Ц.Жаргалантуул: Бүртгэлийн үед зөрчил гардаг учраас үл хөдлөхийн гэрчилгээг шаардаж байгаа

 

        Нийслэлийн Боловсролын газрын Сургалт аргазүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа

 

-Энэ жил нэгдүгээр ангид хэчнээн хүүхэд элсэх вэ?

 

-2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 27 мянга гаруй хүүхэд элсч орох судалгаа гарсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хамран суралцах тойргийг шинэчлэн тогтоосон. Үүний дагуу удирдамж гаргаад цэцэрлэг, сургуулиудад хүргүүлсэн байгаа. Энэ сарын 22-ноос зөвхөн элсэлтээ албажуулж авна.

 

-Шинээр элсэгчдийн бүрдүүлэх материалд өөрчлөлт оруулсан уу?

 

-Элсэлтийн журамд бүрдүүлэх материалыг тодорхой тусгаж ЕБС бүрт явуулсан. Төрсний гэрчилгээ болон хуулбар, эцэг , эхийн цахим үнэмлэх, зураг, шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авчирна. Учир нь, тодорхой тооны сургуулиудад ачаалал нэмэгддэг. Тухайлбал, нэг, тав, 84, 23, 18, 52 дугаар сургуульд хүүхдээ оруулах сонирхолтой эцэг эх олон байдаг. Мөн өнчин, оршин суугаа хороондоо бүртгэлгүй, түр оршин суудаг хүүхдүүдийг судалж, гэрийн хаягийг баталгаажуулахын тулд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн бүртгэл нь бизнес маягийн болох ч юм уу янз бүрийн зөрчил гараад байгаа учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзэхээр журамд тусгасан.

 

-Сурах бичиг, дүрэмт хувцсыг өөрчлөх үү?

 

-I-IX хүртэлх ангийн сурагчдын сурах бичгийг цөм хөтөлбөрийн хүрээнд шинэчилсэн. Тиймээс энэ жил хэвээрээ байна. I-V ангийнхны сурах бичгийг сургуулиар нь бүрэн хангадаг. Үнийн хувьд ч өөрчлөлт оруулаагүй. Хэвлэх үйлдвэрээс нь тухайн дүүргийн Боловсролын газарт шууд хүрч сургуулиудад тарааж байгаа. Энэ жил зөвхөн Х ангийнхны дунд цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Учир нь, тэд хичээл сонголт хийж, ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ суурийг тавьж эхэлдэг. Дүрэмт хувцасны загварт өөрчлөлт оруулаагүй. Өнгөрсөн жилийн стандартын дагуу хийсэн.

 

-Хүүхдүүд дүрэмт хувцсаа хаанаас авах вэ?

 

-Ерөнхийдөө бага ангийнхан дүрэмт хувцсаа бүрэн авдаг. Харин ахлах, дунд ангийнхны жигдрэлт 97 хувьтай байдаг. Дүрэмт хувцасны үйлдвэрүүд сургуулиудтай ярилцаж, гэрээ байгуулаад тодорхой нэг цэгт зарах зэрэг асуудлаа ярьж байгаа юм билээ. Өнгөрсөн жил зарж байсан газруудаас л авах байх. Үүний талаар тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна.

 

- 2016-2017 оны хичээлийн жил цэцэрлэгийн бүртгэлийг хэзээ, хэрхэн зохион байгуулах вэ?

 

-Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 22-26-нд зохион байгуулна. Энэ жил нийслэлийн хэмжээнд 105 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхээр байгаа. Цаана нь 40 мянга гаруй хүүхэд улсын цэцэрлэгт багтахгүй. Сүүлийн хоёр жилд төрөлт өсч, цэцэрлэгт хамруулах хүүхдийн тоо эрс нэмэгдсээр байна. БСШУС-ын сайд болон Нийслэлийн засаг даргын хамтарсан албан даалгавар гарсан. Тус албан даалгавраар өгсөн чиглэлийн дагуу бүртгэлийг зохион байгуулна. Ер нь бол уламжлалт байдлаараа бүртгэлийг зохион байгуулна.

 

- Уламжлалт байдлаар гэхээр иргэд дугаарлаж бүртгүүлнэ гэсэн үг үү. Өнгөрсөн жил зарим цэцэрлэг сугалаагаар бүртгэлээ явуулж байсан шүү дээ?

 

- Тийм. Цэцэрлэгийн бүртгэл явуулах өдрүүдэд иргэд дугаарлаад хүүхдээ бүртгүүлнэ. Сугалааны тухайд өнгөрсөн жил долоодугаар сарын 20- оос эхлээд хөндлөнгийн этгээдүүд цэцэрлэгийн гадаа хиймэл дараалал үүсгэж, өөрсдөө бүртгэл хийн өдөр бүр дугаарлаж чадахгүй эцэг эхчүүдээс мөнгө авах тохиолдлууд гарч энэ нь нийслэлийн хэмжээнд хавтгайрах шинжтэй болсон учраас сугалааг зохион байгуулсан. Энэ жил мөн адил бүртгэлийг сугалаагаар явуулж болохыг цэцэрлэгийн эрхлэгч нарт зөвшөөрсөн.

 

-Хоёр настайдаа улсын цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүд гурав, дөрөв, таван настайдаа улсын цэцэрлэгт орох боломжгүй болчихдог. Энэ тухайд?

 

-Хоёр настайдаа улсын цэцэрлэгт бүртгүүлээгүй хүүхдийг гурав, дөрвөн настайд нь бүртгэхгүй гэсэн бодлого байхгүй. Гэхдээ цэцэрлэгүүд төгсөөд явсан хүүхдийн тоогоор хоёр настай хүүхдүүд элсүүлж авдаг. Гурав, дөрвөн настай хүүхдүүдийн тухайн ангид орон тоо гарсан тохиолдолд л бүртгэдэг. Энэ нь цэцэрлэгийн хүрэлцээ хангамжтай шууд холбоотой. Таван настай хүүхдүүдийн хувьд сургуульд орохоос нь өмнө хувилбарт сургалт, өөр ямар нэгэн сургалтад хамруулж сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой ажилладаг.

 

-Сургууль цэцэрлэгийн засвар хэдэн хувьтай явж байгаа юм бол?

 

-Сайд, нийслэлийн Засаг даргын албан даалгаврын дагуу долоо хоног бүр засварын явцтай танилцаж байна. Зарим сургуулийн засварын тендер оройтож зарлагдсан ч есдүгээр сарын 1-нд амжиж ашиглалтад оруулахыг шахаж байна.

 

-Энэ хичээлийн жилд хэчнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж байгаа вэ?

 

-225 сургууль, 270 цэцэрлэг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ онд сургууль, цэцэрлэгийн 34 барилгыг ашиглалтад оруулна. Үүнээс долоо нь бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга. Таван сургууль, гурван сургуулийн өргөтгөл, 19 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулах юм.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)