АНУ, Хятад улс медалийн тоогоор тэргүүлж байна
- 2016-08-09
- Дэлхий
- 0

“Рио2016” Олимпын наадмыг медалийн чансаагаараа АНУ тэргүүлж, Хятад улс удаалж байна. АНУын анхны алтан медалийг 19 настай буудлагын спортын тамирчин Виржиниа Трайшер эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд 208 оноогоор аваргалж улсынхаа анхны алтан медалийг авчирчээ. Мөн АНУын алдарт тамирчин Майкл Фелпс олимпын 19 дэх алтан медалиа хүртэж, улсынхаа медалийн тоог ахиулав. Ингэснээр АНУ гурван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл нийт 12 медальтай чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Харин манай урд хөрш Хятад улсын анхны алтан медалийг 25 настай тамирчин Жан Мэнсюэ эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалын төрөлд түрүүлэн авчирсан байна. Тэрбээр 199.4 оноогоор Олимпын алтан медаль хүртсэн бол Оросын Виталина Бацарашкина 197.1 оноогоор мөнгө, Грекийн тамирчин Анна Коракаки 177.7 оноогоор хүрэл медаль хүртжээ. Жан Мэнсюэгээс гадна Хятад улсын хоёр тамирчин Риогийн Олимпоос алтан медаль хүртээд байгаа юм. Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 52 кгын жинд Лун Цинцюань 170 кгийг өргөн түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол эмэгтэйчүүдийн гурван метрийн синхрон трамплины төрлөөр У Минься болон Ши Тинмао нар алтан медаль хүртсэн билээ. Хятад улс одоогоор гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Удаах байруудад Австрали улс зургаан медаль, Итали долоон медаль, БНСУ таван медальтайгаар тус тус бичигдэж байна.

Сэтгэгдэл (1)
(2.65.34.33)
Dald or hujaa min yamar sanaataig chin mednee