Гадаад паспортын бэлдэцтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ
- 2016-09-10
- Нийтлэл
- 0

Гадаад паспортын бэлдэц хэвлүүлэхэд зориулж энэ оны улсын төсөвт 850 сая төгрөг тусгасан байна. Гэтэл Унгарын “Hungarian Banknote Printing Shareholding Company” хэмээх хэвлэлийн компанитай “чип”-тэй паспорт хэвлүүлэх гэрээ хийж, урьдчилаад 620 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тус компани нь 2018 оноос нааш гадаад паспортын бэлдэц гаргаж өгч чадахгүй аж. Энэ тадаарх мэдээллийг нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байна. Уг мэдээлэлд “Тус хэвлэлийн компани руу шилжүүлсэн мөнгөөр ХБНГУ-ын Giesevke & Devrient компанид “чип”-тэй паспорттой өрсөлдөх нууцлал, чанартай INFACIO технологийн ИКАО 9303 стандартын 340 мянган паспорт хэвлүүлэх боломжтой.
Сүүлийн 14 жил орчим тээвэр, даатгал, хэвлэлт зэргийг 2 евро 45 центээр тооцож ХБНГУ-д захиалан хүндрэл үүсгэлгүй гадаад паспортыг иргэдэд олгодог байсан. Гэтэл паспортын бэлдэц тутмыг 10 евро 15 центийн үнээр Унгарт хийлгэхээр болж, урьдчилсан байдлаар санхүүжилтийг нь шилжүүлж, зориулалтын хөрөнгийг нь зүй бусаар зувчуулан зарцуулж, ард иргэдийг хохироосон нь тодорхой харагдаж байна. “Чип”-тэй паспортыг нэвтрүүлэхийн тулд холбогдох эрх бүхий агентлагт иргэдээс “биометрик” мэдээлэл авах, хадгалах, “чип” дэх мэдээллийг нээх, хаах төв, чиптэй паспортод нэмэлт хэвлэлт, бүртгэлжүүлэлт хийж мэдээлэл оруулж байх үйлдвэр, хил гаальд суурилуулах хяналтын тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудлууд, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, түүнтэй холбогдох төсөв, төлөвлөгөө, хөрөнгө мөнгийг нэг мөр шийдэх ёстой. Энэ бүгдийг хийсний дараа буюу хамгийн сүүлд хийх ёстой ажлаас нь шүүрч төсвийн мөнгийг Унгар руу шилжүүлсэн нь хүн бүхний анхаарлыг татаад байна. Иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж гадаад паспортынхаа мөнгийг төлөөд авдаг учир улсын төсөвт ямар ч алдагдалгүй” хэмээн дурджээ. Түүнчлэн төрөөс ард түмэнд үзүүлэх ёстой үйлчилгээг хариуцаж буй байгууллага болон төсвөөс цалинждаг албан тушаалтнууд хариуцлага алдсанаас одоогийн нөхцөл байдал бий болсон гэж дүгнэжээ.
Дээрх мэдээллийг бичсэн иргэнтэй санал нийлэх хүн цөөнгүй байгааг цахим ертөнц дэх хандалт харуулж байна. Тиймээс бид үүний мөрөөр сурвалжлага бэлтгэхээр УБЕГ-ыг зорьсон юм. Харамсалтай нь холбогдох албан тушаалтан нь энэ талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа. Харин эх сурвалжийн хэлснээр, гадаад паспортын бэлдэцтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага шалгалт явуулж эхэлжээ. Биднийг очих үед гадаад паспорт захиалах болон авах хүний цуваа тасрахгүй байв. Гэхдээ тэдгээр иргэнийг “Гадаад паспортын захиалга ихэссэнтэй холбоотойгоор захиалах болон сунгах ажлыг түр хугацаагаар хойшлуулав” гэсэн бичиг буцахад хүргэж байлаа. Харин өнгөрсөн долоо, наймдугаар сард гадаад паспорт захиалсан иргэд паспортаа авч байлаа. Ийм л үйл явдал УБЕГ-т өрнөж байх юм. Хэн нэгэн хүний хариуцлагагүй, болчимгүй үйлдлээс болж хилийн чанадад сурч, ажиллах гэсэн олон залуус гадаад паспортаар хязгаарлуулж сууна. Дээр дурдсан иргэний мэдээллээс харвал хэн нэгэн нь төсөвт суулгасан мөнгийг зүй бусаар захиран зарцуулаагүй бол ийм байдал үүсэхгүй байсан нь тодорхой. Харин одоо хууль хяналтын байгууллага шалгаж, хэн буруутай болохыг тогтоож, хариуцлага тооцох хүртэл гадаад паспорт захиалах болон сунгуулах гэсэн иргэд хүлээхээс өөр аргагүйд хүрэв.
Ж.ЖАВЗАНПАГМА
Монголын үнэн

Сэтгэгдэл (0)