Ээжүүдийг цалинжуулж, хямралыг давах төлөвлөгөө боловсруулсан 100 хоног байлаа
- 2016-11-03
- Нийтлэл
- 0

2016 оны сонгуулийн дүнд байгуулсан Засгийн газрын гарааны 100 хоног өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. 100 хоногт том, тэр дундаа улс орны хэмжээний бодлого шийдвэр гаргаж, үр дүнг нь үзэхэд хангалттай хугацаа биш ч Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, ажлаа эхлүүлэх гэх мэт процессыг гүйцэлдүүлэхэд боломжийнх. Энэ ч үүднээс гүйцэтгэх засаглалын тэргүүнээ сонгож, танхимаа бүрдүүлснээс нь харвал энэ удаагийн Засгийн газар аргагүй хурдтай ажилласан. Тухайлбал, 2000 оноос хойшхи таван удаагийн сонгуулийн дүнд бий болсон Засгийн газраас хамгийн богино хугацаанд эхмлэн байгуулж, ажилдаа орсон нь Ж.Эрдэнэбатын танхим болж таарчбайгааюм.Тоон мэдээллээр илэрхийлбэл, сонгуулиас хойш ердөө ес хоногийн дараа Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсон бол нийт таван удаагийн түүхээс үзвэл хамгийн удаандаа 74 хоногийн дараа гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сонгож байсан байх юм. Засгийн тэргүүнээ сонгосноос 15 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилжээ. Өмнөх засгийн газрууд 72, 54, 52, 24 гэх мэт хугацааг Ерөнхий сайд томилоход зарцуулж байсан аж. 2000-2016 он хүртэлх ээлжит сонгуулиудын хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн томилгоо хийхэд хамгийн богино хугацаа зарцуулсан нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулсан Засгийн газар болжээ. 100 хоногийн тайлангаа тавихад “Алгуурлах эрхгүй Засгийн газар” хэмээн тодотгосон Ж.Эрдэнэбат сайдын дүгнэлт дээрх хурдыг илэрхийлж байж ч болох. Аливаа ажил хийхэд хурдтай байх нь яах аргагүй нэг томоохон үзүүлэлт. Гараа сайн бол бариа сайн ч гэдэг. Хэдийгээр энэ Засгийн газрын бариаг ярих болоогүй ч гараа нь анхаарал татах нь ойлгомжтой. Тэгээд ч дэлхийн улс оронд ч мөн алив Засгийн газрын гарааны 100 хоногт ихээхэн ач холбогдол өгдөг. Манай улс ч энэ жишгээр яваа.
Ямартай ч, Ж.Эрдэнэбатын танхим өмнөх Засгийн газрууд шиг “будаан дээрээ зодолдсоор” гарааны тоолуураа гүйлгэчихээгүй нь яалт ч үгүй онцлох сэдэв. Тэгээд Ерөнхий сайд ч үгүй, бүрдсэн танхим ч үгүй суусаар байсан бол дараагийн ажлууд хойшлох нь ойлгомжтой. Харин энэ удаагийн Загсийн газар 100 хоногт хурдтай ажилласнаас гадна ямар бодит ажил хийснийг иш татан хүргэе.
Гэхдээ ингэнэ, тэгнэ, гэсэн агаарын амлалт төдий биш Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарааны 100 хоногоо ямар бодит ажилтай угтав гэдгийг тухайлан дурдах нь зүйтэй болов уу.
ЗАСГИЙН ГАЗАР МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТЛУУЛЖ, ХЯМРАЛЫГ ГЭТЭЛГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАВ
Хамгийн эхний томоохон ажлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг нэрлэх нь зүйтэй болов уу. Учир нь хийх ажлынхаа чигийг гаргаж байж урагшлах нь ажлын бүтээмжийн тавин хувь гэхэд болно. Ялсан нам засгийн эрх барьж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг тогтолцоотой. Энэ ч үүднээс МАН 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө талаас илүүг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаасан. Ингэснээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, иргэний нийгмийн байгууллага болон иргэд сонгогчдын саналыг үндэслэн уг хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг албаныхан хэлж байгаа. Тэр дундаа Ерөнхий сайд ажлаа авсан даруйдаа нийгмийн салбар бүрийн төлөөллийг хүлээн авч уулзан, тэдний санаа бодлыг сонссон билээ. Энэ хүрээнд гарсан санал, шүүмжлэл бүгдийг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан юм. Энэ бол засгийн газрын эхний ээлжид хийх ажлын нэг яах аргагүй мөн бөгөөд мэргэжлийн Засгийн газар луужинтай боллоо л гэсэн үг. Дараагийн нэг алхам нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барьсан явдал. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Онцгой хөтөлбөр” нэрээр багтсан бол энэ удаад дээрх нэртэйгээр өргөн барьсан. Өчигдрөөс Байнгын хороодоор хэлэлцэж эхлээд байгаа. Хэдийгээр МАНынхан мөрийн хөтөлбөрөөсөө буцлаа, хамгийн түрүүнд эдийн засгийн хямралд анхаарал хандуулна гэж байсан ч 2017 оны төсөвт хямралыг гэтэлгэх хөтөлбөрөө оруулж ирсэнгүй гэх шүүмжлэл өрнөсөн ч ийнхүү оруулж ирээд байна. Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан баталдаг хуультай учраас хамтад нь оруулж ирж амжаагүй гэх тайлбарыг сайд нар хийж байгаа. Ийнхүү багахан шүүмжлэлтэй тулгарсан ч Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг өнөөдөр хэлэлцэж эхэлсэн нь тодорхой алхам мөнөөс мөн. Өнөөдрийн байдлаар манай улс олсон таван төгрөг тутмынхаа дөрвийг өрөнд өгч байгаа нь гол асуудал болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын үед авсан их хэмжээний зээл, бондын өр төлбөр энэ Засгийн газрын толгойны өвчин болоод байгаа. Тиймээс засгийн эрх барьж буй нам ийнхүү хямралыг гэтэлгэх хөтөлбөрийг хэлэлцүүлж эхэллээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, ТӨРИЙН ӨМЧИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ ЗАХИРЛУУДЫН ЦАЛИНГ 30-60 ХУВИАР БУУРУУЛАВ
Эдийн засгийн хямралын хүрээнд Засгийн газар хэд хэдэн арга хэмжээг авсан. Тухайлбал, ЗГХЭГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон юм. Ингэснээр ЗГХЭГ-ын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулсан. Учир нь, сүүлийн жилүүдэд арбитрын маргаан олноор гарах болсон бөгөөд Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор 3.5 жил болж, маргааныг хэрхэн шийдэхээс үл хамаараад тухайн улсаас захиргааны зардалд гурван сая ам.долларын зардал гаргадаг байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хуулийн хүрээнд хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, маргаан гарвал цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу дотооддоо шуурхай шийдэж байхад энэ зөвлөлийн ажил чиглэх юм. Дараагийн нэг алхам нь төсвийн үрэлгэн байдлыг хязгаарлахын тулд төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувиар бууруулахаар болсон юм. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин 5-10 сая төгрөг бол 30, 10-30 сая бол 50, 30 саяас дээш бол 60 хувиар бууруулахаар шийдсэн. Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг ч зогсоов. Дээрээс нь энэ шийдвэртэй холбогдуулан цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах зэрэг одоо зарцуулаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болсон. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болгосон. Энэ бол төсөв хүндрэлтэй үед бодит хэмнэлт болсноос гадна төрийн өмчит аж ахуйн нэгжийн том толгойтой захирлуудыг хазаарласан шийдвэр гэж үзэх хүн олон.
ОЮУТНУУД 70 МЯНГЫГ БЭЛНЭЭР АВАХ БУС ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Засгийн газрын шинээр эмхлэн байгуулснаар оюутнуудад таатай хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүний нэг нь энэ хичээлийн жилд нэг ч сургуулийн сургалтын төлбөрийн нэмүүлээгүй явдал. Мэдээж энэ нь төрийн өмчийн их, дээд сургуулиудад хамаатай. Жил бүр салбар яамнаас сургуулиудад төлбөрөө нэмэхгүй байх чиглэл өгдөг ч нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг байсан бол энэ удаад бодит ажил болсон нь оюутнууд төдийгүй тэдний ар гэрийнхэнд бодит дэмжлэг болсон юм. Цаашилбал, оюутнууд сар бүр 70 мянган төгрөг бэлнээр авч байсан бол суралцах хугацааны төлбөрийг зээлэх боломжтой болсон нь ч өрхийн амьжиргаанд бодит хувь нэмэр болсон. Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд суралцаж байгаа тохиолдолд нэгийнх нь сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгохоор болсон. Ингэснээр ойролцоогоор улсын хэмжээнд 1500 орчим оюутан энэхүү боломжийг хүртэхээр байгаа. Харин зээлийн тухайд бага хүүтэй, суралцагч сургуулиа төгсч, ажилтай, орлоготой болсон цагаасаа эргүүлж төлөх бололцоог хангасан. Мөн үүнд шаардлагатай 100 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан бөгөөд оюутнууд өнөөдөр ч сургалтын төлбөрийн зээл авах боломжтой болсон нь энэ Засгийн газрын хийсэн нэг томоохон ажил юм.
ТАТВАРЫН ӨРТЭЙ 4000 АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАНСЫГ НЭЭВ
Гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд учирдаг саад бэрхшээлийг багасгах зорилгоор Засгийн газраас шат дараатай ажлууд хийж буй. Тухайлбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар дарамт үзүүлж байгаа, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан асуудал байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд Монгол Улсын 202, гадаадын 11 нийт 213 иргэний хилийн хоригийг цуцлаад байна. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болсон 120 гаруй тушаал шийдвэрийг эргэн харж, эхнээс нь хүчингүй болголоо. Мөн Татварын ерөнхий газраас 107 тэрбумын өртэй 4000 аж ахуйн нэгжийн дансыг Засгийн газрын шийдвэрээр нээв.
ЭЭЖҮҮД ХҮҮХДЭЭ АСРАНГАА ЦАЛИН АВЧ, 65-ААС ДЭЭШ НАСНЫ АХМАДУУД НАСНЫ ХИШИГ ХҮРТЭНЭ
Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг дэмжсэн юм. Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн гурав ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй бөгөөд нэг өрхөд ноогдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдсэн бөгөөд эхчүүдийн цалинг цаашид сар бүр олгох чиглэл барихаар болсон юм. Мөн Ахмад настны тухай болон алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадвараа өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс дээрх хуулийн төслүүдийг Засгийн газар боловсруулжээ. Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт Ач санах хууль баталж, азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Үүний дагуу 65 ба түүнээс дээш насны ахмадууддаа жилд хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм. Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой.
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛЖ, ТАРИАЛАНЧДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОВ
Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга болгов. Харин Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоосон. Улмаар дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч, хяналт тавьж байхыг ч даалгаад байна. Мөн УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас эхний ээлжид 25 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад зээл олгохоор шийдвэрлэсэн. ХХААЯ-ны зүгээс 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргуулах шийдвэрийг Засгийн газраас гаргуулж, хүсэлтийг Хөгжлийн банкинд хүргүүлсэн. Ингээд Хөгжлийн банк гуравдугаар сарын 31- нд зээлийн хорооны шийдвэрээ гаргаж, эхний ээлжид 25 тэрбум төгрөгийн зээл гаргахаар тогтжээ. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкаар дамжуулан тариаланчдад олгохоор болсон бөгөөд хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл гаргах аж.
НЭХИЙ, АРЬС ШИРНИЙ ҮНЭ НЭМЭГДЭВ
Хонины нэхий 500, ямааны арьс 2000, адууны шир 30 мянган төгрөгийн үнэтэй болсноос малчдын орлого буураад байв. Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2016 оны аравдугаар сарын 1-нээс 2017 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл мөрдөхгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн. Ингэснээр идэшний ид цагаар буюу өнөөдрийн байдлаар боодол бохины үнэ хүрэхгүй байсан нэхийний үнэ 3500-4000 төгрөгт хүрээд байна.
М.Өнөржаргал

Сэтгэгдэл (1)
vbhil (183.81.171.134)
guguy