“Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд хувийн автомашинаар зорчуулахгүй

 

        АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гадна, дотнын үйлчлүүлэгч нисэх буудлаар хэрхэн үйлчлүүлэх талаар Нисэх буудлуудын удирдах газрын мэргэжилтэн Б.Ганхуягаас тодруулав.

 

-АСЕМ-ын дээд төвшний уулзалтын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулжээ. Энэ талаар тодруулна уу?

 

-Улаанбаатар хотод Ази Европын дээд төвшний XI уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор долоодугаар сарын 13­ны өдрийн 01.00 цагаас 16­ны 23.30 цаг хүртэл “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нэвтрэх хувийн автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу дээрх хугацаанд хүн тосох, хүргэх хувийн автомашин орохыг хориглоно. Тусгай автобус олон улсын нислэгийн зорчигчдыг “Буянт­Ухаа” спорт цогцолборт хүргэх бөгөөд хувийн автомашинууд тэндээс хүнээ тосно. Гаргаж өгөхөд мөн ялгаагүй. Харин дээрх хугацаанд орон нутгийн нислэгээр зорчигчдын явах, ирэх үеийн үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, олон улсын нислэг “Буянт­Ухаа” цогцолбороос, орон нутгийн Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас явуулахаар зохион байгууллаа. Тухайн үед нислэгийн аюулгүйн тойргоос урагшаа “Буянт­ Ухаа” спорт цогцолбор руу буюу Төв аймаг явах замын чиглэлд олон улсын нислэг тус цогцолбор дээр баруун гар тийш, орон нутгийнх нь чигээрээ гэсэн замын тэмдэг тэмдэглэгээг хийж байгаа.

 

-“Буянт-Ухаа” спорт цогцолборт яг ямар үйл ажиллагаа явуулах вэ?

 

-“Буянт-Ухаа” спорт цогцолборт зорчигчдыг угтан авч, үдэн гаргана. Мөн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийж “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу тусгай автобусаар зорчигчдыг зөөвөрлөнө. “Буянт-Ухаа” спорт цогцолбороос олон улсын нислэгээр явах болон ирэх зорчигчдын автозамын маршрутыг зургаар тодорхой гаргасан. Харин Зэвсэгт хүчний 303 дугаар анги буюу орон нутгийн нислэгийн цэг рүү иргэд өөрсдийн хувийн автомашинаараа явж болно. Төв аймгийн замд хязгаарлалт байхгүй. Энэ талаар мэдээллийг 1900-1980 утсаар авах боломжтой.

 

-Орон нутаг болон олон улсын нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан уу?

 

-Иргэний нисэхийн ерөнхий газрын Цаг уурын зөвлөл, агаарын тээвэрлэгч нартай хамтран нислэгийн бүх цагийг шинэчилж тохирсон байгаа. Орон нутгийн нислэгийн зохицуулалтыг хийсэн. Одоо дахин ямар нэгэн цагийн өөрчлөлт хийхгүй. Бүх нислэгийн цаг урьдчилан тохирсон хугацаандаа явна.

 

-Нисэх буудалд үйлчилгээ эрхлэгчдийн хэрхэн зохицуулж байна вэ?

 

-“Хүннү эйр”, “Айэро Монголиа” компанийн үйл ажиллагаа хэвийн явна. Орон нутаг болон олон улсын нислэг үйлдэх хоёр цэгт нислэгт суухаас өмнөх аюулгүй байдлын үзлэг, зорчигч бүртгэлийн ажиллагаа, хүлээлгийн танхим зэрэг нь бүрэн хангагдсан.

 

-Гаднын зочин төлөөлөгчдийн онгоц буух зурвасын хүрэлцээний асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

 

-Зурвас хүрэлцэхгүй гэсэн асуудал байхгүй. Цагийн зохицуулалтын дагуу агаарын хөлгүүдийг хүлээн авна. Одоогийн байдлаар хүндэт зочдын агаарын хөлгийн маягаас хамаараад 29 зурвас бэлэн байгаа. Гадаад хэргийн яамнаас албан ёсоор хэчнээн агаарын хөлөг буухыг мэдэж манайд мэдээлдэг.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.191.76)

    2016-07-07

    Өнөөдөр Нисэх- Үйлдвэр 7 чиглэлийн автобусанд суугаад ОУНБ-ын буудалд буух гэсэн чинь тэнд зогсохгүй байгаа гээд Буянт-Ухаа 1-ийн буудал дээр буулгав. Яагаад энэ чиглэийн автобусыг нисэх буудал руу оруулахгүй байгаа юм бэ?