Засгийн газрын бодлого ба зуун нарны хооронд

 

         Монгол Улсын парламентын түүхэнд хамгийн богино хугацаанд бүрдсэн Мэргэжлийн Засгийн газрын 100 хоног айсуй. Ерөнхий сайдыг томилсны 100 хоног ирэх 17-нд тохиох бол Засгийн газар ирэх сарын эхээр энэ ойтойгоо золгох юм. УИХ-ын ээлжит сонгуулийн өдрөөс хойш ес хоногийн дараа Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг, 24 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилсон гэдэг хугацаа түүхэн үзүүлэлт. УИХ-ын долоон удаагийн сонгуулийн үр дүнд ийм богино хугацаанд Засгийн газраа бүрдүүлж байсан нь үгүй. Тэр ч бүү хэл УИХ-ын 76 гишүүн нэгэн зэрэг тангараг өргөсөн түүх ч өмнөх зургаан удаагийн сонгуулийн түүхэнд байгаагүй...

 

Мэдээж улстөрийн жишиг, уламжлалаар Засгийн газрын 100 хоногийн ой гэдэг чухал. “Таван үгнээс тар нь танигдана” гэдэг шиг айсуй 100 хоногийн хугацаанд Засгийн газраас гаргасан бодлого, шийдвэр Монгол Улсын ирээдүйн дүр төрхийг ямар нэгэн байдлаар тодорхойлдог нь жам. Иргэд ч энэ мөчид албан бусаар дүгнэлтээ өгнө. Өмнөх Засгийн газар энэ ойд нэлээд ач холбогдол өгч, олон цуврал сурталчилгааг суваг бүрээр цацахын зэрэгцээ гэрэл зургийн үзэсгэлэн хүртэл зохион байгуулж байв. Харин мэргэжлийн Засгийн газар 100 хоногийн ойгоо даруухан тэмдэглэх төлөвтэй.

 

ЭДИЙН ЗАСАГ БА ИРГЭДИЙН “ТЭНХЭЭ”

 

Улсын эдийн засагтай холбоотой гурван жил гаруй үргэлжилсэн бараан мэдээлэл бодит байдал дээр яг хэвээрээ. Гадаад, дотоодоос авсан зээлийн нийт хэмжээгээр өрийн үйлчилгээнд 6.6 их наяд төгрөг буюу төсвийн нийт орлогоос давчихсан хөрөнгийг зарцуулах толгой өвтгөсөн мэдээллээс эхэлбэл маш товчхондоо байдал хүнд байна. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн хугацаанд гар хумхисангүй. Хамгийн наад зах нь ширхэг хуушуурын үнэд ч хүрдэггүй байсан хонины нэхийг 4000 төгрөгт хүргэж, малчдын орлогод санаа тавилаа. Жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 90 хувиар бууруулах шийдэлд хүрэв.

 

Төрийн болон төрийн өмчит газрууд хэрэгцээтэй бүх зүйлээ дотоодоосоо хангахаар болов. Үүнээс гадна “Уул уурхайтай холбогдсон томоохон төслөө хөдөлгөж байж орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ” гэдэгт УИХ дахь олонхийн бүлэг санал нэгдсэн гэдгээ дуулгасан. Эдийн засагчийн тодорхойлж буйгаар энэ үндсэн шугамыг барьж, ирэх оны төсвийн төслөө зурагласан байна. Ингэснээр он удаан жил гацсан “Тавантолгой” зэрэг томоохон төслүүд богино хугацаанд хөдөлгөөнд орох боломжтой гэсэн үг. Мөн Эрдэнэтийн 49 хувийг дотоодын хувийн хэвшил мэдэлдээ авахаар болж байна. Төсөв хүнд, валютын нөөц хомс ч гэсэн “Оюутны хөгжлийн зээл”, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагчдын тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг хуучин мөрдөж байсан хэмжээнд буюу 36 сар хүртэл хугацаагаар тооцож олгохоор болсон гэх мэт олон бодлого, шийдвэртэй 100 хоногийг угтаж таарах нь. Энэ бүхнээс гадна 2015, 2016 онд өөрийн хөрөнгөөр төрд үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжүүд ч олон бий. Тэдний хөлсийг яаралтай өгөх тухай ч ярьж байна. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газар тэвчиж болох зардлаа бодит боломжоор танасан. Зарлага дээр ямар ч шинэ зүйл оруулаагүй” гэсэн байв.

 

ТОМ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХЭНД

 

Олонх болсон улстөрийн хүчин Засгийн газраа бүрдүүлээд 100 ч хоноогүй дахин сонгуульд оролцож байгаа нь мөн л анхны тохиолдол болж байна. Тодруулбал, орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн 1-ний өдрөөс эхэлсэн. Энэ удаад ч урдын адил улстөрийн гол хоёр хүчин бүтэн багаа “сойв”. Сонгууль гэдэг ойлголтоор биенээ үгүйсгэсэн байдал, нэгнээ буруутгах гэсэн яриа сум, дүүргийн хэмжээнд ид дундаа. Энэ хэрээр иргэдийг бодит мэдээллээс зориуд холдуулах, хувь улстөрчийн үзэл бодлыг мөрийн хөтөлбөртэй нь адил хэмжээнд зэрэгцүүлэн буруутгах байдал ч хаа сайгүй. Цөөн үгээр хэлбэл, яг одоогийн байдлаар улстөржилт монгол өрх бүрийн хаалгыг тогшиж байна. Угаас манай улсын бүхий л шатны сонгууль ийм “араншинтай”. Энэ цаг мөчид улстөрийн гол намуудын дотоодын аж амьдрал ч тийм сайнгүй. Намуудын лидер гэгдэх улстөрчид Э.Бат-Үүлээс эхлээд өөрийн толгойгоо бие даан мэдэж, том сэдэв хөндөн намаасаа тусдаа ажиллаж эхэллээ. Энэ хэрээр нам доторх хүчний харьцаа алдагдах болов. Ажиглагчдын үзэж буйгаар үүнийг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна. Ийм дүгнэлтэд хүрсэн тэдний ч зөв байх. Бас үгүй ч байж мэдэх. Гэвч энэ бүхнээс гадна хаяанд ирээд байгаа орон нутгийн сонгуулийн сонголтод хоёр том намын нэгэнд том өөрчлөлт гарах нь ойлгомжтой болж ирлээ. АН энэ удаагийн орон нутгийн сонгуульд дахин эсрэг үр дүнтэй гарвал дотоод байдал нь бүр ч дордоно. Намаа шинэчлэхийг одоо хүртэл шаардсаар байгаа залуусын зориг улам бүр бадарч, намын удирдлагуудынхаа нэр төр, ирээдүйн үйл хэрэгт халдах нь гарцаагүй. Энэ байдал ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хүртэл муугаар нөлөөлж таарах биз. Харин сум, дүүргийн сонгуульд санасан хэмжээндээ хүртэл санал авбал одоогийн түр орлон гүйцэтгэгчид жинхлэх магадлал тун өндөртэй. Тэгээд ч он дуусахаас өмнө АН-ын ҮЗХ хуралдаж, удирдлагын багаа сонгох учиртай. Харин эрх барьж буй МАН-ын хувьд энэ удаагийн сонгуулийн үр дүн эсрэг гарвал байдал тун эвгүй. УИХ-д үнэмлэхүй олонх болсон атлаа орон нутагт өөр үр дүнтэй гарвал энэ бүхний хариуцлагыг хэн нэгэн хүлээж таарна. Цаашлаад тэр байдал нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын хэмжээнд ч яригдаж магадгүй. Хамгийн гол нь УИХ-ын сонгуульд 80 гаруй хувиар тасархай давамгайлсан үзүүлэлтийг “100 хоногийн дотор үгүй хийсэн” гэдэг үндэслэлийг захын нэг гишүүн учирлаж, улмаар хариуцлагаа хүлээхийг шаардах нь гарцаагүй. Тэгээд ч энэ онд багтаж, МАН-ын их хурал болох учиртай. Гэвч бодит байдал дээр шат шатны сонгуулийн үр дүн зөрж гарах нь эцсийн дүндээ иргэдэд л халгаатай байдаг. УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Энэ итгэлдээ үнэнч байж, удахгүй болох орон нутгийн сонгуульд багаар нь сонговол ямар нэгэн улстөржилтгүйгээр төрийн ажил урагшилна. Муугаар бодоход эцэс сүүлд нь хариуцлагаа нэхэхэд ч иргэдэд амар. Харин зөрүү сонголт хийчихвэл төрийн ажил дунд шатандаа ямар нэгэн шалтгаангүйгээр гацахгүй гэх баталгаа байхгүй. Төсөв хүнд, орлого нь зарлагаа нөхөж чадахгүй байгаа хэдий ч бид тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийнхээ мөнгө, оюутныхаа зээлийг цаг тухайд нь авах ёстой. Гэтэл энэ бүхний дундуур өөр бодлого, өөр баг орж ирээд ирээдүйд эзлэх байр суурь, намынхаа хувь заяаны тухай бодсон улстөржилт явуулаад байвал бид яах вэ.

 

Д.Ганбаатар

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • арга барсан ажилгуй Монгол иргэн (202.9.42.139)

    2016-10-11

    бух унэгуй зугээр огч байгаа монгоноос татгалзах эрх тэгш зов хувиарлалтын толоо монополдож шулагчдын эсрэг Монголын баялагт эзэн суусан баячуудаас албадан ажлын байр гаргуулж ажил хийж ороо оорсдийхоо амьддралд эзэн байх аргабидэнд ажлаас хойш суух хусэлтэй хун гарахгуй дээ

  • (202.9.42.139)

    2016-10-11

    биднийг тэжээвэр ноход болгодог байдлыг аль болох халах нь зов бидэнд шавахруу хэрэгуй ажил хэрэгтэй бна ардчилал нэрээр ажлыг минь булааж авсан Соц уед ажилгуй хун байгаагуй гадаадад эх орноосоо дайжиж амьдрах сонирхол байгаагуй шуу хааш нь хотлоод бна амс хийгээд нэг бодох цаг болжээ

  • (202.179.25.176)

    2016-10-10

    Сошиал ертөнцөөр аялагчдад Төрийн бодлогыг самрагч хэт мэргэн жараахайнууд хэн бэ? Онолын хувьд тиймэч практик амьдрал дээр үгүй ( теоротический да, практический нет. ) гэдэг үнэн түүхэнд дэндүү олон байдаг. Үүнийг ойлгох ухаангүй хоосон цэцэрхэдэг мэргээн жараахайнууд манай улс төрд дэндүү олон байна уу даа. Тэдгээр хүмүүс ардчилал, хүний эрх, яс үндэс нас хүйсээр үл ялгаварлах зэрэг тулгуур хэдэн ойлголтын язгуур үндэсийг ойлгохгүй хэрнээ урдаа барин бүгдийг самарч нурааж өөхч биш булчирхайч биш болгож ирлээ. Жишээ нь: Хүүхдийг ялгаварлаж болохгүй ээ, тэрбумтны хүүхдэч авах ёстой гэнэ, Баян-Өлгийн оюутанд унааны зардал олгож байгаа бол Төв аймгийн оюутанд ч өгөх ёстой гэх мэтээр цэцэрхэнэ. Сая УИХ-ын чуулганаар 1,5 тэрбумаас доош орлоготой ЖДҮ эрхлэгчдийг татвараар дэмжих хуулийн төсөл хэлээлцлээ. Энэ удаач хэт мэргэн жараахайнууд Үндсэн хуулийн философ, АНУ,Хятадын туршлага яриад онолдож гарав.( Энэ удаа нэрийг нь дурьдахаа түр азнав.МАН-ын нилээд нэртэй гэгддэг гишүүд байв. ) Худалдаа үйлчилгээ гэх мэт маш чухал салбаруудыг ялгаварлалаа бүгдийг хамруулахгүй бол МУ-ын Үндсэн хууль, ОУ-ын хууль эрхийн актууд будаа болох юм байхаа. Тиймээ. Үндэсний үйлдвэрлэл хөгжсөн орнуудад худадлаа үйлчилгээ нь үндэсний үйлдвэрлэлийхээ бараа бүтээгдэхүүүнийг борлуулах, ажлын байр буй болгох гээд маш чухал үүрэгтэй байдаг нь үнэн, харин үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй оронд бусад орны бараа бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийн үүрэгэ л гүйцэтгэдэг. Бидний хувьд 20 гаруй жил Эрээний худалдаачдыг л дэмжиж тэдний бараа бүтээгдэхүүнийг сурталчлах борлуулах үйл ажиллагаа явуулж ирлээ. Үүнийг төрийн бодлогоор цаашид урамшуулан дэмжих хэрэгтэй гэж үү. Энэ мэтээр улс орныг маань өөрийн гэсэн төрийн бодлогогүй болгож байгаа биш үү.

  • (103.57.93.33)

    2016-10-10

    ЗӨВ ШҮҮ