Эцэг, эхчүүд эргүүлд гарсан ч осолд өртсөн хүүхдийн тоо буурсангүй

 

        Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 60 гаруй хувь нь авто замтай хаяа дэрлэн оршдог гэх судалгаа байдаг. Энэ үүднээс сурагчдыг гэмт хэрэг, автомашины осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн жил 180 ерөнхий боловсролын сургуульд “School police” төслийг хэрэгжүүлж байсан бол энэ жил улсын болон хувийн хэвшлийн 214 сургуульд хэрэгжүүлж байгаа аж. Эцэг, эхчүүд сургуулийн ойр орчимд зогсч сурагчдыг замаар аюулгүй гарахад туслах нь эргүүлийн ажилтны үүрэг.

 

Гэвч сурагчид, ялангуяа бага насны хүүхэд осолд өртөх нь буураагүй эсрэгээрээ өссөн үзүүллэлттэй байгаа аж. Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор 37 хүүхэд амиа алдаж, 675 хүүхэд гэмтэж, бэртсэн байна. Гэмтэж бэртсэн хүүхдийн 70 хувь нь зам хөндлөн гарах үедээ осолд өртсөн бол тэдгээрийн дийлэнх нь буюу 302 нь 8-14, 277 нь 0-7 насныхан байгааг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, багш нар хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөөгүй, зам гарахдаа хүүхдээ хөтөлж яваагүй, өсвөр насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас, чихэвч хэрэглэж орчны эрсдэл аюулыг бодитоор үнэлж чадаагүйгээс осолд өртдөг байна.

 

Тухайлбал, Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн гурван багш болон бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан хоёр эцэг, эхэд хариуцлага тооцсон байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь хэсэгт 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй хэмээн заасан байдаг. Энэхүү үүргээ биелүүлээгүй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгох шийтгэл ногдуулах юм байна. Харин эцэг, эхчүүд үүргээ ухамсарлаагүй, биелүүлээгүй байж манай хүүхэд гэмтчихээд байхад би торгууль төлөх болж байна уу, би ч гэсэн хохирогч гэх байдлаар ханддаг тухай эх сурвалж онцоллоо. Сургуулийн эргүүлийн үйл явцтай танилцах зорилгоор Ататуркийн нэрэмжит тавдугаар бүрэн дунд сургуулийг зорьсон юм. Очиход их үдийн завсарлагаан таарсан учраас сургуулийн ойр орчмоос томоогүй хүүхдийн дэггүй харц, инээд хөөр цацарч, эцэг, эхчүүдийн маань ажил ид өрнөж байлаа.

 

Энэхүү сургууль нь төв замын дагуу учраас сургуулийн дөрвөн талд эцэг, эхчүүд дүрэмт ногоон хувцсаа өмсөн, зогс гэсэн дохиогоо барин зогсч харагдлаа. Ажиглаад нэлээн зогстол “Ах аа, эгч ээ би гарья” гэхэд сургуулийн эргүүл эцэг, эхчүүд ч зогс команд өгөн хүүхийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход нь тусалж байсан юм. Харин нэлээн хэгжүүн байрын том хүүхдүүд хоёр гурваараа хэлхэлдэн сургуулийн эргүүлийн дохио битгий хэл замын гарцаараа ч гарахгүй байгаа ажиглагдлаа. Эдгээр хүүхэд ямар нэгэн байдлаар осолд өртвөл тэнд албан үүргээ гүйцэтгэж байгаа эцэг, эхчүүд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт асар их гай учруулж өөрийн эрүүл мэндээр хохирно гэдгийг ухамсарлаагүй нь харамсалтай.

 

Ингээд тус сургуулийн нийгмийн ажилтан Ж.Батдоржтой уулзлаа. “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн үеэс сургуулийн зүгээс тогтсон хуваарь гарган өдөрт нэг ангиас найман эцэг, эх эргүүлд гарч байна. Нэг ээлжид дөрвөн хүн гарч, хоёр эцэг, эх зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж, нөгөө хоёр нь дотоод хэв журмаа хариуцаж байна. Зарим нэг эцэг, эх ажлаас нь чөлөө олгохгүй байна гэсэн шалтаг тооцдогийг эс тооцвол маш идэвхтэй оролцож байгаа” гэсэн юм. Харин сургуулийн эргүүлд гарсан эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг сонсоход “Өнөө өглөөнөөс өдөр хүртэл цагийн хуваарьтайгаар хүүхэд багачуудынхаа замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөл бололцоог ханган иргэнийхээ үүргийг биелүүлээд зогсч байгаадаа баяртай байна. Энэ их зөв зүйтэй үйл ажиллагаа юм.

 

Харин зарим хүүхэд гарцаараа гарахгүй хаа хамаагүй газраар гараад байна. Тэр бүхэнд хашгичаад байх хэцүү юм” гэлээ. Хүүхэд залуучууд маань замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа сахих үүднээс зөв боловсон, соёлтой оролцох шаардлагатай байгааг эцэг, эхчүүд юм хэлж байлаа. Хэдийгээр эргүүл хийгээд зогсч байгаа эцэг, эхийн эрх үүрэг ч гэсэн үүний цаана “БИ” гэдэг бүрэлдэхүүний эрүүл мэнд, амь нас байгааг хүүхэд бүр ухамсарлаасай. Үүний дараагаар уг төслийн хэрэгжилтийн талаар Монголын сурагчдын холбооны нарийн бичгийн дарга Г.Төгсөөтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр “Сүүлийн зургаан сараар аваад үзэхэд зам тээврийн осол бага зэрэг өсөлттэй байгаа. Сургуулийн ойр орчимд гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурч байгаа. Тэмдэглэлт баяр тохиолдуулан осолд өртөх хүүхдийн тоо өсдөг үзүүлэлттэй. Энэ сарын 1-ний өдөр гэхэд найман хүүхэд осолд өртсөн. Өмнөх онтой харьцуулахад 15.3, сүүлийн сараар аваад үзэхэд 18.2 хувиар буурсан үзүүлттэй байна. Гэхдээ зарим талдаа өсч байгаа тал ажиглагддаг. Сургуулийн ойр орчимд нуун дарагдуулаг зүйл их байдаг. Үүнийг эцэг, эхчүүдийг эргүүлд гаргаснаар илрүүлээд байгаа. Жишээ нь, 24 дүгээр сургууль дээр хүүхдээ хичээлдээ нь хүргэж өгөх нэрийдлээр хүний хүүхдийн цүнх бариад явж байсан хулгайн хэргийг илрүүлсэн. Хууль цагдаагийнхан шалгахад саяхан суллагдсан хулгай дээрмээр гаршсан хүн байсан. Энгийн юм шиг хэрнээ иймэрхүү хулгай дээрэм булаалт, залилангийн гэмт хэрэгт хяналт тавьснаар, энэ төрлийн хэргийн үзүүлэлт буурсан байдаг. Мөн манай байгууллагаас баруун гараа өргөөд замын хөдөлгөөнд оролцохыг бүх сургуулиудад уриалж байгаа.

 

Энэхүү баруун гарын дүрмийг Дорноговь аймаг анх хэрэгжүүлсэн. Үүний үндсэн дээр зам тээврийн осол эрс буурсан гэсэн судалгаа байдаг. Саяхан Дархан-Уул аймагт цацруулагч ханцуйвчийг хийн сургалт зохион байгуулсан. Сүүлийн үед сургуулиуд цацруулагч ханцуйвчны талаар их асууж байгаа. Энэ ажил үйлдвэрлэлийн шатандаа явна. Энэ сардаа багтаан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор цацруулагчтай ханцуйвчийг олгоно. Өглөө болон оройн бүрэнхийд баруун гараа өргөөд зам гарахад 300 метр орчим газарт гэрэл цацруулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжтой болохсон гэлээ.

 

Ж.ЖАВЗАНПАГМА
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • эргүүл гарсан эцэг эх (202.179.27.22)

    2017-05-04

    school police эцэг эхийн эргүүл үнэхээр чухал зүйл шүү би өөрөө гарсан ийм зүйлийг дэмжих хэрэгтэй шүү

  • эргүүл гарсан эцэг эх (202.179.27.22)

    2017-05-04

    school police эцэг эхийн эргүүл үнэхээр чухал зүйл шүү би өөрөө гарсан ийм зүйлийг дэмжих хэрэгтэй шүү

  • (103.57.93.170)

    2016-09-17

    ЗӨВ ШҮҮ