Б.Обама В.Путинтэй Ханжоуд уулзана
- 2016-09-01
- Дэлхий
- 0

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ханжоу хотод болох “Их 20”-ийн уулзалтын үеэр АНУ-ын Төрийн тэргүүнтэй уулзахаар болсон тухай Кремлийн сайтад мэдээлжээ. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ сарын 30-нд хийсэн хурлын үеэр “Ерөнхийлөгч В.Путин “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Барак Обаматай уулзана. Хаалттай уулзалт тул ямар хэлэлцээр хийхийг хоёр орны удирдагч шийднэ” гэсэн байна. Цагаан ордны зүгээс хоёр орны удирдагч нар албан бус уулзалт хийхээр товлосон талаар урьд нь мэдээлж байсан билээ. Мөн ОХУ-ын “Сегодня” агентлагийн мэдээлснээр, “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд В.Путин Европын Холбооны комиссын дарга Жан Клод Юнкер болон Европын Зөвлөлийн дарга Доналд Туск нарын Европын удирдагчтай хэлэлцээр хийх төлөвлөгөөгүй байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)