Аймгууд өвөлжилтийн бэлтгэлдээ шуурхайлан оржээ

 

        Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа өнгөрсөн сарын 27­нд хийж, 2016­2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад яамдаас хийж байгаа ажилтай танилцсан билээ. Үүнтэй холбогдуулан салбарын хэмжээнд хийж буй ажлаа эрчимжүүлэх, төсвийн орлогын бүрдүүлэлт хүндрэлтэй байгааг харгалзан хөрөнгө, хүн хүчний нөөц, бололцоогоо дайчлан ажиллах, тухайн салбарт нэн шаардлагатай байгаа хөрөнгийн тооцоог гарган Сангийн яаманд танилцуулах арга хэмжээ авахыг сайд нарт даалгасан. Түүнчлэн ОБЕГ­аас ирэх өвөл цас их унаж, хүйтрэх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйг онцгойлон анхааруулж байгаа юм. Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлын явц ямар байгааг аймгийн Засаг дарга нараас тодрууллаа.

 

        Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр: Хадлан тэжээл бэлтгэхэд бодлоготой хандаж байгаа

 

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай өрнөж байна вэ?

 

-Засаг даргын орлогчоор ахлуулсан комисс өвөлжилтийн бэлтгэлд анхаарч ажиллаж байна. Бүх сум, багаар явж хадлан тэжээлийн бэлтгэл, явц, отрын бэлчээр нутаг, нөөц тогтоох, газарзүйн зураглал зэрэгт анхаарч бусад цаг үеийн асуудлыг хянаж, шалгаж байгаа. Энэ жил нэлээд хатуу өвөл болно гэсэн урьдчилсан мэдээг цаг уурын байгууллагаас ирүүлсэн. Манай аймгийн зүүн урд талаар гандуу байгаа. Тиймээс хадлан тэжээл бэлтгэх, нөөц бий болгох талд түлхүү анхаарч ажиллаж байна. Энэ жил зуншлага тааруу. Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарч нэлээд га бэлчээр шатсанаас хадлан тэжээл бэлтгэхэд нэлээд бодлоготой хандаж байгаа юм. Ер нь хадлангийн хувьд аль болох өөрсдийн нөөц бололцоогоор аймгийнхаа хэрэгцээг хангана. Харин гаднаас хадлангийн баг оруулж ирэх талд шийдсэн зүйл алга. Говьсүмбэр, Дорноговь аймгаас энэ өвлийн хэцүү бэрх үеийг хамтарч давъя гэсэн санал манайд ирүүлсэн. Үүнийг судалж үзэж байна.

 

-Шинэ хичээлийн жил удахгүй эхлэх гэж байна. Танай аймгийн сургууль, цэцэрлэгийн засварын ажил дууссан уу?

 

-Аймгийн Боловсролын газраас энэ талд нэлээн анхаарч ажиллаж байна. Нийгмийн бодлогын хэлтсээс тодорхой сумдын засвар болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотой үүрэг даалгаврыг өгсөн. Одоогоор бэлтгэл ажил 90 орчим хувьтай яваа. Аймгийн хэмжээнд 16 сургууль, 20 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

 

        Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал: Мичин жил бүр зуд болдоггүй ч анхаарахад илүүдэхгүй

 

-Танай аймаг энэ жил хэчнээн тонн өвс нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа вэ?

 

-Аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаад бүх сум, байгууллага өвөлжилтийн бэлтгэлдээ орсон. Албан даалгаврын явцыг тусгай ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт шалгаж, дүнг надад танилцуулна. Аймгийн өвсний фондод нийтдээ 257 тонн өвс зайлшгүй нөөцлөх шаардлагатай байдаг. Одоогоор 100 тонн өвсний нөөц бий. Үлдсэнийг нь бэлтгэхэд эхний ээлжид хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай. Энэ жил зуншлага сайхан болж, газрын гарц сайхан байна. Тиймээс хангайн сумдад 200- аас доошгүй тонн өвсний нөөц бүрдүүлэх албан даалгавар өгсөн. Говийн сумдад 50 тонн тэжээл бэлтгэх чиглэлийг хүргүүллээ. Ер нь энэ жил зуншлага харьцангуй сайхан байсан учраас малчид назгайрах хандлага ажиглагдсан. “Ийм сайхан ногоотой жил хэчнээн цас орсон ч бид малаа хорогдолгүй өвөлжүүлэх боломжтой” гэсэн явган яриа байна. Гэхдээ мичин жилийн зуд сүүлдээ гэж ярьдаг. Хэдийгээр мичин жил бүр зуд болдоггүй ч анхаарахад илүүдэхгүй. Тиймээс өвөлжилтийн талд онцгой анхаараарай.

 

- Зарим сургуулийн засварын ажлыг дөнгөж эхлүүлж байгаа юм байна. Ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусах уу?

 

-Одоогоор гурван барилгын засварын ажил хичээл эхлэхээс өмнө дуусахааргүй болоод байна. Баянговь сумын сургуулийн засварын ажил, Дэлхийн зөн олон улсын байгууллагын 150 сая гаруй төгрөгийн тусламжтайгаар засвар хийх нэг цэцэрлэгийг энэ хичээлийн шинэ жилд амжуулж ашиглалтад оруулж чадахгүй. Учир нь, тендер оройтож зарласан юм. Манай аймгийн хэмжээнд 28 сургуульд 15 мянга гаруй сурагч, 34 цэцэрлэгт 6000 орчим хүүхэд хүмүүжиж байна. Цэцэрлэгийн хүртээмж муу хэвээр байгаа. 800 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа бий. Энэ дөрвөн жилийн хугацаанд хүүхдүүдийг сургууль цэцэрлэгийн хоцрогдолгүй болгохын төлөө ажиллана.

 

        Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: Нийт бэлтгэх өвснийхөө 10 хувийг биелүүлсэн байна

 

-Өвөлжилтийн бэлтгэлийг ерөнхийдөө хангаж эхэлсэн. Энэ жил аймгийн нийт нутгаар ургамлын ерөнхий гарц алаг цоог байна. Тиймээс орон нутгаас хадлан бэлтгэх боломж тааруу. Ургац арвин Сүхбаатар, Сэлэнгийн Орхон, Туул сум руу хадлан бэлтгэх ажлаар бид холбогдох сум орон нутгийн удирдлагатай хадлангийн талбайн зөвшөөрлийн асуудлаар ярьсан. Түрүүчээс нь хадлангийн салааг гаргаж, ажиллуулж эхэлсэн. Малчид өвөлжилтийн бэлтгэлдээ дор бүртээ орчихсон. Одоогоор нийт бэлтгэх өвснийхөө 10 хувийг биелүүлсэн байна. Цаашид эрчимтэй ажиллана. Манай аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг учраас ногоон тэжээлээ овоохон бэлтгээд авчихдаг. Аймгийн нөөцөнд бэлтгэх ёстой өвсний 50 орчим хувь нь төвлөрчихсөн. Сургууль, цэцэрлэгийнхэн урсгал засвараа хийгээд дуусч байна. Харин Лүн сумын сургуулийн дотуур байр, спорт заалны засвар хийх 160 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг өнөөдөр шийдсэн учраас одооноос засварыг эхлүүлэх байх.

 

Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин: Сүхбаатар, Хэнтий аймгаас хадлан, бэлтгэх хүсэлт тавьсан

 

-Аймгийн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах, Хөдөө, аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай захирамж гаргасан. Энэ хүрээнд тодорхой ажлыг эхлүүлсэн. Энэ өвөл нэлээн хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс өвс тэжээлээ бэлтгэх уралдаант аян зохион байгууллаа. Говийн бүсийн аймаг учраас зэргэлдээ Сүхбаатар, Хэнтий аймгаас хадлан, тариа бэлтгэх талаар холбогдох Засаг дарга нартай уулзаж, ярилцаж байгаа. Харин сургууль цэцэрлэгийн урсгал засварыг хийдгээрээ хийж байна. Аймгийн Засаг даргын зүгээс энэ сарын 20-26-ны хооронд шинэ хичээлийн жилийн нээлттэй холбогдуулан бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсэг гаргаж, шалгана. Энэ жил Замын-Үүд суманд 12 жилийн нэг сургуулийг шинээр ашиглалтад оруулна. Уг сургуулийн дотор заслын ажил хараахан дуусаагүй. Яаралтай ашиглалтад оруулахын тулд яаманд хүсэлт, шаардлага тавьсан.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)