Ю.Одгэрэл: Хүүхэд харах үйлчилгээнд 3000 хүүхдийг хамруулна
- 2016-09-02
- Үнэн
- 0

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Ю.Одгэрэлтэй хүүхэд харах үйлчилгээний талаар ярилцлаа.
-Хүүхэд харах үйлчилгээнд энэ жил хэчнээн хүүхдийг хамруулаад байна вэ?
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн оны долоодугаар 2-нд баталж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд харагчийг бэлтгэх, хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл болон санхүүжилтийг олгох ажлыг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулж ажилласан. Оны хагас жилийн байдлаар нийт 765 хүн бэлтгэж гэрчилгээ өгсөн. Ийнхүү гэрчилгээ авсан иргэдээс 400 гаруй нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байраа шалгуулах хүсэлт гаргаснаас 389 хүүхэд харагчийн 181 байранд дүүргийн Засаг даргын “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл” олгоод байна. Өөрөөр хэлбэл, одоогоор 2000 орчим хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулаад байгаа бөгөөд энэ тоо есдүгээр сараас эхлэн 3000 болох төлөвтэй байна.
-Хүүхэд харах үйлчилгээ явуулах зөвшөөрлийг ямар шалгуураар олгодог вэ?
-Хамгийн түрүүнд хүүхэд харах хүсэлтэй байгаагаа тухайн дүүргийн хөгжлийн төвүүдэд гаргана. Хүсэлт гаргасан хүмүүсийг хүүхэд харагчийн сургалтад суулгаж бэлтгэдэг. Үүний дараагаар стандартад тохирсон байраа бэлтгэх ёстой. Улмаар тухайн хорооны Засаг даргаар ахлуулсан багийнхан байрыг шалгаж дүгнэлтээ дүүргийн Засаг даргын ажлын хэсэгт явуулна. Ингээд дүүргээс тухайн байранд өдөр өнжүүлэх газар ажиллуулж болох үгүйг шийдвэрлэж байгаа.
-Хэдэн жилийн хугацаатай вэ?
-Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нэг жил. Хугацаа нь дууссан бол тухайн хороондоо хандаад сунгуулах боломжтой. Зөвшөөрөл олгох хугацааны хувьд янз бүр байдаг.
-Тодорхой стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах байх. Үүнийг тодруулбал?
-Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах тодорхой стандарт бий. Байрлах байрнаас эхлээд, гаднах тохижилт, хүүхэд харагчид ямар шаардлагатай байхыг дэлгэрэнгүй тусгасан байдаг. Хүүхэд харах үйлчилгээ нь маш бичил орчинд байдгаараа цэцэрлэгээс ялгаатай. Гэхдээ маш олон хувилбараар үйлчилгээг явуулах боломжийг олгосон. Тодруулбал, түрээсийн болон өөрийн эзэмшлийн байж болно. Байшин, гэрт ялгаагүй гол анхаарах зүйл нь гал тогоо тусдаа байх шаардлагатай. Хүүхдийн амарч, тоглох орчин нь гал тогоо, нойл, коридорыг хасаад нэг хүүхдэд 2.5 ам метр ногдох ёстой гэсэн стандартыг тогтоосон. Тухайлбал, нэг өрөөнд таван хүүхэд байна гэж тооцвол 12.5 ам метрт хүүхэд тоглож, унтаж, амарна гэсэн үг юм. Түүнчлэн өрөөнд овор ихтэй тавилга, хурц ирмэгтэй зүйл байж болохгүй. Ерөнхийдөө эвхдэг, хураадаг, хүүхдэд аюулгүй зүйлийг хэрэглэнэ. Ор, хөнжил нь цэцэрлэгийн цагаан хэрэглэл, хоол, тэжээлийг цэцэрлэгийн стандартын дагуу байлгана.
-Хүүхэд харагч нь хамгийн түрүүнд сургалтад суух ёстой юм байна. Сургалтын төлбөр хэд байдаг вэ?
-Хүүхэд харагч нь 18-65 насны Монгол Улсын иргэн, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой. Халдварт болон сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Бага насны хүүхэдтэй ажиллах дадлага ур чадварыг эзэмшсэн байх зэрэг шаардлага бий. Ер нь хүүхэд харагчаар бэлтгэгдэж байгаа хүмүүсийг ажиглавал багш болон туслах багшаар ажиллаж байсан хүмүүс байдаг. Сургалтыг таван өдрийн турш явуулж, өдөр бүр өөр өөр чадамжийг олгохоор зохион байгуулдаг. Тухайлбал, хүүхдийн хөгжихөд чадвар олгох, хүүхэд хамгааллын, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллах, хоол, эрүүл ахуйн сургалтыг явуулдаг. Сургалтын төлбөр 80 мянган төгрөг бөгөөд мэргэжлийн багш хичээл заадаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах сургалт тусдаа байдаг юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хүүхэд харах үйлчилгээний нэг давуу тал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулж буй явдал юм. 2-5 насны буюу сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамруулах ёстой хүүхдийг бүртгэдэг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харахаар авч байгаа хүн жирийн нэг хүүхдэд олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмж авдаг. Тухайлбал, нэг хүүхэд харагч жирийн таван хүүхэд эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд харах жишээтэй.
-Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгсөн эцэг, эхчүүдээс хэдэн төгрөгийн төлбөр авдаг вэ?
-Улсаас нэг хүүхдийн зардалд 113 мянган төгрөгийг олгодог. Үүний 60 хүртэлх хувийг эцэг, эхээс гаргуулж болно гэж хуулиар заасан. Энэ нь ойролцоогоор 60-70 мянга орчим төгрөг болдог. Өөрөөр хэлбэл, эцэг, эхээс сард 60-70 орчим мянган төгрөг авдаг гэсэн үг. Гэхдээ төлбөрийг тухайн хүүхэд харагч эцэг, эх хоорондоо зөвшилцсөний үндсэнд шийддэг. Эцэг, эх нь хүүхэд харагчтай тохиролцсоны үндсэнд хүүхдээ үнэ төлбөргүй харуулах ч боломжтой.
Ц.Заяа

Сэтгэгдэл (1)
ÐÐÐ (43.242.242.180)
манай оÑÑÐ½Ñ 4 Ð´Ð°Ð²Ñ Ð°ÑÑн 2 Ó©ÑÓ©Ó© байÑÑг ÑÐ¾Ñ Ð¸Ð¶ÑÑлж Ñ Ò¯Ò¯Ñ Ñд Ñ Ð°ÑÐ°Ñ Ò¯Ð¹Ð»ÑилгÑÑ ÑвÑÑÐ»Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ñон байна.Ñ Ò¯Ò¯Ñ Ð´ÑÑ Ð°Ð²Ð°Ð°Ð´ ÑÑ ÑлÑÑн өдөÑжин ÑÑÑгиад гÑÑд Ñ Ó©Ð³Ñин ÑмÑÑ ÑааÑамжгүй байж байна.оÑон ÑÑÑÑанд Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ñм ÑÑ