Тавилан дутуу хүүхдүүдэд төрийн “ТЭВРЭЛТ” хэрэгтэй байна
- 2016-11-10
- Нийтлэл
- 0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Улаанхуаран орчимд хэзээ нэг цагт улаан байсан болов уу гэмээр нар салхинд гандсан өнгөтэй гурван давхар байшин байх нь бидний зорьж очсон Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв байлаа.
Хаяа дэрлэн байрлах ерөнхий боловсролын 53 дугаар дунд сургуулийн хашаанд хүүхдүүд тоглож шуугилдах боловч “Өнөр бүл” төвийн гадна нэг ч хүүхэд харагдсангүй. Нөгөө л хуучны арга барилаар зочин гийчид, албаны хүмүүс ирэх сургаар хүүхдүүдээ нуучихдаг юм байх даа гэсэн шүү юм бодсоор хаалгыг нь татвал харин ч халуун дулаан уур амьсгал өөдөөс угтлаа.
Түүх сөхвөл, нам төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын гэргий Анастасия ИвановнаЦэдэнбалын санаачлагаар 1974 онд энэ барилгыг барьсан ажээ. Тухайн үеийн Хүүхдийн төлөө фонд гэх томоохон санг энэ эрхэм удирдаж хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө их юм хийж байсны нэг нь хагас, бүтэн өнчин хүүхдийг асарч, хүмүүжүүлэх тус байгууллага байв. Цаг хугацаа улиран одож, улс орон эдийн засаг, санхүүгийн хүнд бэрх үеийг давж туулахдаа энэ төвийг үгүй хийчихээгүйд баярламаар. Гэвч цагийн уртад өөрийн эрхгүй л гандаж мууджээ, уг барилга. Одоогоор тус төвд 218 насны 150 гаруй хүүхэд сурч, амьдарч байгаа гэж “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг ярив. Тэдний 40 орчим нь 27 насных бөгөөд Сансарын ойролцоо байрладаг цэцэрлэгт хүмүүждэг байна. “Манайх өнөөдөр хөл хөдөлгөөн харьцангуй багатай байна. Бид жил бүр тухайн оны хичээл, хүмүүжлийн ажлын тайлангаа тавьж,урлагийнтоглолтхийдэг юм. Хүүхдүүдийн маань ихэнх нь түүнд хамрагдаж, бэлтгэлээ базаахаар Хүүхдийн ордон руу явсан” гэж төвийн захирал хэллээ.
Тус төвийн нэгдүгээр давхарт захиргаа, аж ахуй нь байрлажээ. “JTL” компанийн санхүүжилтээр засч тохижуулав” гэсэн хаягтай хоёр ч өрөө байх. Ер нь гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага ирээдүй хойч үеийн минь нэг хэсэг боловч тавилан дутуу хүүхдүүдэд сэтгэл гаргаж, гараа сунгадаг л бололтой. Ийм нэг санхүүжилтээр “Охидын шивнээ” гэх өрөөг шинээр гаргаж, тохижуулсан байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хандаж 5.0 сая ам.долларын төсөл бичиж хүргүүлсэн. Нааштайгаар шийдэгдэх байх гэж тус төвийн санхүүгийн асуудал хариуцсан дэд захирал Д.Лхагва-Очир ярьж байлаа.
Улсын төсвөөс санхүүждэг хүүхдийн хүмүүжлийн ганц төв “Өнөр бүл”-д жилдээ 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог ч түүний тэн хагасыг ажиллагсдынхаа цалин хөлсөнд олгож, үлдсэнээр нь үйл ажиллагаа, төвийн хүүхэд багачуудын хоол хүнс гэхчилэн урсгал зардалд зарцуулдаг байна. Тиймээс байр саваа тохижуулж сайжруулах, томоохон урсгал засвар хийх ч боломж олддоггүй аж. Үүнийг төр засаг, түмэн олон минь нэг харж үзэх цаг болчихжээ.
Хоёрдугаар давхарт нь охид амьдардаг аж. Ирээдүйд айл гэрийн багана болох тэдний томхон нь бага насныхныгаа харж, ханддаг гэсэн. Тус төвийн багш М.Алтанзул 10 гаруй насны охины үсийг самнан өрөөнд нь ярилцаж суухтай таарч, хэсэг хөөрөлдлөө. Захиргаа, аж ахуй, багшлан хүмүүжүүлэх боловсон хүчин нийлээд 150 гаруй хүн ажилладаг ч олон улсын стандартаар бол бас л хүрэлцээ муутай байдаг. Орой бүр хоёр, гуравдугаар давхрыг дөрвөн багш хариуцан ажиллаж хонодог байна. Өдрийн цагт бүлэг удирдсан 15 багш ажиллаж, товчхондоо аав, ээжийн үүрэг гүйцэтгэж, хичээл номноос эхлээд хувийн харилцаанд нь ч анхаардаг ажээ. Баярлууштай нь, тэдний ажилд тус дэм болохоор хамтран ажилладаг сургууль, соёлын байгууллага цөөнгүй байдаг. Тухайлбал, “Шинэ Монгол” ахлах сургууль энэ төвийн хоёр ч хүүхдийг үнэ төлбөргүй сургаж, улс хотын хэмжээний уралдаан тэмцээнд оролцуулжээ. Мөн ерөнхий боловсролын “Хөвгүүд” сургууль хичээлийн хөтөлбөрийн хоцрогдолтой зургаан хүүхдийг нь тусгайлан суралцуулахаар болжээ. Олимпын аварга Н.Түвшинбаярын шавь энэ төвд хүмүүждэг, урлан бүтээх, уран нугаралтын дугуйланд хичээллэдэг хүүхдүүд нь хот, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан, бүжгийн “МАНАН” хамтлаг нь “Авьяаслаг Монголчууд”-ын 32-т шалгарсан гээд тэдний амжилт ололтыг дурдаад байвал олон зүйлийг хэлж болохоор юм билээ. Гагцхүү тэдний амьдрах орчинд анхаарал хандуулах хэрэгтэй болчихжээ.
Бас нэг асуудал нь “Өнөр бүл” төвд сурч хүмүүжиж байсан хүүхдүүд насанд хүрээд хаачих вэ гэдэг асуудал бий. Оюутан болсон нэг нь коллеж, их дээд сургуулийнхаа дотуур байранд ядаж 3-4 жил санаа амар амьдардаг биз. Төгсөөд яах вэ гэх бөөн зовлон шаналал дунд тэдний амьдрал өнгөрдөг гэхэд хилсдэхгүй. “Өнөр бүл”- ийнхэн 18-21 насны 20-иод хүүхдээ өөрийн байрандаа амьдруулж байдаг гэсэн. Харин хоол хүнс, цахилгаан дулаан болон байрны хөлсөө өөрсдөө шийддэг гэж төвийн удирдлага танилцуулж байсан.
Тэдний нэг Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн оюутан Т.Анхцэцэгтэй хэсэгхэн хором ярилцлаа. “Бид төвийнхөө багш нар, ажилчин ажиллагсдад үнэхээр талархаж явдаг. Харж хандах, хайрлаж өрөвдөх хүнгүй бидний төлөө өдөр шөнөгүй ажиллаж, сургаж хүмүүжүүлж ирсэнд нь баярлаж байна. Тэднийхээ ач тус, хайр халамжаар өдий зэрэгт хүрсэн ч “өрх тусгаарлаж” чадахгүй яваадаа бухимдах юм. Аргагүйн эрхэнд бидний 16 хүүхэд “Залуусын төв” байгуулаад дүү нараа харж, хичээл номонд нь туслаад эндээ байж байна” гэв. Тэдний өрөөгөөр орж сонирхоход хананд нь арваад зураг хадсан байлаа. Бүгд Т.Анхцэцэгийн бүтээл. Байгалийн голдуу түүний зурагт хар бараан өнгө давамгайлж, ихэвчлэн шөнийг дүрсэлсэн нь өвөрмөц сонин санагдсан ч түүнээс асууж зүрхэлсэнгүй. Тус төвийн байрны шатаар өгсч явахад ханан дээрх “Ухаантай хариулт сонсъё гэвэл ухаантай асуулт тавьж сур” гэсэн хэний ч юм хэлсэн үгийг уншсан маань нөлөөлсөн байж магадгүй.
Гуравдугаар давхарт өрөөндөө 3-4-үүлээ амьдардаг хөвгүүдийн байр ч охидынхоос дутахгүй цэвэр цэмцгэр юм. Сураг сонсох нь ээ, өрөөнүүдийн дунд уралдаан зарлаад удаж байгаа гэнэ. Түрүүлсэн өрөөнийхөн долоо хоногтоо тодорхой урамшуулалтай байдаг гэж М.Алтанзул багш хэлсэн. “Өнөр бүл” төвөөр ийнхүү зочлоод доош бууж нэг давхарт очихдоо үүдний өрөөнд хайрцаглаж савлаад тавьчихсан байсан хувцас, хичээлийн хэрэгслийн талаар асууж сураглахаа мартсангүй. Тус төвийн багш, ажилчид болон хүүхдүүд өөрсдийн хэрэгцээнээс илүүчилж Улаанчулуутын хогийн цэг дээр амьдарч байгаа хүүхдүүдэд хандив өргөхөөр цуглуулсан эд зүйл юм байж. “Сэтгэлийг сэтгэлээр л олж авдаг” гэсэн үгс хананд хадаастай байсан санагдав. “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг “Бид хүүхдүүддээ өглөө бүр тэврэлт бэлэглэдэг болсон. Энэ нь тэднийг нэг талаар нялхамсуулж, нөгөө талаар итгэл хайрын дулаан илч, сэтгэлийн хүч хайрлана гэж үзсэн хэрэг. Хүүхдүүд маань ч тэврүүлэх дуртай” гэж хэлэхэд нь самсаа шархирч л суулаа.
Өөрсдийнхөө орон байрны асуудлаа ч шийдэж чадаагүй, ур чадварын гэх мэт багахан нэмэгдлээ хасуулчихсан хэрнээ л өрөөлийн хүүхдийн төлөө аж амьдралынхаа олон цагийг зарж барж яваа энэ хүмүүст талархахаас өөр яахсан билээ. Бусдын үрсийн өмнөөс сэтгэл хайж яваа энэ хамт олон, өрийг нь өмлөн тийчилж, өврийг нь төнхөж өсөөгүй ч тэдний хайр энэрэлд хугасхан боловч жаргаж яваа тэр л хүүхдүүдэд төр, засгийн хараа хяналт, хөрөнгө санхүүгийн туслалцаа дэмжлэг дутагдаж байдаг юм байна.
СЭТГҮҮЛЧ Д.МӨНХЖАРГАЛ

Сэтгэгдэл (0)