Дүрэмт хувцас, сурах бичгийн агуулгад өөрчлөлт орохгүй

 

        Шинэ хичээлийн жил эхлэхэд 20 хоног үлдлээ. Энэ үед эцэг, эх, багш, сурагчид хичээлийн бэлтгэлээ хийдэг. Тиймээс цэцэрлэг, сургуулийн засвар, хичээлийн хэрэгслийн үнэ ханшийн талаарх мэдээллийг товч хүргэж байна.

 

Дэвтэр, балны үнэ хэвийн байна

 

Жил өнгөрөх тутам дэвтэр, үзэг, харандаа, сурагчийн цүнх гээд хичээлийн хэрэгслийн өнгө, загвар хувьсан өөрчлөгдөж сонголт ихтэй болсон. Үүнийг дагаад хүүхдүүд шинэ хичээлийн жилдээ бусдаас ялгарсан шинэ содон, өнгө үзэмжтэй хичээлийн хэрэгсэлтэй орохыг эрмэлздэг болжээ. Тиймээс наймдугаар сар гарангуут нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг болоод удаж байна. Энэ үеэр эцэг эхчүүд чанартай, боломжийн үнэтэй, сонголт ихтэй газраас худалдан авалт хийхийг зорьдог билээ. Иймд сонголт хийхэд нь туслах үүднээс “Нарантуул” худалдааны төвд худалдаалж буй хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг сонирхлоо. Энд 12 хуудастай нимгэн дэвтэр 150 төгрөгийн үнэтэй байна. 24 хуудастай нь 200 төгрөг байв. Цаашлаад 42 хуудастай нь 400, 60 хуудастай нь 600 бол 96 хуудастайг авбал 800 төгрөгийн үнэтэй байв. Зургийн дэвтэр хуудасны тоо, хуудас нь салдаг, салдаггүйгээсээ хамаараад 410-1080 төгрөгийн үнэтэй. Нотны дэвтэр 420-600, өнгийн цаасыг 400-780 төгрөгийн үнэтэй зарж байна. Үзэгний савны тухайд өнгө загвараасаа шалтгаалан 1500-гаас эхлээд 8000 хүртэл төгрөгөөр зарагдаж байна. Охидынх бол барби хүүхэлдэйн, зурагтай, ягаан улаан өнгөтэй байна. Хөвгүүдийнх нь машины дүрстэй, хүүхэлдэйн баатрын зурагнуудтай, энгийн загвартай гээд сонголт олон байна. Балын харандаа 200-500, үзгэн бал 200-1000 төгрөгийн үнэтэй байна. Өнгийн будаг, баллуур, будаг, харандаа брэнд өнгө загвараасаа хамаараад янз бүрийн үнэтэй. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг худалдаж авч байгаа хүмүүсийг анзаарахад будаг, бал, өнгийн цаас гээд дагалдах хэрэгслүүдийг 40-50 мянган төгрөгт багтаагаад авчихаж болох юм шиг санагдсан. Энэ үеэр худалдагч Одноо “Наймдугаар сар гарсаар иргэдийн худалдан авалт бага зэрэг нэмэгдсэн. 20-оос эхлээд хөдөөний оюутнууд орж ирэхээр худалдан авалт илүү өсөх байх. Гэхдээ сүүлийн үед хүмүүс өөрсдөө Эрээн явж хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдээд ирчихдэг болсон. Тиймээс хичээлийн хэрэгслийн борлуулалт нэг үеэ бодвол буурсан. Ер нь энд худалдаалж байгаа хичээлийн хэрэгслийн дийлэнх нь Хятадаас оруулж ирж байгаа. Энэ жил хичээлийн хэрэгслийн үнэ ханшид нэг их өөрчлөлт ороогүй. Ер нь бол үнийн хувьд янз бүр л байдаг. Дэвтэр, балны үнэ хэвийн байна. Харин баллуур, харандаа жижиг хэрэгслүүдийн хувьд загвар нь өөрчлөгддөг учир түүнээсээ хамаарч үнэ нь нэмэгдсэн” гэв.

 

Худалдааны төвүүдийн хичээлийн хэрэгслийн үнэ
ханш ижил төвшинд байна

 

“Бөмбөгөр” худалдааны төвд хичээлийн хэрэгслийн үнэ ханш “Нарантуул” худалдааны төвийнхтэй нэг их зөрүүтэй зүйл байсангүй. Харин бусад хэрэгслийн хувьд өнгө, загвар, чанараасаа хамаарч харилцан адилгүй үнэ ханштай байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан хичээлийн хэрэгслийг өөрсдөөр нь сонголт хийлгүүлэн худалдан авч байгаа харагдав. Иргэн Н.Дулмаа II, VII ангид орох хоёр зээгээ дагуулан хичээлийн хэрэгслийг нь бэлдэж байгаатай таарав. Тэрбээр “Ээж аавынх нь хичээлийн хэрэгсэл бэлд гэж өгсөн 200 мянган төгрөгөнд багтааж юм авах гээд явж байна. Одоогоор 62 мянган төгрөгийн дэвтэр, бал, шугам, баллуур аваад явж байна. Үнэ ханшийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад хэвэндээ л байгаа юм шиг байна. Ямартай ч хүүхдүүдийнхээ хичээлд хэрэгцээтэй жижиг хэрэгслийг 50 орчим мянган төгрөгт багтаагаад авсан ч өөр олон өнгийн бал, харандаа гээд илүү зүйлд 10 гаруй мянган төгрөг зарцууллаа. Эдгээр нь өнгө, загвар нь гоё болох тусам үнэ өсөх хандлагатай байна. Одоо цүнх, хувцас, форм гээд авах юм зөндөө үлдсэн. Ээж аавынх нь өгсөн мөнгө хаанаа ч хүрэхгүй бололтой” гэв. III хорооллын эцэст байрлах “Оргил” худалдааны төвд өнгөрсөн сарын 25-наас “Бичиг хэрэгсэл 2016” үзэсгэлэн худалдаа эхэлсэн бөгөөд ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжлэх аж. Энд Малайзын алдарт Сampap брэндийн бүх төрлийн дэвтэр, Германы Schneider брэндийн үзгэн бал, Оросын Гамма, Луч брэндийн өнгийн харандаа, усан будаг, баримлын шавар зэрэг бүхий л хэрэгцээт барааг нэг дороос сонгон авах боломжтой юм. Үнийн хувьд бусад худалдааны төвөөс арай хямд үнэтэй байна.

 

Цүнх 25-65 мянган төгрөгийн үнэтэй

 

“Бөмбөгөр” худалдааны төвд охидын цүнх ягаан, улаан, улбар шар өнгө илүү давамгайлсан “Мicky mouse”, “Kitty” хүүхэлдэйн киноны гүнжийн зурагтай байна. Үнийн хувьд 25-65 мянган төгрөгийн хооронд байсан бол, ахлах ангийн хүүхдүүдийн цүнх өмнөх жилүүдийнхийг бодвол илүү энгийн, спортлог болж шинэчлэгджээ. Үнэ нь 25-70 мянга хүртэлх төгрөгийн зөрүүтэй худалдаалж байв. Эцэг эхчүүдийн хувьд дундаж буюу 30- 45 орчим мянган төгрөгийн үнэтэй цүнхийг илүүтэй худалдан авч байгаа харагдлаа. Цаашлаад хэд хэдэн лангуугаар явж үзэхэд үнийн хувьд хоорондоо 2000-3000 төгрөгний зөрөөтэй байна. Харин “Нарантуул” худалдааны төвд худалдаалж буй цүнхний хувьд үнэ нь 10 мянган төгрөгөөс эхэлж байсан юм. Худалдааны төвүүдэд зарж байгаа цүнхнүүд өнгө загвар, хэлбэр хийцийн хувьд бүгд л ижил юм.

 

Сурагчдын дүрэмт хувцсыг 59.000-133.000 төгрөгөөр авах боломжтой

 

Хичээлийн хэрэгсэл бэлдэнэ гэхээр дан ганц дэвтэр, бал, цүнх аваад болчихгүй. Тийм ч учраас сурагчдын цагаан цамцын үнийг сонирхлоо. Сурагчдын дүрэмт хувцасны цамц хөх өнгөтэй болсон учир худалдааны төвүүдэд голцуу хөх өнгийн цамц харагдлаа. Цамц дээрх захуудад хэмжээ хамаарахгүй боловч материалаасаа шалтгаалан 12-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин биеийн тамирын хувцас өнгөний хувьд харилцан адилгүй үнэтэй бөгөөд мөн л материал өнгө, загвараас хамаарч 28-50 мянган төгрөгийн үнэтэй юм. “Бөмбөгөр” худалдааны төвд зарж буй дүрэмт хувцасны хувьд дунд ангийн охидынх 96.500, хөвгүүдийнх 99.300 төгрөг байна. Бага ангийн хөвгүүдийн хувьд 81.300, охидынх 59.500 төгрөг байсан юм. Харин ахлах ангийн хөвгүүдийнх 132.100, охидынх 122.200 төгрөг байв. Одоогоор Ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэдэг “Өүлэн Менч” ХХК энэ сарын нэгнээс Аса циркийн өмнө, Дүнжингарав худалдааны төв, Дөрөвүгээр дэлгүүр, GB Plaza-д дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаагаа эхлүүлээд байгаа юм. Мөн “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” ХХК 11-дүгээр сургуулийн урд, “Алтжин бөмбөгөр”, Тэнгисийн талбайд, Улаанбаатар их дэлгүүрт сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаагаа дэлгээд байгаа юм.

 

Төсвийн задаргаа оройтсоноос
засвар хойшилжээ

 

Төлөвлөгөө ёсоор сургууль цэцэрлэгийн засварыг хүүхдүүд амарч байх үед буюу зургаагаас, наймдугаар сарын 25-ны дотор хийх учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн засварын ажил 40 гаруй хувьтай явна. Түүгээр ч барахгүй зарим нэг сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хоёр хоногийн өмнөөс эхлүүлжээ. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 86, 88, 89 дүгээр цэцэрлэг, 21, 31, 45, 52, 60, “Шавь” цогцолбор, “Эрдмийн өргөө зэрэг сургуулийг засна. Харин сайдын багцаас гурван сургууль, дөрвөн цэцэрлэгийг засахаар болсон. Одоогоор 45, 52, 21, “Шавь” цогцолбор сургуулиудын засварын ажил дуусчээ. Харин 31 дүгээр сургуулийн засварын ажил 60 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодруулахад “Энэ жил төсвийн задаргаа оройтож ирсэнтэй холбоотойгоор зарим сургууль, цэцэрлэгт засвар хийх гэрээг саяхан үзэглэсэн. 80 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй засварын ажлууд долоодугаар сарын 15-наас эхлээд жигдэрч байна. Харин 80 саяас дээш дүнтэй засварын томоохон ажил наймдугаар сарын 1-нээс эхэлсэн” гэв. Харин урсгал засвараа хийж буй сургууль цэцэрлэгийн ажил дуусах шатандаа оржээ. Тухайлбал, 21 дүгээр сургуулийн санхүү “Засварын ажил 95 хувьтай явж байна. Манай сургуулийн байрыг 60 жилийн өмнө барьсан. Түүнээс хойш жил бүр урсгал засвар хийгээд явж байгаа гэв. Хотын төвийн сургууль хэрнээ бохироо өөрсдөө соруулдаг байсан. Харин энэ жилээс тусгай шугам тавиулж байгаа”. 39 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч “Манай цэцэрлэгийн засвар 90 орчим хувьтай байна. Цонх будах, гадна талын бага зэрэг тохижилтын ажлыг хийгээд дуусна. Энэ жил манайд гурван сая төгрөг төсөвлөж, түүнд нь тохируулаад засварын ажил хийж байгаа. Манайх энэ жил 30 хүүхэд бүртгэж авна” гэсэн юм.

 

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)