Дуулиант хэргүүдийн эргэн тойронд...

 

        Олны анхааралд өртсөн дуулиант хэргүүдийг тоймлон хүргэж байна.

 

ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГИЙН ЭХНЭРИЙГ ХИЛЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОЖЭЭ

 

        Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг энэ сарын 5-нд Герман улс руу зорчих гэж байхад нь хуулийн байгууллагынхан саатуулжээ. Учир нь, түүнд прокуророос хилийн хориг тавьсан байжээ. Тиймээс Москва-Берлин чиглэлд нисэх гэж байхад нь түүнийг онгоцноос буулгасан гэнэ. Ямар шалтгаанаар түүнд хилийн хориг тавьсан болохыг тодруулах гэсэн боловч холбогдох байгууллагууд тодорхой хариулт өгсөнгүй. Хоригийг прокурор, шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тавьдаг гэдгийг албаныхан хэллээ. Мөн “Зөвхөн гэмт хэрэгтэнд бус өр зээлтэй иргэдийг хилээр гарахыг хориглож болно” гэсэн тайлбарыг өглөө.

 

Энэхүү үйл явдал болохоос яг хоёр жилийн өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг албан тушаалаасаа огцорч билээ. Тиймээс уг үйл явдлыг улс төрийн зорилготой гэх янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлжээ.

 

ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Д.ДОРЛИГЖАВЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ

 

        Улсын ерөнхий прокурор /УЕП/, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Энэ талаар АТГ болон Прокурорын байгуулагынхан ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэнэ. Ямартай ч УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн олон нийтийн сүлжээнд дэлгэсэн “4000 ам.доллартай холбоотой гүйлгээ, “Содон” хорооллыг барьж буй компаниар дамжуулсан гүйлгээг шалгахын тулд өнгөрсөн долоо хоногт “Голомт” банкнаас хуулга, баримт гаргуулж авсан тухай ид шуугиж байна. “Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжаваас гадна хэд хэдэн прокурорыг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч явна. Үнэн худлыг цаг хугацаа харуулна биз ээ.

 

А.ГАНСҮХИЙН ЗӨВЛӨХИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

 

        Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогтыг баривчилжээ. Түүнчлэн тус яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг ч мөн саатуулсан байна. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хүмүүсийг өнгөрсөн жилээс эхлэн шинэ төмөр зам төслийн хэргээр шалгаж эхэлсэн байдаг.

 

Г.ДЭНЗЭН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОР ХЯНАНА

 

        Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Тиймээс тус хэрэг ямар шатандаа яваа талаар тус газрын хяналтын прокурортой холбогдсон юм. Түүний хэлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир одоогоор талуудад хэргийн материалыг танилцуулж байгаа аж. Үүний дараа прокурорт шилжүүлэх гэнэ. Хэргийг эргэн сануулахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн 17 тэрбумын тендерт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянгын “Gobi power” компани ялсан байдаг. Сая төгрөгийн дүрмийн сантай энэ компани тэрбум төгрөгийн дүрмийн сантай болж долоо хоногийн дараа 17 тэрбумын ялагчаар тодорсон нь ийн шалгуулахад хүргэсэн аж. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн юм.

 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРЛЫГ ДАХИН ХОЁР САР ХОРИХООР БОЛОВ

 

        Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг сэжигтнээр тооцон өнгөрсөн сард цагдан хорьсон. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Цагдан хорих хугацаа нь энэ сард дууссан боловч шүүгчийн захирамжаар 60 хоногоор сунгажээ. Ингэснээр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг дахин хоёр сар хорихоор болов. Н.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар буруутган шалгаж буй. Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж байгаа юм.

 

С.ЗОРИГИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮДИЙГ УДАХГҮЙ ШҮҮНЭ

 

        С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан эхнэр Б.Булганыг нь олон сар цагдан хорьж байгаад өнгөрсөн есдүгээр сард батлан даалтад гаргасан билээ. Прокурорын байгууллагаас С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж эхэлсэн гэх тайлбарыг тухайн үед хэлж байсан юм. Төв аймгийн хорих ангид олон сар хорьсон Б.Булганы бие муудсан тул прокурор суллах шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалжууд хэлж байсан удаатай. Түүнчлэн хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгөхгүй хэмээн түүгээр гарын үсэг зуруулсан гэдэг. Тэрбээр хохирогчоор шалгуулж байсан бол 18 жилийн дараа гэрчээр шалгуулсан нь энэ. Тус хэргийн талаар УЕП-ын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат “Энэ хэргийг маш нууцын зэрэгтэй шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Товчхондоо, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг прокурорт шилжүүлэн одоогоор хянаж байна. Удахгүй шүүх рүү шилжүүлнэ” гэсэн тайлбарыг өнгөрсөн сарын 25-нд өгсөн. Түүнээс хоёр хоногийн дараа тус хэрэгт сэжиглэн хорьж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн мэдээлэл хийсэн билээ. Тэд “С.Зоригийн амийг хөнөөсөн этгээдийг илрүүлэх бус эсрэгээрээ хэн нэгэн жирийн иргэнд хэргийг үүрүүлж, хаах гэсэн үйлдэл” хэмээсэн. Энэ талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл албаныхан өгөөгүй байна.

 

Б.МӨНГӨНТУЯАГИЙН НЭХЭМЖИЛСЭН 214 САЯ 990 МЯНГАН ТӨГРӨГӨӨС 42 САЯЫГ НЬ ОЛГОХООР БОЛЛОО

 

        Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт нягтлан бодогч Б.Мөнгөнтуяаг холбогдуулан шалгаж зургаан сар хорьсон юм. Эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгосон ч Б.Мөнгөнтуяа Төрийг шүүхэд өгсөн. Ингэхдээ сэтгэл зүй болон хоригдсон хугацааны хохирол, өмгөөллийн хөлс, ажилгүй байх хугацааны цалин, нэр хүндийг нь гутаан доромжилсон гэх зэргээр төрөөс 214 сая 990 мянган төгрөг нэхэмжилсэн. Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй уг хэргийг шүүх хурал болж сэтгэл санаа, нэр төрийн хохирол, өмгөөллийн хөлс болох 42 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Харин сургалтын төлбөр болон эмчилгээний зардлыг олгох шаардлагагүй гэж үзсэн байна.

 

С.Аз

Монголын үнэн

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (59.153.115.55)

    2016-11-08

    ЗӨВ ШҮҮ