Бан Ги Мун: Миний хэрхэн ажилласныг ирээдүйн түүхчид шүүнэ

 

        НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны “Евро ньюс” агентлагийн сэтгүүлч Изабель Кумарт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ сард дуусах ба халаагаа эмэгтэй хүнд шилжүүлэн өгөхийг хүсч байгаа ажээ.

 

-Таны бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусах гэж байна. Таны албан үүргээ гүйцэтгэх хугацаанд дэлхийг тойрсон хямрал гарлаа шүү дээ?

 

-Бидний амьдарч буй гариг дээр алан хядлага, өргөн цар хүрээг хамарсан дүрвэлт, цагаачлал гээд олон асуудал бодитоор оршиж байна. Ирээдүй биднээс сайн цагийг хүсэн хүлээдэг. Тиймд дэлхийн удирдагч эв санаагаа нэгт гэн сайхан ирээдүйн төлөө тэмцэх хэрэгтэй.

 

-“Исламын улс” зэрэг хэт даврагч бүлэглэл хүн төрөлхтний сайхан ирээдүйд саад учруулж байна. Энэ мэт бүлэглэлтэй тэмцэхийн тулд НҮБ ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

 

-НҮБ-аас 2006 онд терроризмын эсрэг зоригтой тэмцэх дэлхийн стратегийг боловсруулсан.

 

-Энэ стратеги ач холбогдлоо өгсөн гэж та бодож байна уу?

 

-Би энэ стратегийг үр дүнд хүргэхийг гол зорилгоо болгож ирсэн. Би өнгөрсөн зургадугаар сард НҮБын Ерөнхий Ассамблейн чуулган дээр зэвсэгт болон хэт даврагч бүлэглэлүүдтэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Тиймээс НҮБ-ын гишүүн орнууд терроризмын эсрэг зоригтой тэмцэх дэлхийн стратегийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

 

-Сирийн хямралыг зохицуулахад НҮБ Орос, АНУ-ын хамтын хүчийг ашиглах уу?

 

-Би Москва болон Цагаан ордны удирдагчдад Сирийн хямралыг зогсооход анхаарлаа хандуулж, үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалсан. Гэхдээ энэ асуудлыг улс төрийн дээд төвшний гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэх байх.

 

-Хэрвээ дипломат замаар зөв шийдэлд хүрэхгүй бол?

 

-Сирийн хямралыг даван туулахын тулд гурван чиглэлд үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Нэгдүгээрт, бүс нутгийн сая сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх. Хоёрдугаарт, хүчирхийллийг зогсоох. Гуравдугаарт, улс төрийн яриа хэлэлцээр хийх замаар эдгээр асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

 

-Та бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө нааштай шийдвэрт хүрч чадах уу?

 

-Миний бүрэн эрхийн хугацаа энэ сард дуусна. Тиймээс би ямар нэгэн амлалт өгч чадахгүй нь.

 

-Ярианы сэдвээ Европ руу хандуулъя. Европын орнуудыг тойрсон олон хямрал даамжирвал ямар үр дүнд хүрэх бол. Та энэ талаар боддог уу?

 

-Европын орнуудыг тойрсон хямрал ялангуяа, хүн амын шилжилт, дүрвэгсэд, цагаачдын асуудал дэлхийн анхаарлын төвд байна. Хэрвээ дэлхий эв нэгдлийг сахиж чадвал Европын асуудлыг шийдвэрлэж болно гэж боддог.

 

-Дэлхийн эв нэгдлийг харуулсан нэгэн үйл явдлаар уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын дээд хэмжээний уулзалтыг нэрлэж болно. Парисын гэрээг батлахад та багагүй үүрэг гүйцэтгэсэн.

 

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээ бол миний НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласны бахархал юм. Тунхагт НҮБийн гишүүн орны төлөөллийг гарын үсэг зуруулахын тулд би бүх эрч хүч, боломжоо дайчлан ажилласан.

 

-Та АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд сэтгэл түгшдэг үү. Доналд Трамп Парисын гэрээг тууштай эсэргүүцэгч шүү дээ?

 

-Би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар ямар нэгэн тайлбар хиймээргүй байна.

 

-Ер нь АНУ-ын Ерөнхийлөгчид дэлхийн уур амьсгалын гэрээг тасалдуулах эрх мэдэл бий юү?

 

-АНУ-ын улс төр, эдийн засгийн эрх мэдэл их учраас энэхүү гэрээний үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Би АНУын удирдагч болсон хэн боловч дэлхийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэдэг. Тиймээс энэ гэрээг тасалдуулахгүй л болов уу.

 

-Сүүлчийн асуулт. Та албан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн гэж өөрийгөө дүгнэх вэ?

 

-Миний хэрхэн ажилласныг ирээдүйн түүхчид шүүх биз. Би өнгөрсөн хугацаанд дэлхийн тогтвортой хөгжил, эмэгтэйчүүдийн эрх, залуучуудын оролцоо, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг гол зорилгоо болгон ажилласан.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.131.245.114)

    2016-08-20

    Ene erghuu salgalsan Solongos NUB iig yostoi amitan bolgoosn doo. Hamgiin uheents baiguullaga bolgoson. Ene teneg Solongosiin umnu NUB bol zangaragtai baiguullaga baisan shuu.

  • zochin (87.138.159.23)

    2016-08-20

    muunii munguur garsan ulaan muunchin

  • зочин (103.57.93.192)

    2016-08-19

    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121