Боксчид бэлтгэлдээ шаргуухан оржээ

Монгол улсын тамирчдын амжилт гаргадаг топ төрлийн тамирчид Лондонгийн олимпод оролцох эрхээ авсаар байгаа. Бид энэ удаа боксынхныг онцлоё. 
Монгол улсын тамирчдын амжилт гаргадаг топ төрлийн тамирчид Лондонгийн олимпод оролцох эрхээ авсаар байгаа. Бид энэ удаа боксынхныг онцлоё. Монголын олимпийн боксын үндэсний шигшээ багийн тамирчдаас одоогоор 49 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар Лондонгийн олимпод өрсөлдөх эрхээ авчихсан. Тэгвэл бусад жингийн боксчдын хувьд ирэх гуравдугаар сард Казахстанд болох тэмцээнээс олимпийн эрх авахаар бэлтгэлээ шаргуухан хийж эхэлжээ. Манай боксын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ Булган аймгийн Хангал суманд байрлах “Олимп” баазад базааж байна. Энэхүү нэгдсэн бэлтгэлд Бээжингийн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй шигшээ багийн үндсэн тамирчдаас гадна эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид ахлах дасгалжуулагч Д.Ганзориг болон дасгалжуулагч Л.Энхбаатар нарын удирдлага дор хамрагдаж байгаа аж. Тэд уг баазад гурван долоо хоногийн хугацаанд нэгдсэн бэлтгэл хийгээд энэ сарын 27-нд нийслэлд ирэх гэнэ. Тэгээд Монголын бүх ард түмний XIII спортын их наадмын хүрээнд нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 5-ны хооронд нийслэлд болох боксын тэмцээнд хүч үзэх юм байна. Ингээд гуравдугаар сарын сүүлээр Казахстанд болох олимпийн эрх олгох тэмцээний өмнө Европын цуврал зургаан тэмцээнд оролцох ажээ. Гуравдугаар сарын 30-нд Казахстанд эхлэх олон улсын тэмцээн нь Ази тивийн ширэн бээлийтнүүдийн олимпийн эрхээ авах эцсийн боломж ажээ. Иймээс ч Монголын шигшээ багийнхан оны өмнөхөн Казахстан улсад очиж шигшээ багтай нь хамтарсан бэлтгэл хийж, хоёр ч олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн билээ. 
www.UNEN.mn сайт О.Хуяг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)