Боомтын бодлогоос богцолж ирсэн минь
- 2016-10-13
- Нийтлэл
- 0

“Нэг бүс, нэг зам” нэрийн дор аяны дөрөө нийлсэн хоёр орны сэтгүүлчид холын газрыг ойртуулах шиг хөгжлийн хурдыг ажиж явав.
“Өмнөд хөрш гүрний хилийн шугамын 19.4 хувь нь Өвөр монголын нутагт хамаарч байна.
Тэр дагууд хилийн боомт 14 боомт байх аж. Манай Улстай хилийн 10 боомтоор харьцаж, хоёр улсын хоорондын бараа эргэлтийн 95 хувийг нэвтрүүлж байна.
Өвөр монгол нутгаар мөн ОХУ-тай дөрвөн боомтоор хиллэдэг. Тэдгээрээр Хятад,Орос хоорондын бараа эргэлтийн 65 хувийг нэвтрүүлж байгаа гэдэг. Ерөөс ӨМӨЗО нь Хятад улсын Төрийн зөвлөлөөс баталсан нийт 18 боомттой юм байна. Үүнд төмөр замын боомт хоёр, авто замынх 12, олон улсын нисэхийн боомт дөрөв багтдаг ажээ.
Цаашид манай улстай зарим шинэ боомтыг нээн харилцах хүсэлтэй байгаа тухайгаа Хятадын тал мэдээлж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын “Хятад,Монголын хилийн боомт,түүний дэглэмийн тухай” гэсэн хэлэлцээр буй. Түүний хэрэгжилтийг хангах талаар хийдэг уулзалтын тав дахь удаагийнхаар уг хүсэлт-асуудлыг хэлэлцжээ.
Газрын дарга нарын хэмжээнд болсон тэр уулзалтаар Өлзий-Цагаандэл уул авто замын боомт нээх, Сэхээ-Шивээ хүрэн, Ганц мод-Гашуун сухайт, Зүүн хатавч-Бичигт, Рашаан-Сүмбэр гээд төмөр замын дөрвөн боомт нээх тухай ярилцсан байна. Түүнчлэн Мандал-Ханги, Өвдөг-Баянхошуу, Ар хашаат-Хавиргын боомтыг байнгын ажиллагаатай болгох талаар тэнд яригдсан хэрэг. Энэ бүхнээ тусгасан агуулгын өөрчлөлтийг дээрх хэлэлцээрт нэмж оруулах тухайд тохиролцсон гэнэ. Өнөөхөндөө Ханги-Мандалын байнгын ажиллагаанд шилжээд байгаа.Ар хашаат-Өвдөгийн боомт байнгын дуу ажилладаг, гэхдээ энэ нь түр хугацаагаар юм байна.Шивээ хүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавчийн хувьд төмөр замын боомтын хилийн холболтын цэгийг нь хоёр тал тохирсон гэв.
Улмаар Гашуун сухайт-Ганц модны боомтын тийм цэгийн тухайд талууд зөвлөлдөх шатандаа яваа гэсэн.Хяналт шалгалтын хамтын байрыг зарим боомтод бий болгох талаар мөн хоёр тал зөвлөлдөж байгаа гэх. Тухайлбал: Өлзийт боомтод нэг цэгийн хамтарсан шалгалт хийх байртай болж магадгүй юм байна. Агаарын боомтын тухайд Бугат, Рашаан, Эрээн хотууд руу Улаанбаатараас шууд нислэг түр хийгдэж байгаа нь хамаарна.
Боомтын тухайд ийнхүү дамжуулж буй мэдээллийг энүүхэн Эрээн ороод олж сонсов.
Тийн сонсох боломжийг “Нэг бүс,нэг зам” аяны хүрээнд Хятадын хилийн зарим боомтоор аялан сурвалжлах багт нэрийг минь оруулсан МСНЭ нэг талаасаа олголоо.
Нөгөө талаасаа Хятад,Монголын сэтгүүлчдийн хамтын сурвалжлагын энэхүү ажлыг зохион байгуулсан ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, мөн Ардын засгийн газрынх нь Газрын боомтын алба бүхий л бололцоогоор хангасан билээ.

Энүүхэн Эрээнд биднийг тэдний төлөөлөл болон Хятадын сэтгүүлч нөхөд тоссон.ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Д.Баянжаргал, мөн газрын Гадаад суртал ухуулгын газрын ажилтан Ван Мин нараар ахлуулсан тэдэнтэй товч танилцав.
Тэр мөчөөс л хамтын сурвалжлага эхэлсэн гэхэд болно.Хятадын сэтгүүлчид зонхилон залуу кадр.Тэд Эрээний боомт дахь гааль, хорио цээр, хилийн шалган нэвтрүүлэх албаныхнаасаа ярилцлага аван мэдээлэл шалгаан шаргуу ажиллана. Бараг нь тийн Эрээн боомтоо урьд нь сурвалжлаагүй бололтой.Тэд залуус төдийгүй тус боомтын хил,гааль, хорио цээрийн албаныхан бас ч залуужжээ.1990 онтой харьцуулбал шүү дээ. Манайхны эрээнтэй, бараантай нь сайн мэдэх Эрээн маань хуурай газрын их том боомт гэгдэж байна.
Энэ боомт төвлөрсөн Эрээн хот цаашид их л том хот болохоор тэлж байна.
Манайхны бас элээж эхэлж байгаа Манжуур ч бас том боомтод нь орж байгаа гэсэн.За тэгээд том ч бай арай цомхон ч бай бүх боомтдоо хэрэгжүүлж байгаа нэг бодлого бол цахимжуулах аж.Цахим болон рентген хяналтын үйл ажиллагаа нь ажлын бүтээмж, үйлчилгээний чанарт нь эрс өөрчлөлт авчирчээ.Түүнтэйгээ зэрэгцээд ажилтнуудынх нь мэдлэг мэргэжил дээшилсээр байгаа гэдэг сайхан.Урд хөршийн ӨМӨЗО-ны хувьд “Бодлогоор тэргүүлүүлж, холбоолон хамтаар байгуулж, цогцлуулан ажиллуулах” гэсэн зарчмыг барин цахим боомт бий болгож байгаагаа ихэд онцолж байна. Монголчууд өдөр бүр шахуу цуварч байдаг Эрээнд гэхэд том бага аль ч оврын машин тэргийг рентген шалгалтаар оруулан компьютерийн хяналтын дэлгэц дээр ёстой “гэдэс дотор” юутай хийтэй, эд анги, эрэг шургийг нь илчлэх шиг илчлэн харах юм. Хэн ч юуг ч унаа машиндаа нуун хил, гааль нэвтэрнэ гэдэг арга алга даа хө. Дэвшил гэдэг энэ байх шүү.
Энд боомтын захиргааны орлогч дарга Сайн-Өлзийтэй хэдэн үг солив.Тэрбээр “Манай боомт олон улсын өндөр зэрэглэлийнх болохын төлөө бид чармайж байна. Бүх үйлчилгээ үйл ажиллагаагаа шуурхай болгон болж өгвөл нэг дороос хяналт шалгалтаа нягт нямбай хийхийг зорилгоо болгосон” гээд инээвхийлсэн нь нэлээд бахархал дүүрэн байна билээ.
“Эрхүүд оюутан байлаа” гэдэг шиг Эрээн боомтоор дамжин өнгөрч явлаа гэх монгол хүн олны олон биз.Мөн бүгд л ямар нэгэн хэмжээгээр шалгуулж, зарим нь бүдэрч нуусан зүйлээ хураалган будилсан нь ч байгаа.Гэхдээ одоо тэдний болон өөрийн Замын-Үүд боомтын ялгааг сайтар мэддэг тул урьдын түвэгтэй үеийг дурсах дургүй байгаа.
Манай Замын-Үүд боомт чиг арай өөр болсон шүү,бас дэвшил. Энэ талаар зорчигч Дашдаваагийн Мөнгөншагай “ Урьдын юм ул болж байна даа. Хоёр талын хяналт шалгалтын үйлчилгээ сайн, хөнгөн шуурхай болсон.Би Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны хүн.Энэ Эрээний боомтоор сардаа 1-2 удаа зорчдог юм.Одоо түвэг чирэгдэлгүй болсон.Манай Замын-Үүд ч гэсэн дажгүй шүү” гэж байв.
Энэ Эрээн хотод чөлөөт худалдааны бүс, агаарын боомт буюу онгоцны буудал баригдсанаар ажлын байр олноор нэмэгдэх юм билээ.
Бид мөн Төмөр замын тээвэр зуучлал сэлттэй нь танилцаад Эрээн хотын хаяа захдуу Хилийн иргэдийн худалдааны бүсэд очсон. Чөлөөт худалдааны бүсийн тэр цогцолборыг 2014 онд ашиглалтад оруулжээ.
Энэ намар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд манай аж ахуйн нэгжүүдээс оролцсон тухай мэдээллийг та бүхэн мэдэж буй.
Тэнд оролцогчдоос үлдсэн Ч.Гансүх захиралтай “Амин шигтгээ” аж ахуйн нэгжид 10 хоног үнэ төлбөргүй ажиллах эрх олгосон байв.
Менежер Ч.Төмөрчөдөр нь “8000 юаниас доош үнэтэй бараанд татвар авахгүй гэсэн. Тухайлбал есөн төрлийн 100 гаруй бараа оруулах боломжтой. Энэ боломж хоёр талын оролцоо дэмжлэгээр бий болсонд таатай байна” гэсэн юм.Харин тэрхүү цогцолборт манай талаас аж ахуйн нэгжээ байршуулж ажиллуулан Монгол бүтээгдэхүүнээ тэдний зах зээлд нэвтрүүлэхэд бодолцох тохиролцох, түрээс, худалдааны талын эрхзүйн актаа нэн сайтар боловсруулж, жаахан урт настай түншлэл болгоход анхаармаар юм бас байгаа бололтой шүү. Бидний хамтын сурвалжлагын томоохон багтай Эрээн хотын орлогч дарга Цогзол эрхэм уулзалт хийж, ирээдүйтэй хотынхоо тухайд мэдээлэл өгсөн.
“Нэг бүс,нэг зам” аяны өгөөж үр ашгийг дээшлүүлэхэд хөрш хоёр орны хэвлэл мэдээллийнхний үүрэг их гэдгийг тэрбээр онцолж байв. Эрээн боомт нь тус хоёр улсын худалдаа эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг учраас Хятадын Засгийн газраас ямагт анхаарч байдаг талаар мөн тодотголоо. Гол нь Эрээн боомт хотын хувьд хөгжлийн хурдац нь хичнээн түргэн байна. Тэр хэрээр Орос,Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридорт эерэг нөлөөтэй байх талаарх санааг яриандаа хураангуйлан гаргаж байна билээ.
Хил худалдааны хамтарсан чөлөөт бүс байгуулах төсөл боловсруулсан ч хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр тохиролцоо зогсонги байдалтай байгаад тэрбээр сэтгэл дундуур байх шиг. Эрээнд Холбоолон шалгах байрнаас нь эхэлсэн бидний сурвалжлагын эхний өдөр тэр уулзалтаар өндөрлөв.
Бид маргааш нь Монгол хүмүүсийн маань багагүй мэдэх Хөх хотыг зорив. Өвөрлөгч нөхдийн маань хөгжлийн төв удирдлага болсон Хөх хот хүртэл бас ч зайтай. Гэхдээ зам сайхан.ӨМӨЗО-ны нийслэлд хүрлээ.Өнөөх манай хүмүүсийн маань мэддэг Хөх хот их өөр болжээ.Одоо хүмүүсийн маань заримынх нь танихгүй Хөх хот хөгжсөөр л байна.Энгийн нэг жишээ авахад 1991 оны үес хотынхоо зүүн өмнөд захад байсан Сурган хүмүүжлийн их сургууль буюу Өвөр монголын Багшийн их сургууль одоо их хотынхоо дунд харагдах болсон аж.Хөдөлж буй их гүрний хэсэг энэ.Хөгжиж буй Хятад орны төрх бас энэ.
Хоёр орны сэтгүүлчдийн багийг энэ хот дахь олон улсын “Цагаан суварга” нисэх онгоцны буудлаар оруулсан.Гол нь олон улсын агаарын боомттой танилцсан нь тэр. Өвөрмөц хэв маяг хийцээр үзэгдэх талаас нь бодолцон босгосон уг нисэх буудлын цогцолборыг дэвж буй бүргэдийн хэлбэртэй гэж нэг нь хэлж өгнө билээ. Аанай л энд ажиллаж буй хүмүүс, ажлаа танилцуулж буй албатан нь залуус байх аж.Мөн л техник технологийн дэвшлийг ашиглан цахимжиж дээ. Япон,БНСУ, Тайланд, ОХУ,Тайвань,Хонконг болон Монголтой гээд долоон чиглэлд агаарын тээврийн харилцаатай тул тэр бүгд эл боомтод хамааран нэвтэрч байгаа.Энд “Цахим боомтын мэдээллийг интеграцлан хэрэгжүүлэх төсөл” боловсруулж, шуудангийн экспресс илгээмжийг удирдлагын системдээ оруулж, анхны EMS шуурхай илгээмжийн зам нээж,агаарын тээврийн боомтын мэдээллийн цогцыг иж бүрэн болгоход онцгой анхаарчээ. Албаны нэгэн эрхэм Лю Жи Лан хэлэхдээ
“Бүр цөмийг нь лазераар хянан шалгадаг. Элдэв зөрчил гардаггүй” гэсэн юм.Энэхүү боомтоо бас дэлхийн жимс жимсгэний тээвэр нэвтрэх нэрийн боомт болгоно гэж бас нэг нь дуугарч байсан.Зорчигч тээврийн нислэгийг эрчимжүүлж, Орос болон Монголын ачаа тээврийн онгоцыг түрээсэлж хөлслөх ажил эхлүүлнэ.Улмаар агаарын тээврийн эл боомтоо Зүүн хойд Азийн бүс нутгийн агаарын тээврийн чухал зангилаа болгоно гэсэн том амбиц тэдэнд байна.Бид Хөх хотод бас нийтийн төмөр замын логистик төв цогцолборын заримтай танилцав.”Дөрвөн боомт нэг төв” гэсэн чигээр хөгжүүлж байгаа аж. Төмөр замын боомт, автозамын боомт, агуулахын боомт, мэдээллийн боомт,үйлчилгээний төв гээд цогцолбор логистик зангилааг байгуулжээ. Цаашид цогцолборынхоо үйлчилгээний чадамжийг сайжруулж, олон улсын контейнерийн зангилаа, гаалийн баталгаат бүс, ухаалаг агуулах… гээд нэмэх юм их гэсэн.
Дараачийнх нь уулзах хүмүүс зохион байгуулагч талын дээд удирдлага байв.Тэдний мэдээллийг сонсон сурвалжлагынхаа баримтыг баяжуулцгаалаа.Цааш үзэх газар ӨМӨЗО-ны нэгдсэн Цахим боомт байлаа. Ёстой дэвшил тэнд байна.Нэгэн том танхимд нэг талынх нь ханыг цахим дэлгэцээр дүүргэжээ.32 дэлгэц харагдсан.Тэдний голын хэд нь том.Бусад нь жигдхэн.Тэр бүхнийг залуу ажилтан мэргэжилтнүүд хянан тус тусын компьютерийн ардаа хичээнгүйлэн сууна.Бүх боомтынх нь ажиллагаа буюу зорчигчид, нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгсэл тэнд харагдана.Ийнхүү төвлөрүүлэн Хөх хотоос боомт болгоноо давхар хянаж чадаж байна.Технологийн ололт энэ.Урагшаа ахиж буй ахиц энэ юм.
Үүнчлэн зөвхөн аль нэг боомт гэлтгүй бүх талаараа хөгжиж буй Хөх хотоос маргааш өдөр нь Баяннуурыг зорьцгоов.







Сэтгэгдэл (0)