Спортын төв ордон “амь тавьж” байна

 

        Үе үеийн тамирчин дасгалжуулагч, спортод элэгтэй хүмүүсийн хоёр дахь гэр нь болсон Спортын төв ордныг одоогоос 60-аад жилийн өмнө ашиглалтад оруулжээ. Түүнээс хойш энэхүү ордон тамирчдын бэлтгэл сургуулилтаа хийдэг гол газар болж, алдрын замд нь хөтлөх болсон. Энэ л ордноос тив, дэлхийн аваргууд төрж, тэдний амжилтыг түүчээлэн авч явах тамирчидзалгамжлангарсаар байна. Гэтэл эх орныхоо нэр алдрыг дэлхийд гаргаж яваа тамирчин дасгалжуулагчид ямар нөхцөлд бэлтгэл сургуулилтаа хийж байгааг тэр болгон мэдэхгүй. Спортын төв ордонд хүний хөл тасардаггүй, өглөөнөөс үдэш хүртэл тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж, уралдаан тэмцээн болдог. Тиймээс хотын төвд байрладаг энэ ордныг Монголын спортынхны зүрх гээд хэлчихэд буруудахгүй. Бас дотор нь Биеийн тамирын дунд сургууль байрлаж, 500-гаад хүүхэд суралцдаг гээд дурдвал дуусахгүй. Ийм л халуун дулаан уур амьсгалтай, мөнхийн хөл хөдөлгөөнтэй байдаг ордныг одоогоос дөрвөн жилийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгаж, “Ашиглалтын шаардлага хангахгүй” хэмээн дүгнэсэн. Ийм хариу гарсныг сонсоод тухайн үед Спортын төв ордныг юу юугүй л шинээр барих талаар холбогдох байгууллагууд ярьж байсан ч одоог хүртэл тоймтой хийсэн зүйл алга. Тамирчин дасгалжуулагчид эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хэзээ мөдгүй нурчихаж мэдэх ордондоо байсаар л байна. Харин саяхнаас Хятадын хөрөнгө оруулалттай компаниар Спорт цогцолбор бариулах яриа чих дэлсэх болжээ.

 

Спортын төв ордны “А” зааланд тэмцээн үзээд суухад ямар ч тохь тухгүйг хүмүүс мэднэ дээ. Тав тух, тохижилтынх нь талаар дурдахгүй юм гэхэд агааржуулалт, тоосжилтын тухай ярихгүй өнгөрч болохгүй. Халаалт муутайгаас тэмцээн үзэхдээ хүмүүс ихэнхдээ л гадуур хувцастайгаа суудаг. Гэхдээ агааржуулагчгүй учраас хөлс ханхалсан чийглэг нөхцөлд гадуур хувцсаа тайлж суухаас өөр аргагүйд хүрдэг. Үзэгчид ч яахав хэдхэн цаг тэмцээн үзээд л гарна. Харин тийм орчинд хэдэн өдөр тэмцээнд оролцож, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа тамирчдын эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэйг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх байх. Уг нь “А”, “Б” заалны дээвэрт сэнснүүдийг суурилуулсан байдаг ч ажилладаггүй, агаар оруулах систем угсраагүй юм билээ.

 

Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлж яваа шигшээ багийн тамирчид энэ л ордонд өнждөг. Нэг үгээр хэлбэл, Монголын мэргэн буучдаас бусад нь л Спортын төв ордонд байнгын бэлтгэл сургуулилтаа хийсээр байна. Заримдаа шигшээ багийн тамирчидтай олон улсын баг дасгалжуулагчид хамтарсан бэлтгэл хийхээр ирдэг. Яг одоо л гэхэд ОХУ-ын жүдочид дасгалжуулагчдын хамт ирээд байгаа. Тэд Монголын тамирчид ямар ур чадвар, тэсвэр хатуужилтайг мэднэ. Харин хана нь халцарч дээвэр нь нурах шахсан ордонд бэлтгэл хийдгийг мэдэхгүй байсан байх. Гаднаас ороход л шал нь хагарч, цонхоор нь салхи сийгдэг гэдгийг хүнээр хэлүүлэлтгүй тэд олоод харна даа. Энэ бол зөвхөн харагдах байдал. Үүнээс шалтгаалж ямар аюултай нөхцөл байдал үүсч болохыг бодоод ч хэрэггүй. Мэргэжлийн хяналтын газрынхны хийсэн шалгалтаар Спортын төв ордны галын усны шугам огт ажиллагаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн чөлөөт бөх, бокс фитнессийн бэлтгэлийн заалын ширмэн халаах хэрэгсэл нь олон жил ашигласнаас элэгдэлд орж, цоорч байнга ус алдах болсон байна. Цахилгааны далд монтажийн утас нь олон жил ашигласан ч шинэчлээгүйгээс гал гарч байсан удаатай. Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулдаг Биеийн тамирын дунд сургууль зориулалтын бус тасалгаануудад сургалтаа явуулж байна. Тиймээс л Спортын төв ордны барилгыг яаралтай шинэчлэх талаар ярьж, бичээд байгаа юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Биднийг эвтэй байвал ямар байж болохыг Бээжингийн олимпоос манай тамирчид медаль авахад харуулсан. Иймээс л үндэстнийхээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг, улсын нэрийн хуудас болсон салбарынхаа ганц ордонг өөд татаж, нүүр тахлах цогцолборыг сүндэрлүүлэх цаг нэгэнт болжээ.

 

Ц.Шаравжамц: Спорт цогцолборыг барихад зориулах хөрөнгө төсөвт дарамт учруулахгүй

 

        Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцтай ярилцлаа.

 

-Спортын төв ордныг буулгаж оронд нь Хятадын хөрөнгө оруулалтаар цогцолбор барина гэлээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Эхний ээлжид хуучин барилгынхаа талаар ярих хэрэгтэй байх. Спортын төв ордны одоогийн барилгыг 1958 онд жанжин Ж.Лхагвасүрэнгийн санаачлагаар бариулж ашиглалтад оруулсан гэдэг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын газраас энэ барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Спортын төв ордонд байрлах Биеийн тамирын дунд сургуульд 500 хүүхэд сурч байна. Дунд сургуулийн нэг ангийн, мөн Спорт, анагаах ухааны албаны тамирчдын эмчилгээ хийдэг өрөөний дээвэр нурсан байдалтай байна. Шигшээ багийн бэлтгэл хийдэг заалнуудын хана хагарч зай гарсан. Үүнээс шалтгаалаад барилгын хана өвлийн цагт хөлдөж, мөстдөг. Ер нь хэзээ мөдгүй нураад уначихаж магадгүй учраас Спортын төв ордныг шинэчлэх асуудлын талаар яалт ч үгүй ярих шаардлагатай. 2012 онд Хятадын “Шанхай” констракшн одоогийн барилгыг нураагаад энэ суурин дээр нь шинэ ордон барьж өгөхөөр зургийг нь гаргаад ТЭЗҮийг нь хийсэн ч өдийг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Тухайн үед шинэ барилга бариулах зургийг хийлгэж байхад газар нь илүү том байсан. Одоо Спортын төв ордны ард Баянмөнх аваргын сургууль, Ганболд зааны барилга байдаг. Тэгэхээр барилга барих газрын хэмжээ багассан байдалтай байна. Тэглээ гээд би ажлаа зогсоохгүй. Спортын төв ордноо шинэчилж, цогцолбор болгоно. Гэхдээ шинэ ордныг барих мөнгийг зээлж эргээд төлөх шаардлагатай.

 

-Зээлээ хэрхэн төлөхөөр төлөвлөж байгаа юм бэ?

 

-Спортын ганцхан заал бариад түүнийгээ түрээслүүлээд зээлсэн мөнгөө төлөх боломжгүй. Тиймээс Спортын төв ордныг буулгаад спорт энтертайнментын төв болгоё гэж бодож байгаа. Дотроо зочид буудал, оффисын өрөө, 3500 хүний заал, шигшээ багийнхан бэлтгэл хийх бэлтгэлийн 20 гаруй танхим, 50 метрийн бассейнтай байхаар төлөвлөсөн. Тэгэхгүй бол бид зээлсэн мөнгөө эргүүлээд төлж чадахгүй. Энэ талаар хүмүүс ямар хандлагатайг мэдэхийн тулд фэйсбүүкт мэдээллээ тавихад 80-90 хувь нь дэмжиж байсан. Энэ ажлыг эсэргүүцэж байгаа хүмүүс ч гэсэн зөв зүйлийн талаар ярьсан байна лээ. Тэдний олонх нь “Эмнэлэг баримаар байна” гэсэн байсан. Мэдээж эмнэлэг барих шаардлага бий. Гэхдээ Спортын төв ордныг шинэчлэх ажил улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүй. Нэг үгээр хэлбэл, Хятадын Засгийн газраас ч юм уу банкнаас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл авч, олсон орлогоор зээлээ эргүүлэн төлөх юм.

 

-Шинэ барилгын ажлыг ямар өртгөөр хийлгэхээр төлөвлөж байна вэ?

 

-110 сая орчим ам.доллараар цогцолборыг бариулахаар төлөвлөсөн. Үүний оронд 60 сая ам.доллараар Буянт-Ухаагийн заал шиг спортын ордон бариулчихаж болно л доо. Гэхдээ эргээд мөнгө олж, зээлээ төлөх боломжгүй. Тиймээс шинэ барилга бариулахын, зээлсэн мөнгөө төлөхийн тулд амбаарын сэтгэхүйгээсээ салмаар байна.

 

-Буянт-Ухаагийн спорт заалыг түрээслэхэд өндөр үнэтэй байдаг гэсэн?

 

-Үнэтэй биш. Нэг өдөр түрээслэхэд хоёр сая төгрөг шүү дээ. Тэр том газрыг халаахад л цахилгааны үнэд хоёр сая төгрөг төлнө. Үүн дээр ажилчдын цалин хөлсийг нэмбэл үнэтэйд тооцогдохгүй.

 

-Спорт цогцолбор барих ажлыг хэзээнээс эхлүүлэхээр ярилцаж байна вэ?

 

-Одоогийн байдлаар хоёр тал цогцолборын талаар ярилцаж байгаа. Хэрвээ Засгийн газраас дэмжвэл Спорт цогцолбор барих ажлыг эхлүүлэхэд бэлэн гэсэн. “Шанхай” констракшн ч анхан шатны зураг төлөвлөгөөгөө хийгээд явж байна.

 

-Та ажлаа авснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийхээр төлөвлөж буй ажлаа гаргасан байх?

 

-Анх энэ ажлыг авахад төсвийн тодотгол дээрээ нойллуулчихсан ямар ч мөнгөгүйгээс гадна өмнөх хүмүүсээс үлдсэн 750 сая төгрөгийн өртэй авсан. Хөөцөлдөж байж төсвийн тодотголд тодорхой хэмжээний мөнгө тавиулсан. Мэдээж өнгөрсөн жилүүдэд зохион байгуулалт, бүтцийн алдаанаас болж нэлээд хүнд байдалтай байсныг эхнээс нь залруулж засаад явж байна. Хийхээр мөрөөдөж байгаа ажил тоймгүй олон. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө алхам алхмаар урагшилна. Хамгийн түрүүнд Спортын төв ордныхоо барилгыг шинэчлэн бариулахаар ажиллаж байна. 2012 онд Спортын төв ордныг бүлэг хүн хувьчилж авахаа шахсан ч арай гэж тогтоож авч үлдсэн байгаа юм. Тамирчдын хувьд хотын төвд байршил сайтай энэ хэсгийг компанид алдчихалгүй, алсдаа тамирчдадаа хэрэгтэй бүтээн байгуулалт болгож авах яаралтай хэрэг байна. Ер нь төвийн байршил сайтай газрыг компаниуд нийлж байгаад авчих гээд байдаг шүү дээ. Тэднийг хөдлөхөөс өмнө улсын сайхан барилга байгууламжтай болох цаг болсон гэж бодож байна.

 

-Одоо энэ ордонд хэчнээн холбоод үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

 

-Шигшээ багийн тамирчид бэлтгэл хийдэг. Тэр дундаа хэдэн мянган хүүхэд жүдогоор хичээллэж байна. Спортын ордон бол тамирчдын төв цэг буюу зүрх юм. Шилдэг олон тамирчин энэ ордонд бэлтгэл хийж амжилтад хүрсэн. Тиймээс энэ ордон, энэ газар ард түмний өмч хэвээр байж олимпын ирээдүйн аваргууд Спортын ордноос төрж байх ёстой. Энэ утгаараа Спорт цогцолбор барих нь бидний хувьд тулгамдсан асуудал болоод байна.

 

Б.Сэлэнгэ

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (27.123.214.90)

    2016-11-10

    sharabaa chi sain bn.Turgen huustulduud saihan ordon bosgochihoo .Naan ubsiinhan chini jaahan udbal bugdiig ni zalgichihna shuu.

  • зочин (27.123.214.90)

    2016-11-10

    шараваа чи сайн байна түргэн хөөцөлдөөд сайхан ордон босгочихоо наад увсынхан чинь жаахан удвал цөмийг нь залгачихсан шүү.