн, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлсэн хэрэг тус тус өссөн үзүүлэлттэй байна.
ХОМ-Т ХОЛБОГДУУЛАН 124 АЛБАН ТУШААЛТНЫГ ШАЛГАЖ БАЙНА
Нийт 39.850 алба хаагч АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх ёстой байжээ. Харин үүнээс хоёр хүн хугацаа хожимдуулсан, гурав нь мэдүүлгээ гаргаж өгөөгүй байгаа аж. Эдгээр зөрчилтэй албан тушаалтанд сануулах, ажлаас халах хүртэлх хариуцлагыг тооцсон гэв. Харин 269 төрийн өндөр албан тушаалтан ХОМ-ээ 100 хувь шинэчлэн мэдүүлсэн гэдгийг онцолсон. Тэгвэл есөн байгууллагын 792 албан тушаалтны 2014, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлтэд шалгалт хийхэд 124 албан тушаалтны мэдүүлэг зөрчилтэй гарч нарийвчлан шалгаж байгаа аж. Мөн урьдчилан ХОМээ хянуулаагүй албан тушаалд томилогдсон 129 зөрчил илэрсэн байна.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМАНД АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ
Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас сонгон шалгаруулалтгүй шууд гэрээгээр санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрийн эдийн засгийн үр ашиг, үндэслэл тооцоо, гүйцэтгэлийг нарийвчлан шалгаж мэргэжлийн шинжээчдээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэн Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар холбогдох материалыг шилжүүлж, зөрчил арилгуулах тухай албан бичгийг БХЯ-нд хүргүүлсэн байна.
Б.Дэлгэр

Сэтгэгдэл (0)