Хятадын удирдагч “Таад” систем байрлуулахыг эсэргүүцлээ

 

        Хятадын удирдагч Си Зиньпин Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужингаас эсэргүүцэн хамгаалах Америкийн “Таад” системийг байрлуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Хятадын Ханжоу хотод болж байгаа “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Си Зиньпин дарга Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гин Хе нарын уулзалт болсон юм. Хятадын удирдагч дээрх асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр, энэ асуудлыг буруу зохицуулах нь бүс нутаг дахь стратегийн тогтвортой байдлыг хангахад сөрөг нөлөөтэй, нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүйг анхааруулжээ. Уг шийдвэрт ОХУ ч мөн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд стратеги болон аюулгүй байдалд ноцтой хор хохирол үзүүлнэ, Солонгосын хойгийн байдал ч хүндэрч болзошгүй гэж мэдэгдэж байсан юм. АНУ, Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хамгийн орчин үеийн уг системийг байрлуулахаар тохиролцож байгаа нь Хойд Солонгосын пуужингийн болон цөмийн туршилтаас Өмнөд Солонгосыг хамгаалах хамтын аюулгүй байдлын гэрээгээ биелүүлэхтэй холбоотой гэж мэдэгдэж байгаа. Хятадын тал уг системийг эсэргүүцэж байгаа нь нутаг дэвсгэр нь ойр, зүүн Ази дахь стратегийн тэнцвэрт байдал алдагдаж буйтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)