Александра Буратаева: Оросын телевизийн салбарт аналитик нэвтрүүлэгчид хэрэгтэй
- 2016-10-06
- Дэлхий
- 0

ОХУ-ын ОРТ телевизийн сувгийн анхны ази нэвтрүүлэгч асан Александра Буратаевагийн “Итар-Тасс” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр Оросын Төрийн думын депутатаар сонгогдон ажиллаж байжээ.
-Александра, жирийн нэг халимаг охин яаж Оросын төв телевизийн мэдээний нэвтрүүлэгч болов?
-Мэдээж амаргүй байсан. Би Москвад телевизийн курст суралцаж байхдаа Останкинод дадлага хийх боломж тохиосон юм. Дадлагын үеэр нэвтрүүлэгчид хэрхэн мэдээгээ бэлтгэж , эфирт яаж ажиллаж байгааг хараад өөртөө нэвтрүүлэгч болох зорилго тавьсан. Гэтэл аз таарч Нэгдүгээр сувагт нэвтрүүлэгч авах зарлал гарав. Тэр үед Влад Листьев / ОРТ сувгийн Ерөнхий захирал/ амьд байсан юм. Би Халимагийн телевизид ерөнхий редактораар ажиллаж байсан туршлагадаа суурилан шалгаруулалтад орох хүсэлтэйгээ Влад Листьевт хэллээ. Тэр найруулагчаа дуудаад надаас эфирийн шалгалт авав. Нэгдүгээр сувгийн ажилтнууд намайг харахаар студи дүүрэн цугласан юм. Би ч тэнцэж ОРТ сувгийн анхны ази нэвтрүүлэгч болж, залуучуудын нэвтрүүлэг бэлтгэх даалгавар авсан. Надаас өмнө ОРТд орос нэвтрүүлэгчид ажилладаг байсан. Намайг “Цаг” хөтөлбөрөөр мэдээ уншсан орой оросууд шоконд орсон гэдэг. Маргааш нь “Нэгдүгээр сувгийн мэдээ үзсэн үү. ОРТын удирдлага яагаад ийм сонголт хийв” гээд шуугиж өгсөн дөө.
-Та гайхалтай эрч хүчтэй эмэгтэй. Тиймээс таныг аз үргэлж дагадаг байх аа?
-Том мөрөөдөл, зорилготой хүн эрмэлзэлтэй байдаг. Аз намайг үргэлж дагадаг хэлж чадахгүй. 1990ээд оны эхээр Москвад амьдрал үнэхээр хатуу байсан. Би ОРТд ороод удаагүй байсан учраас ажлын ачаалал их байв. Нөхөр маань “Халимагаас явахгүй” гээд охинтойгоо Элистад амьдарч байлаа. Би тэднийгээ санан гуниглаж, хааяа уйлна. Аз амжилтыг дагаж ирдэг болов уу. Би Нэгдүгээр сувгийн “Цаг” хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр томилогдон, Москвад орон сууцтай болсны дараа нөхөр охин хоёр минь Элистагаас ирсэн.
-Та Анита Цой, Ирина Хакамада, Тина Канделаки зэрэг ази төрхөт эмэгтэйчүүд Орост алдарших эхлэлийг тавьсан. Ер нь өөрийгөө европ хүн гэж боддог уу эсвэл ази чанар тань давамгайлдаг уу?
-Миний амьдралын хэв маяг европ талдаа. Гэхдээ амьдралын гүн ухаан, дотоод сэтгэлд ази чанар давамгайлдаг. Нас ахиад ч тэр үү буддын гүн ухааныг судалж, хааяа бясалгал хийдэг болсон. Залуу байхад “Ялалтын төлөө бүхнийг хийнэ” гэсэн уриатай байлаа. Одоо бол өөрөөсөө илүү өрөөлийг бодож хийх үйлдлээ, үг яриагаа цэгнэдэг болсон. Харин таны нэр дурдсан хүмүүсийн тухайд бол жирийн оросууд биднийг ялгадаггүй байсан.
-Танд амьдралдаа харамсах үе байдаг уу?
-Би телевизээ орхисондоо харамсдаг. Яах вэ Думын гиЕшүүнээр хоёр удаа сонгогдож, гадаад, дотоодын олон газраар явсан. Гэхдээ одоо “Би телевиздээ байсан бол” гэж бодох болсон шүү.
-Оросын телевизийн салбарт шинэчлэл хэрэгтэй юү?
-Би АНУын телевизийн сувгуудыг үзээд зарим нэвтрүүлэгчдийнхээ чадварт эргэлзэх болсон. Бидэнд гоё сайхан хүүхнүүд биш туршлагатай, аналитик нэвтрүүлэгчид хэрэгтэй байна. Жишээлбэл, манайд ихэвчлэн 23 настай охид мэдээ уншдаг. Тэд мэдээний агентлаг, эх сурвалжаас авсан мэдээллийг дамжуулж байгаа ч үзэгчдэд тоймтой хүргэж чаддаггүй. Гэтэл барууны мэдээний сувгийн нэвтрүүлэгчид нас тогтсон, боловсорсон байдаг. Тиймээс тэд мэдээгээ халуун цэгээс нь хүргэж байгаа мэт итгэлтэй, ойлгомжтой дамжуулж үзэгчдэд мэдээлэл өгч чаддаг. Мэдээ, мэдээлэл хоёр ондоо шүү дээ. Ер нь “Үзэгчид нас тогтсон нэвтрүүлэгчийн мэдээнд итгэдэг” гэсэн барууны судалгаа ортой шүү.
-Та нэвтрүүлэгч байхдаа юуг чухалчилдаг байсан бэ?
-Үзэгчдээ хүндэтгэхийг нэгдүгээрт тавьдаг байсан.
-Төрийн думын гишүүн байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Би парламентын гишүүнээр сонгогдоод сэтгүүлч зангаараа Ерөнхийлөгчийн засаг захиргаа, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын “гал тогоо”нд орж, хэрхэн ажиллаж буйг харахыг хичээсэн. Дараа нь улс төр миний хийх зүйл биш гэдгийг ойлгосон. Үндсэндээ хэтэрхий ажил хэрэгч байхаас залхсан. Тэгээд нам тайван амьдралыг сонгож, гэрийн эзэгтэйн албыг хашиж байна даа.
-Ажил хэргийн хослолоо гэрийн халатаар солих амархан байсан уу?
-Би ОРТд найм, Төрийн думын гишүүнээр найман жил ажилласан. Өдөр бүр албаны хувцастай чухал царай гаргаж суухаас эцэстээ залхсан. Би эмэгтэй хүн, гэрийн эзэгтэй гэдгээ мэдрэхийг хүссэн юм. Тиймээс эхнээсээ хэцүү ажил шиг санагдаагүй.
Х.Эрдэнэ

Сэтгэгдэл (0)