Эмэгтэйчүүдэд зориулсан “FIT MOM” цоо шинэ хөтөлбөр энэ сарын 5-наас эхэлнэ
- 2016-09-07
- Үнэн
- 0

“Голден жим“ фитнесс клуб бүсгүйчүүддээ бэлэг барихаар цоо шинэ хөтөлбөрөө эхлүүлэхээр бэлдэж байна.Тус хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч Доко багштай ярилцлаа.
-Сүүлийн үед “Голден Жим” фитнесс клубээр сонин юу байна вэ. Хичээлийн хөтөлбөрүүд бэлтгэж байгаа юу?
-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монголдоо хамгийн анхны фитнесс фестивалийг “Голден жим” фитнесс клуб Монголын залуучуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээ нь олон нийтэд дасгал хөдөлгөөний ач тусыг ойлгуулсан, фитнесс клубийг олон нийтэд бодитоор сурталчлан таниулсан сайхан арга хэмжээ болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Манай клубийн хувьд гишүүд үйлчлүүлэгчдээ илүү үр дүнтэй,сонирхолтой байлгах үүднээс үргэлж фитнессийн ертөнцөд шинэчлэл хийж хүчээ авч байгаа хөтөлбөрийг нэвтрүүлэн хүргэхийг хичээж ажилладаг. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан аэробикийн хичээлийн төрөлд цоо шинээр Power Ring Pilates хичээл орж эхэлж байна. Үүнийг өөрт таарсан жижиг цагирагтай хийх ба суугаа ажил эрхэлдэг хүмүүст нэн тохиромжтой буюу нуруу ууцны хөшинги ихтэй хүмүүс, цаашлаад нурууны шохойжилтод өртөж байгаа илүүдэл жинтэй болон өртөх магадлалтай хүмүүст их тохиромжтой урьдчилан сэргийлэх үр дүнтэй хичээл байгаа. Мөн сүүлийн үед нэлээд үр дүнд хүрч хүчээ авч байгаа нэг ёсондоо манай брэнд хөтөлбөр болох GPOWER хөтөлбөр мөн шинэ элсэлтээ авч эхэлж байна.
- Тун удахгүй таныг ээжүүдэд зориулсан хөтөлбөр эхлүүлэх гэж байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-2009 онд клубээ байгуулаад одоог хүртэл долоон жил үйл ажиллагаа явуулж байхдаа олон ээжид тулгарсан асуудал дээр ажиллаж үр дүнд хүргэж байлаа. Эмэгтэйчүүд бүсгүйчүүд бидэнд олон л асуудал тулгардаг.Төрсний дараах жингийн илүүдэл, хэт таргалалтын дараах арьс сулралт, гормоны тэнцвэргүй байдал гээд эрүүл мэнд, бие организмын хувьд асуудалд өртөж байдаг.Тийм болохоор зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгайлсан нарийн жороор буюу нэг үгээр хэлбэл өөрийн долоон жилийн туршлага дээр суурилан зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөрийг бий болгоё гэж бодож төлөвлөснөө есдүгээр сарын 5-наас эхлүүлэхээр зэхэж байна.
-Маш сайхан сонсогдож байна. Энэ хөтөлбөрт зөвхөн хүүхэд төрүүлсэн ээжүүд л хамрагдах ёстой юу.Төрөөгүй эмэгтэйчүүд хамрагдаж болох уу?
-Болно. Би түрүүн хэлсэн, эмэгтэй болгонд ижилхэн асуудал тулгарч байдаг. Төрөөгүй ч залуу охид бүсгүйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэл хэрэглэснээс болж гормоны тэнцвэргүй байдал үүсэх,мөн буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас болж илүүдэл жинд өртөх тохиолдол маш ихэссэн байна. Тэгэхээр заавал төрсөн ээжүүд гэлтгүй төрөөгүй охид бүсгүйчүүд биеэ бэлдэж энэ хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой. Ер нь охид бүсгүйчүүд маань ээж болохоосоо өмнө дасгал хөдөлгөөн хийж хооллолтоо зөв зохицуулж эхэлснээр булчингийн хэмжээ, өөхний хувь хэмжээнд хурдан хүрдэг, тэр үр дүнгээ дор хаяж гурван сар баталгаажуулчихвал эргэж таргалах процесс бага байна гэж үздэг. Мөн ээж болохоор биеэ бэлдэж эхлэхдээ ч дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгочихвол илүүдэл жинд өртөлгүй хэвийн төвшиндөө хүүхдээ тээж төрүүлж төрсний дараа ч өмнө нь бэлтгэлтэй байсан бие эргээд хурдан хугацаанд чангарч, өөрчлөлт гарч хуучин хэвэндээ шилждэг давуу талтай.
-Энэ хөтөлбөр гадуур явагдаж байгаа бусад тураах хөтөлбөрөөс юугаараа онцлог давуу талтай вэ?
-Сүүлийн үед харж байхад цахим ертөнцөөр маш олон хувь хүн өөрсдийн биед гарсан өөрчлөлтөд тулгуурлан охид бүсгүйчүүдийн төрсний дараах илүүдэл жинг багасгах нэрийдлээр олон янзын аргачлал, тураах эм бэлдмэл, хоолны дэглэмийг сурталчлан борлуулдаг болж. Яг үнэндээ хүний бие организм өөр өөр гэдгийг бодолцож үзэх хэрэгтэйг анхаардаггүй. Зөвхөн ашиг орлогоо л нэн түрүүнд тавьж үздэг нь харамсалтай. Илүүдэл жинд өртсөн хүмүүс сэтгэл зүйн хувьд эмзэг, өөртөө итгэх итгэлгүй байдаг учраас илүүдэл жингээсээ хурдан хагацахын тулд өөрийгөө золиослон “туршилтын туулай” болж эхэлдэг. Гэтэл тэр хамгийн шилдэг жин хасах бэлдмэлийг нь хэрэглэснээр хэсэг хугацааны дараа үр дүн гарахгүй эсвэл хэт өөрийгөө албадаж хоолны дэглэм барьж байгаад нэг өдөр тэсвэр алдаж идэж эхлэхээр хоосон байсан бие организм илчлэг их хэмжээгээр авч өмнө нь байснаасаа ч илүүтэйгээр жин нэмж эхэлдэг. Ингээд эргээд харахад хайран цаг хугацаа, хайран мөнгө л болсон байдаг.
Тэгэхээр мэргэжлийн багшийн удирдлаган дор хяналт зөвлөгөөтэй, системчлэгдсэн программ, зөв хоолны дэглэмтэй хичээллэснээр бүсгүйчүүд маань хурдан, хүссэн хугацаандаа илүүдэл жингээсээ ангижрах нь хамгийн зөв арга гэдгийг ойлгох хэрэгтэй.Жин хасна гэдэг тийм ч хэцүү зүйл биш ердөө л цаг хугацааны асуудал гэдгийг санах нь чухал.Бас хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайн бэлтгэж би үнэхээр жингээ хасч чадна өнөөдрөөс эхлээд би өөрчлөлт хийхээр шийдсэн гэдгийг өөртөө суулгах хэрэгтэй.
Манай FIT MOM хөтөлбөрийн онцлог давуу тал нь дээрхийг цогцоор нь таны биед тохируулж тусгайлсан дасгал болон хоолны хөтөлбөрөөр багш хяналтдаа авахаас гадна эмэгтэйчүүдийн ихээр санаа зовдог асуудалтай хэсэг болсон хэвлий хэсгийн таргалалт дээр тулгуурлаж “CELLBORN beauty Salon”-той хамтарч ажиллахаар болсон байгаа. Мэргэжлийн эмчилгээний гоо сайханч,бариа засалч хийх эрүүл мэндийн чухал үйлчилгээ болох эмэгтэйчүүдийн сав голын хийг гаргах үйлчилгээ болон бүдүүн гэдэс цэвэрлэх 17 хоногийн программд хамрагдсанаар эмэгтэйчүүдийн хэвлийн асуудлыг 50 хувиар багасгах маш үр дүнтэй юм. Урьд өмнө нь манайх дан дасгалын программ явдаг байсан бол энэ удаа эмэгтэйчүүдийг дотор гадна гоо сайхнаас нь анхаарч эрүүлжүүлэн галбиржуулах тусгайлсан хөтөлбөр байлгахад гол зорилго оршиж байгаа юм. Тус хөтөлбөр долоо хоногийн таван өдөр хичээллэх бүсгүйчүүдийг уйдаахгүй сонирхолтой хэлбэрээр дасгал хийлгэх, сүүлийн үеийн хамгийн шалгарсан шилдэг программууд болох Cross Fit, HIIT, GPower, Zumba болон биеийн стресс ядаргааг тайлах галбиржуулан тураах Иогийн дасгалуудыг багтааж өгснөөр давуу талтай .Хөтөлбөр маань Fit Mom Doko Пэйж хуудсаар давхар онлайн хичээлээр хүрэх юм. Хөтөлбөр есдүгээр сарын 5-наас эхлэхээр одоо бүртгэл явагдаж байна. Энэ хөтөлбөр маань ганц удаа хэрэгжээд дуусах биш цаашид тогтмол явагдах учраас бүсгүйчүүдээ хэзээ ч зориод ирэхэд бид баяртайгаар хүлээж авах болно.
Ш.САРНАЙ

Сэтгэгдэл (0)