Оффшор данс, нийтийн алба хоёрын алийг нь сонгох вэ

        Одоогийн байдлаар төрийн албан хаагч, улстөрчид дэлхийн оффшор бүсэд данстай байх эрх нь нээлттэй. Учир нь, энэ бол гэмт хэрэг биш. Харин тухайн дансныхаа мэдээллийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан л байх үүрэгтэй. Тэгэхээр зөвхөн төрийн өндөр албан тушаалтан оффшор дахь мөнгө, хөрөнгөө үнэн зөвөөр мэдүүлсэн эсэхэд л маргаан үүсгэх боломжтой юм. Маш товчхондоо ял асуух ганц боломж нь энэ гэсэн үг.

 

Гэсэн хэдий ч төрийн албан тушаалтнууд оффшор дансанд мөнгөө байршуулсан л бол гэмт хэрэгтэн, дээрэмчин болж хувирдаг хандлага манай улсын иргэдийн дунд бий. Цаашлаад дэлхий нийтээрээ улстөрч, төрд өндөр албан тушаал хашдаг хүмүүс оффшор данстай байх нь зохимжгүй гэж үздэг. Гол шалтгаан нь “Оффшор данс бол хулгайн бодит баримт” гэжолонулсадүздэгхандлага ч бий. Иймээс гадаадад нууц данстай байхыг зарим оронд хориглодог. Тухайлбал, манай хойд хөрш авлигатай тэмцэх хуульдаа төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байхыг хоригложээ. Тэгвэл манай улс энэ л жишгийн дагуу төрийн албан хаагчид оффшор данстай байхыг хориглох хуультай болох нь.

 

Тодруулж хэлбэл АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтан гадаадад данс эзэмших, компани байгуулахыг хуулиар хориглохоор болж байна. Өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ хуулийн талаар хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр болсон юм. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Тодорхой бүс, арал, ямар нэгэн улс орон гэж ялгахгүйгээр гадаад улс гэж ерөнхий нэршлээр авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ хуульд зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39800 албан тушаалтан хамрагдана” хэмээсэн. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Татварын хөнгөлөлттэй, огт татваргүй эсвэл банк санхүүгийн нууцлалын таатай орчинд бизнес эрхлэхийг үгүйсгээгүй. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Төрийн албан хаагчид нэр холбогдоод сөрөг ойлголт гарч байгаа учраас ингэж зааг гаргаж байгаа юм. Оффшор бүсэд данстай хүн төрийн албанд орох эсвэл улс төрд орохоор болбол урьдчилан мэдээлэх үүрэгтэй. Мэдээлсэн тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй. Гурван сарын хугацаанд энэ асуудлаа хуулийн дагуу болгоод АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой. Хуулийн төсөлд ийм зохицуулалт оруулсан. Дэлхийн нийтийн жишиг ч ийм байгаа” гэж ярьжээ. Харин Хууль зүйн сайд С.Бямбацогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой зорилт туссан. Энэ үндсэн дээр нийтийн албан хаагчид оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа” гэжээ.

 

Үндэсний эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ цаг үед Төрийн албан хаагчдад оффшор бүсийг хориглох тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Энэ байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлж магадгүй гэсэн байр суурьтай олон хүн бий. Тэдний үзэж буйгаар энэ хуулиас болж, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл буурч болзошгүй гэнэ. Мөн үүнээс гадна төрийн өндөр албан тушаалтнууд “Гэр бүл, эхнэр хүүхэд найз нөхдийнхөө нэр дээр оффшор бүсэд данс нээлгэж, мөнгө байршуулж, компани байгуулчихна” гэсэн хардлага иргэдийн дунд бий. Үнэхээр ч ийм боломжийг тус хуулиар хазаарлаагүй. Тэгвэл хууль санаачлагчид энэ талаар “Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, утга санаанд нийцүүлэн хуулиа боловсруулах ёстой. Эхнэр, хүүхэд, ах дүү, хамаатан садныхаа нэр дээр хөрөнгө, орлогоо нуудаг гэсэн хардлага байдаг боловч төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийнхээ гэр бүлийнхний эрхэд халдаж таарахгүй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн ар гэр учраас бизнес хийж болохгүй гэсэн ойлголт байж болохгүй. Гэр бүлийнхээ гишүүний өмнөөс хариуцлага хүлээж эрхээ хасуулах нь ч бас зохимжгүй. Гэхдээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал холбогдох хууль тогтоомжийнхоо дагуу шалгаж тогтоох эрх нь нээлттэй” гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

 

ОФФШОР БҮС ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭРХЭН ДЭМЖДЭГ ВЭ

 

Яг одоогийн байдлаар оффшор бүсэд хэдэн төгрөг “нуугдаж” байгаа тооцоо алга. Харин 1990- 2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 75 хувь буюу 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн гэсэн судалгаа бий. Өнгөрсөн хугацаанд манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бүхэлд нь авч үзвэл оффшор бүсээс орж ирсэн мөнгө Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд үлэмж нөлөө үзүүлсэн байдаг. Үүнээс гадна одоогоор манай улсад хууль ёсны бүртгэлтэй хийгээд татвараа тогтмол төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа оффшор бүсийн хөрөнгө оруулалттай 900 гаруй хуулийн этгээд байдаг байна. Энэ нь хууль ёсных гэсэн үг юм. Тэгээд ч оффшорт бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмших нь хууль бус үйлдэл биш. Харин энэ нэрийг улстөрийн зорилгоор ашиглан өрсөлдөгчөө харлуулдаг байдал бол өнөөгийн нийгэмд түгээмэл бий.

 

ОФФШОР БҮСЭД ХӨРӨНГӨТЭЙ НЬ ЯАХ ВЭ

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлээс 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг өнгөрсөн тавдугаар сард ил болгосон билээ. Энэ цуваанд манай улсын 40 гаруй иргэний нэр багтсан нь ч бий. Тухайн цаг үе улстөрийн сонгуулийн босгон дээр давхацсан тул хамгийн халуун сэдэв болж байв. Энэ байдлаас шалтгаалан маш олон иргэн “хулгайч”, “дээрэмчин” болж хувираад байсан юм. Тэгвэл энэ хууль батлагдсанаар ёс зүйн хариуцлага хүлээдэг байсан тогтолцоонд цэг тавьж, хуулийн хариуцлага хүлээдэг болно гэсэн үг. Тэгвэл одоо хүртэл оффшор бүсэд хөрөнгөтэй төрийн албан тушаалтнуудын талаар хууль санаачлагчид “Хууль батлагдахаас өмнө гадаад улсад данстай байсан албан тушаалтнууд 30 хоногийн дотор дансаа хаалгах эсвэл бусдын нэр дээр шилжүүлэх боломж бүрдүүлэх юм. Харин гадаад улсад данстай компанийн хувьцаа эзэмшигч байх эрх нээлттэй. Энэ асуудалд АТГ урьдчилсан мэдүүлгээр нь жил бүр хяналт тавина” гэв. Тэгэхээр энэ цуваанд багтдаг төрийн өндөр албан тушаалтнууд хойшид оффшор бүсэд эзэмшдэг данс, компани үгүй бол нийтийн албаны аль нэгээс татгалзаж таарах нь.

 

Д.Ганбаатар

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)