Элэгний С вирусийн эсрэг эм сонголттой болсоор л...

 

-2030 ОНД МОНГОЛ УЛС ЭЛЭГНИЙ С ВИРУСЭЭС АНГИЖИРНА-

 

Монголчуудын өмнө тулгамдаад буй нэг чухал асуудал бол элэгний хавдар. Элэг өвчлөх хамгийн том шалтгаан нь А, В, С, Д, Е төрлийн вирусийн халдвар юм. Нөгөө талаас хоол болон зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор элэг өөхөлдөг байна. Сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улсад вируст хепатитын халдвартай 700 мянга гаруй хүн бий аж. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш юм. Үүний 450 мянга гаруйг элэгний С вирустэй гэж үздэг байна. Гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд энэ нь санаа зовнихуйц тоо гэдгийг олон улсын мэргэжилтнүүд онцлоод байгаа юм. Тиймээс өнгөрсөн онд элэгний С вирусийн эсрэг өндөр үйлчилгээтэй харвони гэх эмийг оруулж ирсэн билээ. Энэ эм дэлхийн зах зээлд 94 мянган ам.долларын үнээр борлуулагддаг. “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд тус эмийн үнийг 98 хувиар хөнгөлөн, нэг курсийг 1200 ам.доллараар худалдаалахаар болсон. Харвони эмийг манайд саяхныг болтол дунджаар хоёр сая гаруй төгрөгийн үнээр худалдаалж байв. Өнгөрсөн есдүгээр сараас харвони эмийн нэг сарын хэрэглээний үнийг 300 ам.доллар болгон бууруулжээ. Өөрөөр хэлбэл, нэг курс нь 900 ам.доллар болсон гэсэн үг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт элэгний С вирусийн эсрэг шинэ эмийг хямд үнээр дахин оруулж ирсэн талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татав.

 

Иргэд ”Элэгний вирустэй хүн олширч байгаа нь зарим компанид бизнес хийх гол түлхүүр болж байна”, “Ийм хямд үнэтэй эм байсан юм бол эртхэн оруулж ирэхгүй яасан юм бол”, “Хэдэн сарын дараа бүр хямд үнэтэй эм дахин оруулж ирэхээр нь авч ууна” гэх зэргээр ярьж эхэлсэн юм.

 

“ГИЛЕАД САЙНС“ КОМПАНИ ЭНЭТХЭГТ ЛИЦЕНЗЭЭ ӨГСӨН

 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг “АНУ-ын “Гилеад Сайнс” компанийн үйлдвэрлэсэн харвони эмийг 2015 онд Монгол Улс эмийн бүртгэлдээ оруулсан. Америкт гурван сар буюу нэг курсийг нь 94 мянган ам.доллараар худалдаалдаг. Харин манайх гурван сарын хэрэглээ буюу нэг курсийг нь 1200 ам.доллараар оруулж ирсэн. Өнгөрсөн есдүгээр сард Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг уг эмийг үйлдвэрлэгч АНУын “Гилеад Сайнс” компанийн Ази номхон далайн асуудал хариуцсан захирлыг хүлээн авч уулзахдаа, эмийг дахин хямдруулах талаар ярилцаж, тохирсон. Ингэснээр харвони эмийн нэг сарын хэрэглээний үнийг 300 ам.доллар болгож бууруулсан юм. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн болох элэгний С вирусийн эсрэг хепсинат-ЛП эмийг 150 ам.доллараар нийлүүлж эхэлсэн. Яагаад үнийн ийм зөрүүтэй байгаа вэ гэхээр АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь харвони эмийг үйлдвэрлэхийн тулд 10 гаруй жил судалгаа, шинжилгээ хийсэн. Энэ хугацаанд олон удаа лабораторид шинжлүүлж, маш их хүч хөдөлмөр, их хэмжээний санхүү зарцуулсан нь мэдээж. Тиймээс харвони эмийн үнэ өндөр байгаа хэрэг. Ер нь АНУ-ын “Гилеад Сайнс” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан. Манай улсад одоогоор Энэтхэгийн дөрвөн компанийн ерөнхий нэршлийн эм бүргэлтэй байна” гэв.

 

ХАРВОНИ ЭМИЙН ҮР ДҮНГ 5000 ХҮН ҮЗЖЭЭ

 

Өнгөрсөн жилээс хойш харвони эмийг 5000 гаруй хүн хэрэглэж, үр дүнг нь үзсэн байна. Эмийн үнийг бууруулснаар хэрэглэгчийн тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байв. “Омбол”, “Ази фарм”, Монгол эм импекс концерн, “Монос” ХХК зэрэг нь элэгний С вирусийн ерөнхий нэршлийн эмийг 250-300 ам.доллараар оруулж ирэхээр салбар яамтай гэрээ байгуулжээ. Гэвч сүүлийн үед түүнээс хямд үнээр ийм төрлийн эмийг оруулж ирж байгаад бид баярлах ёстой юу аль эсвэл хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатай юу гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. МХЕГ-ын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн байх ёстой бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж оруулж ирдэг. Гаднаас оруулж ирэхдээ импортын лиценз авдаг. Хил дээр ирэхэд нь бичиг баримт, хаяг, шошго, тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангаж буй эсэхийг шалгадаг. Шаардлагатай тохиолдолд лабораторийн дээж авдаг. Элэгний С вирусийн эм гээд тусгайлан шалгаж, хянадаггүй. Ерөнхий стандартын дагуу хяналтаа тавьдаг” гэсэн юм. 2030 он гэхэд Монгол Улс элэгний С вирусээс бүрэн ангижрах зорилтыг дэвшүүлээд байгаа билээ. Ямартай ч та бүхний сонголтод АНУын “Гилеад Сайнс” компанийн лицензээр Энэтхэгт үйлдвэрлэж буй ледвир, ледифос, вирпас, хепсинат-ЛП гэсэн дөрвөн эм оруулж ирээд байгааг дуулгая.

 

УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭЛЭГНИЙ С ВИРУСТЭЙ ИРГЭДИЙГ ХЯНАХ 140 ЭМЧ БАЙДАГ

 

Элэгний С вирусийн эмийг улсын хэмжээнд сургалтад хамруулсан 140 эмчийн хяналтад орсноор авах боломжтой гэнэ. Иргэдийн хувьд элэгний С вирустэй эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн түрүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах ёстой юм байна. Орон нутгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Ингэснээр хэрэв элэгний С вирустэйг тогтоовол ХӨСҮТ болон улсын I, II, III төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж бүртгүүлэх юм байна. Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14, аймаг тус бүрийн нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар тухайн эмийг олгодог аж. Түүнчлэн элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй ламивудин, тенофовир, телбивудин, рибавирин, интерферон зэрэг эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас худалдан авах боломжтой. Өөрөөр хэлбэл, дээрх таван нэр төрлийн эм хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад багтсан гэсэн үг.

 

ЛЕДВИРИЙГ ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ

 

Элэгний С вирусийг эмчлэх ледвир эмийн эмчилгээний үр дүн нь 98-99 хувь бөгөөд Монгол эм импэкс концерн энэхүү эмийн нэг хайрцгийг 520 мянган төгрөгөөр Улаанбаатар хотын болон 21 аймагт байрлах өөрийн салбараар худалдаалж байгаа юм байна. Түүнчлэн Капитал банк нь Монголд анх удаагаа “Эрүүл мэндийн бүтээгдэхүүн”-ий лизингийн зээлийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь элэгний С вирусийн эмчилгээ нэн яаралтай хийлгэх шаардлагатай байгаа иргэдэд санхүүгийн дарамт багатайгаар эмчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлж өгчээ. Тодруулбал, барьцаа хөрөнгө шаардахгүй бөгөөд зургаа хүртэлх сарын хугацаатай, 1.9 хувийн хүүтэй зээлээр “Майлан лабораториес” компанийн ледвир эмийг авах боломжтой юм байна.

 

ХЕПСИНАТ-ЛП ЭМИЙГ 150 АМ.ДОЛЛАРААР ХУДАЛДААЛЖ БАЙНА

 

Харвони эмийн үндсэн болон ледипасвир, софосбувирын найрлагатай, эмийн үйлдвэрийн албан ёсны зөвшөөрөл бүхий Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн болох элэгний С вирусийн эсрэг хепсинат-ЛП эмийг өнгөрсөн долоо хоногоос нийлүүлж эхэлсэн. Уг эм нь Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа эмээс биоэквивалент судалгаанд орж, чанарын шаардлага хангасан эм юм байна. Тус бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд 150 ам.долларын үнээр хүрэх бөгөөд хэрэглэх заалт, эмчилгээний хугацаа харвони эмтэй ижил юм. Эмчийн хяналтад, тасралтгүй хэрэглэх ёстой учраас Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв, хот болон хөдөө орон нутгийн гэрээт эмийн сангуудаар худалдаалах аж.

 

ВИРПАСЫН ҮНИЙГ ХЯМДРУУЛЖЭЭ

 

Элэгний С вирусийг эмчлэх вирпас гэх эмийг энэ сараас эхлэн үндсэн үнээс нь 40 хувь хөнгөлж, 155 ам.доллараар худалдаалахаар болжээ. Вирпас нь элэгний С вирусийн эсрэг харвони эмийн ерөнхий нэршлийн эм. Нэг хайрцаг нь 155 ам.доллар байх юм. Нэг курс эмчилгээнд доод тал нь гурван хайрцаг гэж тооцвол 465 ам.доллараар иргэд уг эмийг авах юм байна.

 

Ц.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.91.115.40)

    2016-10-08

    B virus yah yum be