Тереза Мэй: Бид Германы парламентын сонгуулийг хүлээхгүй
- 2016-10-04
- Дэлхий
- 0

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Британи улс Германы парламентын сонгуулийг хүлээж чадахгүй. Тиймээс манай улсын Европын холбооноос гарах албан ёсны хүсэлтийг 2017 оны есдүгээр сар хүртэл хойшлуулахыг тэвчихгүй байна” хэмээснийг “Сандэй таймс” цахим сонинд онцолжээ. БРИКСИТ-ийн талаарх өнгөрсөн зургадугаар сарын 23-д болсон бүх нийтийн санал асуулгаар британичуудын олонх нь Европын холбоог орхих шийдвэр гаргасан билээ. Тереза Мэй эрх баригч Консерватив намын гишүүдийн өмнө энэ сарын 2-нд тавьсан илтгэлдээ “Европын хамтын нийгэмлэгийн 1972 оны хуулийг хүчингүй болгох хэрэгтэй. Ингэснээр Их Британи бүрэн утгаараа тусгаар тогтносон улс болно. Энэхүү Европын холбооны хууль Их Британийн хуулийн нэг хэсэг болж байгаа нь буруу” хэмээжээ. Мөн тэрбээр "Бид Европын нийгэмлэгүүдийн хуулийг цуцлах тухай дараагийн илтгэлээ Хатан хаанд танилцуулах болно" хэмээжээ. Германы канцлер Ангела Меркель Их Британийг Европын холбооноос салах гэж яарсны хэрэггүй хэмээн Тереза Мэйтэй өнгөрсөн долдугаар сард уулзахдаа хэлж байсан билээ. Гэвч Тереза Мэй Европын холбоо БРИКСИТ-ийн асуудлыг нэн яаралтай авч хэлэлцэхийг шаардсан байр сууриа хадгалахаа мэдэгдсэн юм. Ангела Меркель Лиссабоны гэрээний 50 дугаар заалтыг яаралтай хэрэгжүүлэх гэсэн Европын парламентын зарим гишүүнтэй санал нийлэхгүй байгаа аж. Тиймээс Тереза Мэйд "Өнөөдөр үүссэн асуудлыг бид Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл ангитай холбон тайлбарлаж байна. Ямар нэгэн албан ёсны ба албан бус гэрээ хэлэлцээр болохгүй” хэмээсэн байна. Харин Тереза Мэй хууль эрх зүйн үндэслэл бүрдтэл Их Британи Европын холбооноос гарах ажиллагааг идэвхжүүлэхгүй хэмээж байв. Харин БРИКСИТ-ийн асуудлыг Германы парламентын сонгуулийн дараа буюу 2017 оны есдүгээр сар хүртэл хойшлуулсан нь Их Британийн Ерөнхий сайдад таалагдаагүй бололтой. Улмаар Тереза Мэй Европын холбооноос гарах урьдчилсан санал хураалтыг парламентад явуулахгүйгээр Лиссабоны гэрээний заалтад хандаж магадгүйг “Telegraph” сонинд мэдээлжээ. Эх сурвалжид дурдсанаар Т.Мэй Засгийн газрын хуульчидтай зөвлөлдсөн ба Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын төлөөлөгч учраас шууд 50 дугаар зүйлд хандан БРИКСИТ-ийг парламентын саналгүйгээр эхлүүлж болно хэмээн тэд зөвлөжээ. Тэрбээр Британийн Засгийн газар Европын холбооноос гарах үйл ажиллагааг эхлүүлэхэд хугацаа хэрэгтэй ч ирэх оны эхээр Брюссельд албан ёсны өргөдлөө өгнө гэсэн байна.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)