Ирина Хакамада: Бид хувийн мэдээллээр тархиа хэтэрхий дүүргэдэг
- 2016-08-10
- Дэлхий
- 0

ОХУ-ын улстөрч Ирина Хакамадагийн “New style” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.
-Ирина ярилцлагаа таны мастер класс сургалтын талаар эхэлье. Таны лекцийг сонсохоор ямар хүмүүс ирж байна вэ?
-Миний хичээлд амжилтад хүрсэн, амжилттай яваа хүмүүс хамрагддаг. Амжилтгүй яваа хүмүүс лекцэд суух тасалбар худалдан авахгүй, мастер класс семинар сонсохгүй шүү дээ. Ер нь амжилтгүй яваа хүмүүс хүрээллээ солих дургүй байдаг юм. Би урьд нь өөртөө хэрхэн шинэчлэл хийж амьдралаа шинээр эхлүүлэх тухай ярьж байсан. Би лекцээ аль ч улсад уншиж болно. Зөвхөн Оросоор хязгаарлахгүй. Учир нь, өнөөдөр дэлхийн хаа сайгүй хаос оршиж байна. Энэ эмх замбараагүйдэл даяаршлын трэнд байх. Харин семинарын гол сэдэв бол манлайлал. Энэ лекцийг зөвхөн Орост л унших боломжтой. Учир нь Оросын бизнесийн удирлага дэлхийн чиг хандлагаас тэс ондоо байдаг. Баруунд харилцааны урлаг амжилтын 90 хувийг бүрдүүлдгийг хэдийнэ ойлгож бизнесийн хүрээнийхэн хэрэгжүүлээд эхэлсэн. Гэтэл ОХУ-д хүн бүр үүнийг мэддэг ч хэн ч баримталдаггүй. Бид харилцан ярилцаж сураагүй, тохиролцож чаддаггүй. Энэ алдаагаа засахыг хүсэгчид миний лекцэд ирдэг.
-Таны бодлоор Оросын бизнесийн салбарт хаос ноёлж байна уу?
-Би өмнө нь хэлсэн хаос бол дэлхийн асуудал. Орост хаосаас гадна замбараагүйдэл ноёлж байна. Англид хууль тогтоомжууд нь нарийн тодорхой байдаг бөгөөд хуулийг тойрч гарах бараг л боломжгүй. Тэнд бүгд ном журмын дагуу ажилладаг гэсэн үг. Харин Орост бүгд өөрийн үзэл бодлоороо ажилладаг.
-Их улс төр том бизнес бие биеэ эмчилж чадах болов уу?
-Харамсалтай нь үгүй. Тэд үргэлж холбоотой байдаг. Бизнесийн хүрээнийхэн аль нэг намыг санхүүжүүлэх, намууд олигархиудын бизнест бүрэн нэгдэнэ гэдэг хоёр өөр асуудал. Манай улсад хоёр дахь загвар үйлчилдэг. Эхний загвар бол баруунд дуулиан тарьж байна. Н.Саркозийн жишээг дурдаж болно. Тэд томоохон бизнес эрхлэгчээс мөнгө аваад ашиг сонирхлынх нь төлөө үйлчилдэг.
-Бизнесмэнүүд улс төр сонирхохгүй тэр ч байтугай улс төрөөс ангид орших боломжтой юу?
-Улс төр сонирхохгүй улс төрөөс гадна байна гэдэг ялгаатай. Гэхдээ бизнесмэн хүн улс төрд байж болохгүй. Хэрвээ улс төрд орсон л бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Харин бизнес эрхлэгч ямар нэг хэмжээгээр улс төрийг сонирхож байж үүсэх эрсдэлээ тооцох боломжтой юм.
-Ер нь улстөрч болон төлөвшихөд ямар боловсрол эзэмшсэн байх шаардлагатай вэ. Английн их, дээд сургуулийн улс төр судлалын хичээл их алдартай гэж сонссон юм байна.
-Харамсалтай нь манай улсад улс төрийн хичээл заадаггүй. МГИМО /Москвагийн олон харилцааны дээд сургууль/ дипломатуудыг бэлтгэдэг ч улс төрийн боловсрол олгохгүй байна. Тиймээс л улс төрийн элитүүд төлөвшөөгүй, хэлэлцэж сураагүй асуудлыг хувийн амбийцаараа шийдвэрлэж байгаа юм. Улс төрийн соёлгүй учраас л тэр шүү дээ. Улс төрийн элитүүдийг тусгайлан бэлтгэх хэрэгтэй.
-Бизнест болон улс төрд зөрчиж болохгүй ёс суртахууны хууль бий юү?
-Улс төр болон бизнест ёс суртахууны хоёр шалгуур байдаг. Бизнест бол ашиг, улс төрд эрх мэдэл юм. Бүгд шударгаар ажилладаг, дүрмээр тоглохын тулд хуулийг чанд сахих ёстой. Төр оршин тогтнохын тулд хуулийг санаачилсан шүү дээ. Үүний төлөө хараат бус шүүх засаглал, чөлөөт хэвлэл, сонгууль байгаа юм. Бизнес болон улс төрд ёс суртахуунаас өөр шалгуур бий. Улс төр ил тод, өөрийн ёиг үүргээсээ хазайхгүй бол бизнест саад болохгүй. Төрийн аппарат зөв ажиллавал авлигалд өртөхгүй, гэмт хэрэг гарахгүй. Энэ орчин бүрдээгүй цагт улстөрчид, бизнес эрхлэгчид хязгаараас гардаг.
-Төрийн түшээ ёс суртахууны хэм хэмжээг чанд сахих ёстой гэж үү?
-Ёс суртахуун бол субъектив чанартай. Ёс суртахуунтай хүн байхад ёс суртахуунгүй хүн ч байна. Засгийн газар хэн нэгний хувийн өмч биш. Улс орон хэн нэгэнд харьяалагдах эд зүйл биш.
-Та бизнесмэн эсвэл улстөрч бол ямар үйлдэл гаргахгүй байсан бэ?
-Надад өөрийн гэсэн ёс зүйн хэм хэмжээ бий. Тэдэн шиг замаар явсан бол миний сэтгэлийн хүч, эрүүл мэнд хэдийнэ дуусах байсан.
-Таныг ханз үсгээр урнаар бичдэг гэж сонссон. Энэ таны өөрийгөө тайвшруулах нэг үйлдэл үү?
-Би хятад ханз мэдэхгүй. Бийрээр уран бичлэг бичихэд ямар нэг шинэ санаа төрдөг юм.
-Та өөрийгөө хэрхэн хамгаалдаг вэ?
-Надад өөрийгөө бусдаас хамгаалах шаардлага байхгүй. Харин тархиа чөлөөлөхийг хүсдэг. Бид хувийн мэдээллээр тархиа хэтэрхий дүүргэдэг. Тархиа чөлөөлөхийн тулд бүтээлч шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй. Зөв шийдвэр амжилтын эхлэл болдог.
-Та өөрийгөө амжилттай хүнд тооцдог уу?
-Би өөрийнхөө амжилтын томъёог хүлээн зөвшөөрнө. Амжилтын томъёо өөр өөр байдаг. Оросын дунд давхаргынхны 80 хувь нь мөнгөөр амжилтад хүрсэн. Мөнгө, эд хөрөнгөтэй л бол амжилттай нэгэн гэж ойлгодог. Оросууд амжилтыг аз жаргалтай андуурч ойлгох нь түгээмэл. Харин би амжилтыг өөрөөр тодорхойлдог. -Та “Хакама” хувцасны брэндээ гаргасан. Хувцаслах соёлын талаар хэр зөвлөгөө өгч байна? -Би найз, загвар зохион бүтээгч Елена Макашовад туслах зорилгоор брэндээ санаачилсан. Энэ миний бизнес биш.
-Та брэндийнхээ хувцсаар үргэлж гангардаг уу?
-Хэзээ, хаана гэдгээс шалтгаална. Өнөөдөр гэхэд л би Ёжи Ямамотогийн загварыг өмссөн байна.
-Гэхдээ Ямамото Японы загвар зохион бүтээгч шүү дээ?
-Би Японы эрлийз шүү дээ. Тэглээ гээд Японы бараа бүтээгдэхүүнийг үргэлж хэрэглэнэ гэж юу байх вэ. Таалагдсанаа л хэрэглэдэг.
-Та дөрөвдүгээр сарын 13-нд төрсөн. 13- ын тоог хүмүүс тэр бүр бэлгэшээдэггүй. Харин та энэ тоонд ач холбогдол өгдөг үү?
-Харин ч энэ тоо надад ээлтэй. Үзвэрийн газруудад 13 дугаарын суудал ихэвчлэн хүнгүй байдаг. Би тэр суудлыг захиалахдаа хэзээ ч айж байгаагүй.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)