Италийн эргээс 5600 цагаачийг аварчээ

 

        Италийн Тэнгисийн харуулын албаныхан 5600 гаруй цагаач, дүрвэгчийг аварчээ. Ингэхдээ Ливийн эргээс 40 орчим завь хөлөглөсөн цагаачид, дүрвэгчдийг нэг өдрийн дотор аварснаараа онцлог юм. Аврах ажиллагааны үеэр нэг дүрвэгч амиа алдсан байна. Мөн хүнд шархадсан цагаачдыг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн ажээ. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдэгдсэнээр энэ он гарснаас хойш Италид 132 мянган дүрвэгч хөл тавьжээ. Хууль бусаар хил давуулах завиуд дунджаар 720 хүн тээвэрлэдэг байна. Ийнхүү даац хэтрүүлснээр тэнгист осолдох шалтгаан болдог аж. Энэ удаагийн аврах ажиллагааны үеэр 200 орчим хүүхдийг аварсан байна. Хүүхдүүдийн олонх нь харгалзах хүнгүй явж байжээ. Италийн эргийн орчимд даац хэтрүүлсэн нэгэн завь хөмрөн живсний улмаас 336 цагаач амь эрсэдсэн хэрэг гарснаас хойш гурав хоногийн дараа уг аврах ажиллагааг явуулсан байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)