В.Путин: Манай нам хангалттай сайн үр дүн үзүүлсэн

 

        ОХУ-ын Төрийн дум буюу парламентын доод танхимын долоо дахь удаагийн сонгууль өнгөрсөн ням гаригт боллоо. Нийт саналын хуудасны 90 хувийг тоолсны дараах дүнгээр Ерөнхийлөгч В.Путиний тэргүүлдэг “Нэгдсэн Орос” нам 54.21 хувийн санал авч ялалт байгуулах нь тодорхой болсон талаар тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээллээ. Мөн урьдчилсан дүнгээр Коммунист нам 13.53, Либерал-Ардчилсан нам 13.28 хувийн саналаар жагсаалтыг тэргүүлж парламентад тус бүр 37 суудал авах боломжтой болжээ.Сонгуульдтусулсын 14 нам оролцож байгаа бөгөөд “Шударга Орос” нам найман хувийн санал авсан бол бусад нам таван хувийн босгоо хангаж чадаагүй байна. Энэ удаагийн сонгуулиар Төрийн думын 450 гишүүний тал хувийг шууд сонгох бол үлдсэнийг нь намын жагсаалтаар бүрдүүлэх юм.

 

Уг сонгууль нь 2014 онд Украинаас нэгтгэж авсан Крымд анх удаа парламентын сонгууль явуулж буйгаараа онцлогтой юм. Мөн парламентын сонгуулийгэсэргүүцсэнхэрэг санал авах байрны орчимд гарсан байна. Тодруулбал, Украины нийслэл Киев дэх Оросын Элчин сайдын яамны барилгыг ёслолын пуужингаар бууджээ. Украинчууд уг хэргийг онцгойлон авч үзэхгүй гэдгээ илэрхийлээд Киев дэх Оросын төлөөлөгчийн газарт нэмэлт хамгаалалт гаргахгүй гэдгээ уламжилсан байна. Украины хэт үндсэрхэг үзэлтнүүд Оросын иргэдийг санал өгүүлэхгүйн тулд Элчин сайдын яамны үүдийг хааж санал өгөхөөр ирсэн иргэнийг зодсон талаар “Итартасс” агентлаг мэдээллээ.

 

Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бидэнд дахин итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа. Манай нам энэ удаагийн сонгуульд хангалттай сайн үр дүн үзүүлсэн гэж үзэж байна. Улс орон, ард иргэдийн амьдрал хэцүү байгаа энэ цаг үед биднийг дахин сонгосон нь намд хүлээлгэж буй асар том хариуцлага, итгэл юм” гэжээ. Харин “Нэгдсэн Орос” намын дарга, Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ удаагийн сонгуулиар 2011 оны үр дүнг давтаж 49 орчим хувийн санал авна гэж тооцоолж байснаас илүү үр дүнд хүрсэн талаар онцолсон байна. ОХУын Сангийн сайд асан, стратеги судалгааны төвийн тэргүүн Алексей Курдин өөрийн цахим хуудастаа “Шинэ дум бүрэлдэн тогтлоо.

 

Парламентад шинэ төвшний өндөр босго тавьж, улс орныг хөгжүүлнэ гэж найдаж байна. Төрийн думын гишүүний бүрэн эрхээ авахаар хүлээж буй нэр дэвшигчдэд хандаж хэлэхэд ард иргэдэд хоосон үг биш үйлдэл хэрэгтэй байдаг” хэмээн жиргэжээ. Харин гаднын шинжээчид “Олон улсын анхаарлын төвд зүй ёсоор багтах уг сонгуульд В.Путиний нам олонх болно гэсэн таамаг батлагдаж байгаа ч сонгуулийн үйл явц хангалттай ил тод байсангүй” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ удаагийн сонгуульд оролцохоор 116 мянга гаруй хүн нэрээ дэвшүүлсний 102 мянгыг нь бүртгэн авчээ. Санал хураалтыг нийт 96.7 мянган сонгуулийн байранд авсан бөгөөд гадаадын 145 оронд 372 сонгуулийн байр нээн ажиллуулсан байна. Сонгуулийг зохион явуулахад Оросын Сонгуулийн төв комиссын шийдвэрлэх төвшний 880 мянган гишүүн ажилласан аж. ОХУ-ын одоогийн эрх баригч “Нэгдсэн Орос” нам нь 2007 онд 64, 2011 оны сонгуулиар 49.54 хувийн саналаар ялалт байгуулж, төрийн думын нийт суудлын 53 хувь буюу 238 суудал авч байсан юм. Ийнхүү Төрийн думын сонгуульд “Нэгдсэн Орос” нам олонх болсноор 2018 онд В.Путинийг ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх боломжтой болж байгаа юм.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.57.95.246)

    2016-09-21

    УКРАЙНЫ БАНДЕРУУД АЛЬ 2-Р ДАЙНЫ ҮЕД ГИТЛЕРИЙН ҮНЭНЧ НОХОД БАЙВ. ОДОО УКРАЙНД ШИНЭ ФАШИЗМ ТОЛГОЙГОО ӨНДИЙЛГӨЖ БАЙНА. ТЭДНИЙГ БАГА ДЭЭР НЬ НАМ ДАРАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.