Б.Солонго: Швейцарь Францын зөрүүнээс бид асар их алдагдал хүлээж байна
- 2016-09-08
- Үнэн
- 0

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг алдагдалтай ажиллаж байгаа учир олон улсын зорчигч тээврийн тасалбарын үнийг нэмсэн мэдээлэл байна. Энэ талаар тус нийгэмлэгийн Тарифын хэлтсийн дарга Б.Солонгоос тодрууллаа.
-Олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний үнийг ямар шалтгаанаар нэмсэн юм бэ?
-Манай байгууллага 1951 онд төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болсон. Энэ байгууллагаас олон улсын зорчигч тээврийн үнийн тарифыг швейцарь франкаар тооцож тогтоодог. Түүн дээр үндэслэн гишүүн орнуудын суурь тариф тогтдог гэсэн үг. Тиймээс бид төгрөгөө швейцарь франкад шилжүүлнэ. Монголбанкны зарласан ханшаар нэг франк 2300 төгрөгтэй тэнцэж байна. Гэтэл бид 1100 төгрөгөөр тооцож иргэдэд билетээ зарж, 1200 төгрөгийн алдагдлыг хүлээж байдаг. Буяны байгууллагын үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Манайх 2001 оноос хойш тарифтаа өөрчлөлт хийгээгүй. Тиймээс өнөөдрийн ханшийн зөрүүг төмөр зам дийлэхээ больсон. Санхүүгийн хямралд орчихсон байгаа.
-Ханшийн өөрчлөлтийг хэзээ хийсэн бэ. Үүнээс шалтгаалан билетийн үнэ хэрхэн өөрчлөгдөв?
-Өнгөрсөн долоодугаар сараас ханшийг нэмэгдүүлж тооцдог болсон. Гэхдээ өнөөдрийн 2300 төгрөгийн ханшид хүргээгүй. Чиглэлээсээ хамааран 1600-1800 төгрөгийн хооронд тооцохоор өөрчилсөн. Ингэснээр Улаанбаатар-Москвагийн чиглэлд билетийн үнэ 434 мянга, Бээжин рүү 250 мянган төгрөг болж өөрчлөгдсөн. Өмнө нь Бээжингийн чиглэлд иргэд 173 мянган төгрөгөөр зорчдог байсан. Үндсэндээ 25 хувь нэмлээ. Хэрэв өнөөдрийн бодит ханшаар тооцох юм бол билетийн үнэ хоёр дахин нэмэгдэх гээд байгаа юм.
-Цаашид билетийн үнэ буурах уу?
-Үнэ буурах боломжгүй. Манайх хувь нийлүүлсэн байгууллага учраас улсаас ямар нэгэн санхүүжилт олгодоггүй. Харин цаашдаа энэ ханшийг барих бодлого хэрэгжүүлнэ. Мөн улирлын чанартай хөнгөлөлт гаргах талаар хэлэлцэж байна. Гэхдээ энэ хөнгөлөлт өмнөх ханшид хүртлээ буурна гэсэн үг биш.
-Төмөр зам алдагдал хүлээж байна гэж хэллээ. Хаанаас алдагдал гараад байна вэ?
-Манайх зорчигч тээврээс жилдээ 20-26 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Үүний 12-14 тэрбум төгрөг нь швейцарь франкын ханшийн зөрүүнээс орж ирдэг. Жилд дунджаар 3-4 сая зорчигчийг олон улсын чиглэлд тээвэрлэж байна. Манайх алдагдлаа ачаа тээврээс нөхдөг байсан. Гол төлөв уул уурхайн экспортын бүтээгдэхүүн тээвэрлэдэг байсан бол 2014 оноос хойш энэ төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлт эрс багассан. Тиймээс алдагдлаа бага ч гэсэн нөхөхийн тулд швейцарь франкыг 1600 төгрөгөөр тооцож байгаа. Уг нь бид одоогийн ханш болох 2300 төгрөгөөр нь тооцож ажиллах хэрэгтэй байгаа юм. Тэгж байж баланс барих тооцоо харагддаг.
Г.Мягмарсүх

Сэтгэгдэл (1)
(202.9.41.57)
bilet nemegdsenees bolj beejin ruu shuud vagonoor yvah humuus ilt tseersen shuu ,bugd l damjij yvdag bolson,er heden jiliin umnuus l iim bolson shdee ,ihenh vagon ni hooson yvdag bizdee,odoo bur hun yvahgui bolno doo,tanai menejment buruu uchraas aldagdald orj baigaa shuu,