БНАСАУ-ын пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ

 

        “Умард Солонгос тэнгис рүү дахин баллистик пуужин харвалаа” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн юм. Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдсэнээр, Умардын тал энэ сарын 3-ны 07:50 цагт баруун нутгийн Өмнөд Хуанхэ Намдо мужаасаа пуужин харважээ. Уг пуужин Японы эдийн засгийн онцгой бүс дотор унасан байна. Энэ талаар Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатани хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрбээр “Умард Солонгосын хөөргөсөн пуужин мянга орчим километр нисч, Японы эдийн засгийн онцгой бүс болох Ога арлын ойролцоо уналаа. Японд аюул заналхийлж болзошгүй Умард Солонгосын энэ үйлдэл бидний сэтгэлийг зовоож байна” хэмээжээ. Накатани хэлснээр Умард Солонгос дунд тусгалын “Нодон” баллистик пуужингаа хөөргөсөн байж магадгүй аж. Пуужин далайд унасан учраас ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй байна. Гэсэн ч Японы Засгийн газар Бээжин дэх дипломат шугамаар дамжуулан Хойд Солонгос пуужин хөөргөсөнтэй холбогдуулан эсэргүүцлийн мэдэгдэл илгээсэн аж. НҮБ-ын тогтоолуудын дагуу Умард Солонгос нь цөмийн болон баллистик пуужингийн технологийг хөгжүүлж, туршилт хийх нь хориотой юм. Гэсэн хэдий ч тус улс сүүлийн үед удаа дараа туршилт хийсээр байна. Умард Солонгос тав дахь цөмийн туршилтаа хийхээр зэхэж байна гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс таамаглаж байсан юм. БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлснээр, Хуанхэ Намдогоос хөөргөсөн пуужин Япон тэнгисийн чиглэлд ниссэн байна. Пхеньяны зүгээс өнгөрсөн сарын 19-нд дунд тусгалын баллистик пуужин болон богино зайн пуужингийн туршилтыг явуулсан билээ. Харин энэ удаагийн баллистик пуужингийн туршилтын талаар АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Вашингтон БНАСАУ-ын үйлдлийг буруушааж, холбоотнуудаа хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. “Бид Умард Солонгосын өдөөн хатгалгуудыг тууштай эсэргүүцэж хамтран тэмцэхэд бэлэн байна” гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жюли Мейсон хэлжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг үл хайхран Умард Солонгосын тал энэ жил баллистик пуужингийн туршилтаа хэд хэд хийсэн юм. Пхеньяны цөмийн туршилт Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хурцатгаж буй гол зэвсэг аж. Түүнээс гадна Умард Солонгосын цөмийн хөтөлбөр Японы аюулгүй байдалд тулгарч байгаа гол сорилт гэдгийг Японы Батлан хамгаалахын сайд онцолжээ. “Умард Солонгос баллистик пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж, АНУ-д цохилт өгөх чадвартай цөмийн цэнэгт хошуутай болохыг хичээж байна. Энэ нь бүс нутаг дахь цэргийн өдөөн хатгалгыг улам бүр нэмэгдүүлж магадгүй бөгөөд үүнд Япон ихэд түгшиж байна” хэмээн Нагатани хэллээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)