Махны талаар өгүүлэх нь
- 2016-10-15
- Нийтлэл
- 0

Билгийн улирлын модон хонин жил шилжирч, гал бичин жил залгалаа. Хонин жилд Монголын мал 56 саяар тоологдож анх удаа 18 сая гаруй төл хүлээж авчээ.Уул уурхайн хөгжлийн оргил мөчлөг өнгөрөөд, гадаадын хөрөнгө оруулалт тэглэх хэмжээнд хүрч, үүнийг нөхөн цойлдох дотоод үйлдвэрлэл сэргэж амжаагүй энэ болон өнгөрсөн он жилүүдэд ард түмний аж байдлыг асар дордуулахгүй авч ирсэн нь энэ хэдэн сая мал билээ. Бичин жилд хэзээний зуд турхан олонтаа тохиодог зурлагаар 2015 онд малчид малаа урьд өмнөхөөс илүү олон тоогоор нядалж зах зээлд нийлүүлснээс махны үнэ ойрмог тохиолдоогүй хэмжээгээр буурсан нь хүн амын хүнсний энэ гол бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахгүйгээр бусад олон зүйлийн наад захын хэрэгцээг хангах бололцоог өглөө. Улмаар энэ нь мал, махыг нэлээд хэмжээгээр гадаад зах зээлд нийлүүлэх өргөн боломж, төлөв буйг малчид ба худалдаачдад мэдүүлэв.Энэ тухайд бичээч миний бие хоёр жилийн өмнө өөрийн буланд нийтэлж байснаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Саяхан Хүнс,хөдөө аж ахуйн сайд асан хатагтай Р.Бурмаа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Хятадад улсад зургаан тэрбум юанийн үнээр 150 мян.тн мах экспортлох гэрээ байгуулсан тухай мэдэгджээ.Энэ бол нэг кг махыг 15 мянган төгрөгөөр гаргана гэсэн үг бөгөөд дотоодын зах зээлийнхээс бараг гурав дахин өндөр үнэ юм. Мэдээж хятадын талаас малын махны эрүүл мэнд, ариун цэврийн баталгааг шаардан зөвхөн мал нь олон жил халдварт, гоц халдварт өвчнөөр өвчлөөгүй бүс нутгийн хүрээг тогтоон тэндээс түүхий мах авахаар болжээ. Үүнд эхний удаа баруун таван аймаг болзлыг хангасан байна. Цаашдаа ийм бүсийн хүрээг улам тэлсээр байх хөтөлбөр боловсруулсан гэнэ. Түүнчлэн Хятадын хөнгөлөлттэй зээлээр мах боловсруулах 12 үйлдвэр барихаар болж. Энэ бол манай экспортын уламжлалт үндсэн бүтээгдэхүүн малын махны гадаад зах зээлийг өргөтгөхөд чиглэсэн том алхам юм.
Монголын мал сүрэг бол бүрэн, төгс утгаар бэлчээрийн буюу онгон байгалийн зэрлэг ургамал ногоо идэштэн бөгөөд малын махны илчлэг, витаминлаг болон шимт чанар,уураг минералын төрөл зүйлийг судлан тодорхойлсон эрдэм судалгааны бүтээл хангалттай агаад тэдгээрийн үр дүн,хими биологийн бүтэц, бүрдлийн холбогдолтой элдэв тоо, мэдээг нуршилгүй шууд өгүүлэхэд манай малын мах шим тэжээл, бүтэц найрлага, шингэц болцоор хосгүй давуу нь ойлгомжтой байдаг.Бичээч би бээр хөдөө нутагт төрж өссөн болохоор уламжлалт мал ба мал аж ахуйн талаар зохих мэдлэгтэй хүн. Манай сум хангай, талын завсар (Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум) орших учраас таван хошуу мал маллахад тохиромжтой нутаг юм. Манайх гэхэд ам бүл цөөн-аав, ээж эгч бид дөрөв, харьцангуй олон малгүй: уналгын хэдэн морь (гүү барьж саадаггүй гэсэн үг), ачлагын тав зургаан тэмээтэй (гэрээ нүүлгэж буулгахад хүрэлцэх тооны), саалийн хориод үнээ, түүнийг тойрсон мөн тооны эр сувай үхэртэй, жараад хонь, арав гаруй ямаатай айл байсан нь нэгдэлд орохын өмнөх Монголын дундаж хөрөнгөтэй нэг өрхийн хэмжээ юм. Тэртээ дөч тавиад оны хөдөөд зохион байгуулалттай зах зээл буюу улсын бэлтгэлийн системээс өөр чөлөөт зах зээл хязгаарлагдмал байсан тул хавар цагт үхэр хонь ямааг амьдаар нь мал бэлтгэлд тогтоосон тоо, хэмжээгээр тушаах ба мөн зуны улиралд үнээний тоогоор оноосон сүүг сааж, сүү тосны цэгт тушаан хэдэн төгрөгтэй болно. Улсын бэлтгэлд авсан мал нийслэл,төв суурин газрын хүн амын хэрэгээнд зориулагдах ба ихэнх хэсэг нь гадаад зах зээлд, үндсэндээ тэр үеийн Зөвлөлт холбоот улсад гарна. Энэ албан журмын үүргээ биелүүлээд үлдсэн мал, сүү цагаан идээ бидний хоол хүнс болж, мөн илүү гарсан нь иргэд хооронд арилжаалагдана.Манайх улсын бэлтгэлд хориод тооны хонь ямаа, нэгийн зэрэг үхэр тушаах агаад өвөл идшиндээ (хаврын сүүлч хүртэл хүрэлцэхүйц нөөц хүнс) арваад хонь ямаа,нэг хоёрын зэрэг үхэр (голдуу сарлаг) хэрэглэх бөгөөд айлууд малынхаа бүтэц,ам бүлийнхээ тоонд баригдан хүнсэндээ адуу, говь нутагт тэмээ хэрэглэх нь бий. Монгол мал сүрэг бэлчээрийн тул нийтдээ экологийн цэвэр ургамал тэжээлтэн бөгөөд үүний дотроос адуу, тэмээ, сарлагын үхэр, хонь чухамхүү үнэмлэхүй цэвэр байгалийн өвс, ногоон тэжээлтэн мөн. Ялангуяа сарлагын тухайд онцлон дурдах хэрэгтэй. Түвдийн өндөрлөгт харьцангуй хожим хугацаанд гэрийн тэжээмэл болсонд тооцогддог энэ төрлийн үхэр бүр хожуу манай Монголд шилжин нутаглах болоод ивээлт орчин хангай царам нутагт голдуу идээшин маллуулах болсон байна. Тиймээс идшилдэг уул толгодын орой хавийн цэцэгт ургамлаар голдуу хооллох энэ малын мах тэр чигээрээ аригуун агаад эмийн чанартай гэдэг. Гэтэл нийтийн ойлголтод үхрийг их төлөв нутгийн үүлдрийн монгол үхрээр төсөөлөх бөгөөд сарлаг ба түүний махыг хоёрдугаарт үзэх нь түгээмэл. Тэгвэл өмнө дурдсанчлан хангай цармаар хойлог шувуутай нэг дор идээшлэх уг үхрийн мах мөн хойлогийнх лугаа адил аливаа шарх сорвийг эгнэгт түргэн эдгээх эрс эмчилгээний чанартайг нутгийн ард олон анзааран хэрэглэх болжээ. Үүнийг шинжлэхүй аргаар судлан нотлохын хамт зар сурталчилгааг зохих ёсоор хийх ахул экспортын чухал эх үүсвэр даруй мөн болно. Мэдээж энд малын эрүүл мэнд, өвчин эмгэггүйн асуудал тусдаа тавигдахыг дурдах нь илүүц буй заа. Түрүүчийн өгүүлэлд цухас дурдсан нэг зүйлийг сэргээн үгүүлэхэд: Бодровын “Монгол” хэмээх кинофильмд Чингис хаан харьд өссөн хоёр хүүхдэдээ монгол хэл эхлэн заахдаа хонины мөч мах харуулан “Үүнийг мах гэдэг, удахгүй энэ үгээр бүх дэлхий ярина” гэж гардагчлан дэлхийн олон улс малын махыг монголоор нэрлэдэггүй юмаа гэхэд монгол малын махыг бүгд иддэг, үнэлдэг болох цаг холгүй буй заа.
Ши.БАТБАЯР
/СЭДС-ийн проф.багш/

Сэтгэгдэл (0)