Дугаарын хязгаарлалтыг өвлийн цагийн хуваарьт шилжүүлнэ
- 2016-09-30
- Үнэн
- 0

Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжихтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтэсийн цагдаагийн хурандаа Б.БАТБОЛДООС зарим зүйлийг тодрууллаа.
- Дугаарын хязгаарлалт өвлийн замын бүсчлэлд хэдийнээс шилжих вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Нийслэлийн ИТХын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүйгээр 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох өвлийн бүсчлэл ирэх сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-Өвлийн бүсчлэлийн хуваарьт шилжсэнээр замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох уу?
-Замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэх зохицуулалт хийдэг. Үүнд Саппорогийн тойрог, III, IV хорооллын эцэс, Тасганы овоо, 32-ын тойрог, КТМСийн уулзвар, Чулуун овоо, Дүнжингарав, Нарантуул, 120, Нарны гүүрээс хойшоо өвлийн бүсчлэлийн хуваарьт шилжих хязгаарлалтыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий хэсгээр дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Зуны бүсчлэлд хамаарах замуудад хязгаарлалт тогтоогоогүй учир дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
-Замын хөдөлгөөний хязгаар тогтоосноор зарим замыг хаана гэсэн мэдээлэл байсан?
-Зам хаах болон хөдөлгөөний чиглэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
Ж.ЖАВЗАНПАГМА

Сэтгэгдэл (1)
(103.212.116.131)
ÐӨРШҮҮ