Меган Трэйнор: Бейонси шиг алдартай болмоор байна

 

        Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Меган Трэйнорын “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг залуу уран бүтээлч” шагнал хүртсэн юм.

 

-Таны хувьд энэ жил уран бүтээлийн олз, омог дүүрэн байлаа. Грэммийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг залуу уран бүтээлч” шагнал хүртсэн. Шагнал авч байсан үеэ дурсч, тухайн агшинг эргэн санавал?

 

-Зүрх яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг хурдан цохилоод үлгэрийн гүнж үнсгэлжин болсон мэт сэтгэгдэл төрсөн. Тэр тайзан дээр зогсоод шагнал авна гэдэг миний олон жилйн турш сэтгэлдээ хадгалсан мөрөөдөл юм.

 

-Шагнал гардуулах ёслолд аавтайгаа ирсэн тань их сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Аавын тань хувьд охиноо нэр хүндтэй шагнал хүртэхийг хажуунаас нь харах ямар байсан бол?

 

-Аав нар сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргадаг хүмүүс биш. Миний аав ч ялгаагүй. Аавыгаа тийм их баяр хөөртэй, сэтгэл нь хөдөлсөн байхыг урьд өмнө харж байгаагүй. Тайзан дээрээс харахад баярлаж орилоод л хүмүүс рүү “Энэ миний охин” гэсэн харцаар хараад л үнэхээр хайрламаар байсан. Шагналаа аваад тайзнаас буусны дараа чихэнд минь “Чи чадлаа” гэж шивнэсэн. Учир нь бид хоёр дандаа л чи алдартай болж чадах уу, би чаднаа гэж хошигнодог юм.

 

-Та олонд хүлээн зөвшөөрөгдөж поп дуучин гэдэг жагсаалтад албан ёсоор бичигдлээ. “Би чадлаа” агшны дараагийн алхам юу байх бол?

 

-Энэ бол дөнгөж эхлэл. Миний дараагийн бөгөөд насан туршийн алхам бол зогсохгүй хөдөлмөрлөх. Хийж эхэлсэн л бол үргэлжлүүлэх хэрэгтэй. Амжилтад одоо боллоо хангалттай гэсэн зүйл байдаггүй. Тэр дундаа өрсөлдөөн ихтэй урлагийн ертөнцөд амжилтдаа бардах гэдэг уран бүтээлчийн хамгийн том дайсан гэж боддог. Би дуучин Бейонси шиг нэр алдартай болмоор байна. Меган Трэйнорын орон зайг бүтээж, хүн бүрийн хүндэлдэг уран бүтээлч болох нь миний зорилго. Гэхдээ дуучин биш хөгжмийн зохиолч гэдгээрээ байвал их сайн байна.

 

-Даган дуурайж үлгэр дуурайлал авдаг хүн бий юу?

 

-Үзэсгэлэнт Карол Кинг. Надтай адил хөгжмийн зохиолч байгаад дуулдаг болсон болохоор сэтгэлд ойр санагдаж, урам зориг авдаг.

 

-Хөгжим зохиох их дуртай юм байна. Дууны үг зохиоход хэцүү зүйл байдаг уу?

 

-Хөгжмийн зохиолч тодорхой сэдэв сонгож байгаад дуу зохиодог. Дууг хэн нэгэнд зориуллаа гээд цөөн хүн ойлгохоор бичиж болохгүй. Учир нь тухайн дууг эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хэдийд ч сонссон дотно санагдаж, хүссэн хүнээ дурсч байх ёстой. Та санаж байгаа бол надад “Баярлалаа” гэж дуу байдаг. Би тэр дууг намайг үргэлж дэмждэг фэнүүддээ зориулсан юм. Гэхдээ тэр дууг хэн ч, хаана ч сонссон эцэг, эх, хайртай хүн, багш, ах эгч гээд санаанд нь бууж, талархаж байхаар бичих ёстой. Хэдий цөөн мөр ч аялгуу эгшигтэй нэгдэж, сонсогчдод сайхан мэдрэмж төрүүлэх болохоор заримдаа тууж бичиж байгаа юм шиг л чухал байдаг.

 

-Та албан ёсны ажлын гэрээтэй хөгжмийн зохиолч байсан. Гэнэт л тайзан дээр гэрэлтээд дуулж, бүжиглэж байгааг тань харахад гоц авьяастай бололтой?

 

-Би хөгжим зохиож, дуу бичихдээ илүү дуртай. Гэхдээ хэн ч миний царайг харахгүй, бас намайг мэдэхгүй гэдэг нь гунигтай санагдсан. Жирийн нэгэн ахлах сургуулийн охиныг онцолж дуу зохиох гэрээ байгуулсан компанид талархах ёстой. Энэ салбарын талаар тэр үеэс л ойлгож, илүү их дурлах болсон нь дуучин болох эхлэл юм.

 

-Дуу бүтээхдээ аялгуу зохиож эхэлдэг үү эсвэл үгээ түрүүлж бичдэг үү?

 

-Миний хувьд аяаа түрүүлээд зохиох амар санагддаг. Аялгуундаа уяраад толгойд үг нь буух үе ч бий. Үндсэндээ аяндаа үгээ тааруулах хялбар байдаг. Гэхдээ миний хамгийн их хандалт авсан хит дуу “All About That Bass”-ыг үгэнд нь тааруулж аяаа зохиосон.

 

-Дуу бичлэгийн студи “All About That Bass” дууг анхны хувилбараар нь нийтэд гаргасан гэсэн үнэн үү?

 

-Тиймээ үнэн. Ихэнх уран бүтээлчийн дууг бичиж дуусаад ард нь хоолой оруулж эсвэл автотун нэмж янзалдаг. Харин энэ дууг бичлэгээс гаргаад ямар ч засваргүй шууд л явуулсан. Ийм үзэгдэл ховор ч их гоё бодитой сонсогддог.

 

-Бүжиг дэглэлт сурч, бэлтгэл хийхэд хүндрэлтэй зүйл байна уу?

 

-Би мэргэжлийн бүжигчин биш учраас эхэндээ хальширдаг байсан. Гэхдээ бүжиг дэглээч багш Ла Донна Чарм их зөв арга барилтай юм шиг санагддаг. Амьсгаадаж ядраад бууж өгмөөр санагддаг үе байсныг нуухгүй. Тэр үед зарим хөдөлгөөнийг өөрийнхөө хүссэнээр хий, хөгжмөө сонсоод өөрийн мэдрэмжээрээ бүжиглэ гэдэг нь дарамтгүйгээр бүжиг сурахад тус болсон. Одоо бол бүжгийг жин хасах, гоё харагдах зорилгоор өдөр тутмын дасгал сургуулилт шиг авч үздэг болжээ.

 

-Өнгөрсөн жил хоолойны хөвчний мэс засалд орсон. Одоо бүрэн эдгэсэн үү?

 

-Мэс засал хийлгэхийн өмнө эмч нар “Дуулах боломжгүй болж, мэс заслын үед хүндрэл үүсвэл эмнэлэг хариуцлага хүлээхгүй” гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Бурхны авралаар мэс засал амжилттай болж хоолой минь илүү хүчтэй болсонд баяртай байна. Ер нь бөглөрсөн муу усны хоолойг цэвэрлэсэнтэй л ижил мэдрэмж төрж байгаа. Сүүлд гаргасан цомгийг минь сонсвол хоолойны чадал нэмэгдэж, сайжирсныг мэдрэх болно.

 

-Та сүүлд гаргасан цомогтоо ээжтэйгээ хамтарч дуулсан гэж байсан?

 

-Нэг өдөр нүүрээ угааж байгаад сая долларын сайхан санаа олсон. Ээжүүдийн өдөрт зориулсан мэндчилгээний захидлаас санаа авсан юм. Баярын ил захидлыг нээхээр дуу явдаг. Тэр дууг сонсоод шууд л шинэ дууны минь дахилт санаанд буусан. Гэхдээ урлагийн хэлээр гүүр гэж ярьдаг холбоос хийх гэхээр нэг л болж өгөхгүй байсан юм. Тэр үед ээжийгээ студид дуудаад микрофоны өмнө зогсоож, сэтгэлийн үгийг нь хэлүүлж хамтарсан. Бичлэгийн студид байхдаа “Ээжээ таньдаа хайртай шүү гэхэд ээж маань чамдаа ч бас хайртай, миний бяцхан охин минь. Ямар нэг юм болоо юу зүгээр биз дээ” гэж асуусан. Тэр хэсгийг нь бид бичиж аваад дууныхаа гүүр болгон ашигласан. Миний амьдралдаа сонсч байсан хамгийн гайхалтай бөгөөд үнэ цэнэтэй холбоос тэр. Сонсогчдод ч мөн гэр бүлийнх нь гишүүн шиг дотно санагдана гэж найдаж байна.

 

-Ямар нэртэй дуу вэ?

 

- “Над шиг санагдаж байна” гэдэг нэртэй. Гайхалтай эгшиглэнтэй уянгын дуу. Ууртай, гунигтай байх үед тань бүх зүйлийг эергээр харж, сайхан санагдах тийм л уран бүтээл болсон гэж боддог. Би ер нь их тайван бус том жижиг бүхий л зүйлд санаа зовж өөрийгөө ядраадаг. Харин энэ дуу надад орчноо сайхнаар хүлээж авч, тайван байхад тусалдаг. Нэг удаа гоо сайхны салонд сууж байсан юм. Тэр үед хөхний хорт хавдар туссан нэгэн бүсгүй “Би удахгүй хөхөө авахуулна. Энэ дуу л миний хэн нэгнээс сонсохыг хүссэн сайхан үгийг орлож байна. Надад яг ийм дэмжлэг хэрэгтэй байсан юм” гэж хэлэхийг сонссон. Тэр үед л би хүмүүст сайнаар нөлөөлж хэн нэгний амьдралыг өөрчилдөг жирийн бус гайхалтай ажил хийж буйгаа мэдэрсэн.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)